8o
Улаанбаатар хот
mobile menu

Эсрэг, тэсрэг байр суурь ба Арбитрийн хуулийг тойрсон маргаан

2017-01-25 13:48:38

Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хуулийг дэмжиж байгаа ч дагалдах хуулийг нь дэмжихгүй. Эх орноо худалдах гэж байна” гэж хуулийн төслийг хойшлуулахыг хүссэн. Энэхүү шүүмжлэлд УИХ-ын гишүүд түүнд хариу өгч, хуулийн төслөө уншихыг зөвлөн микрофон ашиглаж асуудлыг мушгин гуйвуулж иргэдийн санаа бодолд сөргөөр нөлөөлж улс төр хийхгүй байхыг хүссэн юм. ХЗБХ-оор Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр дээрх маргаантай холбоотой гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр уг асуудлаар байр, сууриа илэрхийлж мэдээлэл хийсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Газрын тосны хууль, Эрчим хүчний хууль, Цахилгаан харилцаа холбооны тухай хууль гээд хуулиудад өөрчлөлт оруулах гэж  байна. Үүнийг дэмжихгүй. Би өнгөрсөн парламентад Арбитрийн хуулийн ажлын хэсгийг ахалж байсан. Тодорхой компаниуд дагалдах хуулиудад өөрчлөлт оруулж байж өөрсдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилготой байдаг гэж би анзаарсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой зориудаар оруулж ирсэн асуудлууд дээр буюу дагалдах хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд албан бичиг илгээсэн. Өөрөөр хэлбэл Арбитрийн хуулийн дагалдах хуульд өөрчлөлт орсноор үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсэх үү үгүй юу тухай санал зөвлөмж орж ирэх ёстой. Тусгаар тогтносон аливаа улсын хувьд шүүхэд ханддаг байх хэрэгтэй. Арбитрийн хуулийг дэмжиж байна гэхдээ дагалдах хуулийг дэмжихгүй байна.  

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

О.Баасанхүү гишүүн өнөөдөр чуулганы хуралдаан үзэж байгаа, телевиз үзэж байгаа иргэд хуулийн төслийг уншаагүй, судлаагүй байгааг далимдуулаад мушгиад ярьчихаж байгаа юм. Эрчим хүчний хуулиа хар, Банкны тухай хуулиа хар, Газрын тосны, Хот суурингийн хуулиа хар гээд л болохоо больчихсон юм шигээр яриад эхлэхээр иргэд “Нээрээ юу болчихсон юм бол. Нөгөө хулгайч нар чинь эх орноо худалдах гэж байгаа юм байна” гээд боддог болчихсон. Ийм байдлаар ярьж байхаа болиочээ. Үндэсний эрх ашигт эрсдэл үүсэх өөрчлөлт дагалдах хуульд орох гэж байна гээд байгаад хариу тайлбар өгье. Газрын тосны тухай хуульд “маргааныг” гэснийг “арбитрийн хэлэлцээртэй бол арбитрийн журмаар, бусад тохиолдолд” гэж, 

- Эрчим хүчний тухай хуульд “ажилтны” гэснийг “албан тушаалтны” болгож, “10 хоногийн” гэснийг “ажлын 10 хоногийн” болгож, 

- Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд “арбитр” гэснийг арбитрийн журмаар” гэж 

- Векселийн тухай хуульд “шүүх” гэсний дараа “арбитр” гэж, маргааныг гэсний дараа “шүүх, арбитрын хэлэлцээртэй бол арбитрийн журмаар” гэж

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын туай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд “маргааныг” гэсний дараа “арбитрийн хэлэлцээртэй бол арбитрын журмаар бусад тохиолдолд” гэж гэх мэтээр нэг үгийн л өөрчлөлтүүд орсон байгаа. Түүнээс биш ямар ч утга агуулын өөрчлөлт орж, эх орноо худалдах гэсэн ойлголт байхгүй. 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: 

О. Баасанхүү гишүүн хуулийн төслийг гуйвуулж яриад байна л даа.  Аливаа маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлэх байсан сонголтыг талууд тохиролцож гэрээндээ тусгасан бол Арбитраар  шийдүүлдэг болох боломжийг л нээж байгаа. Хуулийг буруу тийш нь чирэх гээд байх юм.  Талуудын эрх ашгийг хамгаалах хамгийн өргөн боломжийг олгох, институтаар маргаан шийдүүлэх боломж олгож байгаа асуудал. Энэ хуулийг Монгол улсын Арбитрыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, зөвхөн шүүхэд бус Арбитрт маргаанаа шийдүүлэх боломжийг нээж байгаа асуудал. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Бид О.Баасанхүү гишүүний хэлдгээр харилцаа холбооны салбарт гарсан бүх маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлэнэ гээд түүнийг нь гадна дотныхон зөвшөөрдөг бол түүнээс амархан зүйл байхгүй. Жишээлэхэд Японы засгийн газраас, Азийн хөгжлийн банкнаас эсвэл хувийн компаниас зээл өгөхдөө зээлийн гэрээ хийж түүндээ зээлтэй холбооотой маргааныг ОУ-ын Арбитраар шийдүүлнэ гэдэг. Таны хэлдгээр “Үгүй. Зөвхөн монголын шүүхээр шийдүүлнэ” гээд зүтгэвэл нөгөө зээл олгогч чинь үргээд, гараад явчихна. Дотоодын аж ахуй нэгжтэй хийж байгаа гэрэээнд болно л доо. Монголын хууль юм уу шүүхийг дээш доош оруулах асуудал байхгүй ээ. Улс орноо хорлох үймүүлэх асуудал байхгүй гэдгийг О.Баасанхүү гишүүнд хэлье. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

“Иргэний хуультай холбоотой 2014, 2015 онд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 40, 30 мянган маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн. Гэтэл монголын Арбитр дээр 40, 70-хан маргааныг жилдээ шийдэж байна. Заавал шүүхэд очихгүйгээр Арбитраар маргаанаа шийддэг байх бололцоог нээж өгч байна. Өнөөдөр яагаад монголдоо биш гадаадад маргаанаа шийдүүлээд байна вэ гэхээд манай улсын Арбитрийн хуулийн орчин сул учраас Лондон, Сингапур, Хонконгт очиж асуудлаа шийдүүлээд байна. Хэрэв дэлхийн жишигт нийцсэн, шаардлага хангасан хуультай болчихвол өөрийн эх орондоо Арбитраар маргаанаа шийдүүлж олон нийт Арбитрт итгэх итгэлтэй болж энэ нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар ашигтай хууль юм. Битгий асуудлыг мушгиж гуйвуулж байгаачээ. О.Баасанхүү гишүүнээ, хэцүү байна аа. Танк орж ирнэ гэж байгаад төмөр замаа зогсоодогтой адилхан юм болж байна. Байнга мушгиж гуйвуулж яриад эх оронч царайлбал шударга болно гэж боддог юм уу хаашаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

“Алтан Дорнод”-ын шийдвэр гадаадад гарч байхад атаархаж байсан шүү. Тухайн үед ямар ч байсан Арбитрт хандах хэрэгтэй гээд хандсан. Ил далд янз бүрийн яриа гардаг л юм билээ. Гэхдээ тэр үед 160 хуудастай шийдвэр монголын талд гарсан юм. “Хан ресурс”-ын маргаанд бид зөв хандсан бол яаах байсан бол гэж боддог л юм. Хэрэв монголын Арбитр шударга ажиллаад ирвэл хөрөнгө оруулагч нарыг татах боломжтой. Шүүхээр орсон асуудал Арбитраар ордоггүй, Арбитраар орсон асуудал шүүхээр ордоггүй байх ёстой шүү.

 

Т.Энхэлээ
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment