Өнөөг хүртэл манай улс залуучуудад зориулсан хуульгүй явж ирсэн. Тэгвэл Монголд анх удаа залуучуудаа хөгжүүлэх, тэдэнд тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьсон хуулийн төслийг боловсруулжээ. Энэ талаар тодруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
-Манай улс өнөөг хүртэл залуучуудад зориулсан тусгай хууль батлаж байгаагүй юм байна. Тэгвэл залуучуудад тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьсон энэ хуулийн төслийг боловсруулах цаг үеийн хэрэгцээ шаардлага сонирхол татаж байна?
-Энэ хуулийн төслийг манай яамнаас олон талт судалгаа, дэлхий нийтийн чиг хандлага, Монголын залууст тулгарч байгаа түгээмэл асуудлууд гээд зайлшгүй харгалзан үзэх олон хүчин зүйлүүдийг судлаж боловсруулсан юм. Залуучууд хуультай байх ёстой гэж өнгөцхөн хандсан юм биш ээ. Зайлшгүй цогц бодлого гаргах, хууль эрх зүйн тодорхой зохицуулалттай болох нийгмийн шаардлага бий болж байна. Хэдий залуучуудын гэх нэршилтэй боловч улс орны хөгжлийн зангилаа асуудлууд багтаж байгаа нь энэ хуулийн амин сүнс гэж хэлж болно. Хуулийн төслийг хууль тогтоох дээд байгууллагад өргөн бариад байна. УИХ-аас ажлын хэсэг гарч олны хэлдэгээр “шүүсийг” нь шахаж байж батлах байхаа. Манай улсын таван хүн тутмын нэг нь 15-24 насныхан, нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад хүн амын насжилтын хувьд харьцангуй залуу бүтэцтэй улс гэсэн үг. Залуучууд улсынхаа нүүр царай төдийгүй бүтээгч томоохон хүч. Ажиллах хүчний гол нөөц. соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлж, цаашид дамжуулагчид шүү дээ.
Тиймээс аль болохоор л залуучуудынхаа оролцоог нэмэгдүүлж, тэднийгээ хөгжүүлж, боловсролтой, ажилсаг, эх оронч, бүтээлч болгох тусам хөгжлийн хурдад хүч нэмнэ. Бас манай улсын хувьд “Хүн ам зүйн цонх”-ны үе тохиож байгаа. Тодотгож хэлбэл, хөдөлмөрийн насныхан хүн амын дийлэнхи хувийг эзэлж байгаа хэрэг. Тэгэхээр энэ онцлогийг түшиглэсэн тэр дундаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, “цонх үе”-ийг зохистой ашиглаж чадвал бүтээмж нэмэгдэж, хуримтал зузаарч, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд авчирч чадна. Манай улс төрөөс залуучуудыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр 1998-2005 онд "Залуучуудын үндэсний хөтөлбөр", 2006-2015 онд “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлсэн байдаг. Гэхдээ одоогоор залуучуудад чиглэсэн цогц бодлого, хөтөлбөр алга.
Зах зээлийн харилцаанд шилжсэн 27 жилийн түүхэнд улстөр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас залуучуудын талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого харилцан уялдаагүй явж ирсэн тал ажиглагддаг. Тухайлбал, өнөөдөр манай улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зохистой харилцаа алдагдчихаад байгаа. Диплом өвөртлөсөн дээд мэргэжилтнүүд олширч, мэргэжилтэй ажилтан цөөдөөд байна. Улсын хэмжээнд бүртгэлгүй ажилгүй иргэдийн 61.4 хувь буюу 29.2 мянган хүн 34 хүртэлх насны залуучууд байна гэсэн судалгаа гарлаа. Үүнээс харахад залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжиж, ажилтай, орлоготой болгоход зайлшгүй анхаарахаас аргагүй болж байгаа юм. Зөвхөн хөдөлмөр эрхлэлт ч гэлтгүй эрүүл мэнд, боловсрол, хувь хүний хөгжил гээд залуучуудын хөгжлийг дэмжих нь хугацаа алдахгүй хэрэгжүүлэх алхамуудын нэг.
- Залуучуудыг ямар аргаар хэрхэн дэмжих вэ?
- Залуучуудыг халамжлах, халамж хүртээх гэхээсээ илүү хөдөлмөрлөх, бүтээх, хөгжүүлэхэд чиглэсэн, дэмжсэн хууль гарах юм. Монгол Улсын иргэн 15-34 насны залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд энэ хууль үйлчилнэ. Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллага, залуучуудын байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтыг оруулсан байгаа. Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлийг байгуулна. Ингэснээрээ залуучууд шийдвэр гаргах түвшинд оролцох үүд нээгдэнэ. Төрөөс хувь хүний хөгжил, боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн чиглэлээр дэмжлэг үзүүлэх юм. Сургалтын хөтөлбөрт амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хичээлийн агуулгыг тусгана. Залуучуудыг хувиараа бизнес эрхлэх, гарааныхаа бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвар, хариуцлагатай иргэн болж төлөвшүүлэхийн тулд цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучууд хүсэлтээрээ суралцаж болно.
Хэрвээ оюутан 90 хоног суралцлаа гэхэд оюутнуудын хичээлийн кредитэд тооцуулна. Эрүүл мэндийн чиглэлээр оюутнуудыг сургалтын төлбөрөөсөө эрүүл мэндийн даатгал төлдөг, эргээд харьяалал шаардахгүйгээр дуртай эмнэлэг дээрээ очоод үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгссөн төгсөгчдийг тухайн жилд нь мэргэжлийнх нь дагуу байнгын ажлын байраар хангасан ажил олгогчийг ч дэмжих заалт оруулсан байгаа. Хэрвээ ажилгүй залуучуудыг үйлдвэрлэл дээр сургаж байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгоно зэрэг тодорхой зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан байгаа. Монголд хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдээд гарч байгаа залуучуудын 30 хувь нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн мэргэжилтэй ажилтнууд. 70 хувь нь их, дээд сургууль төгссөн дээд мэргэжилтнүүд. Гэтэл ажлын байрны судалгаа хийхэд 70 хувьд нь мэргэжилтэй боловсон хүчин хэрэгтэй байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтийг ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, ойрын ирээдүйд ямар мэргэжилтэн бэлтгэх талаар их дээд сургуулиудын бодлоготой зангидах чухал байгаа юм. Ийм зохицуулалт ч орсон байгаа. 10000 орчим залуучуудын дунд түүвэр судалгаа хийхэд 10 залуу өрх тутмын нэг нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулсан байсан. Энэ хуулийг баталснаар залуу гэр бүлүүд хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчин бүрдэх юм.
-Залуучуудад зориулж багагүй л дэмжлэг үзүүлэх юм байна. Тэгэхээр санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
- Үүнийг төсөв хүндрэлтэй байгаа үед ачаалал үүсгэхгүйгээр шийдэх боломжтой. Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Орон нутгийг хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөнөөс заримыг нь, үлдснийг нь залуучуудыг дэмжих төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдэе гэж байгаа.
-Зарим судлаачид залуучуудын гэж онцгойлсон хууль гаргах хэрэггүй гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Хэтэрхий асуудлыг нарийвчлах тусам төвөгтэй болдог гээд л?
-Залуучуудын тухай хуультай бас хуульгүй ч орон бий. Заавал байх ёстой гэсэн хатуу тогтсон дүрэмгүй. Гэхдээ улс орон болгон өөрийн гэсэн онцлогтой. Хэн нэгнийг дуурайснаараа, аль нэг оронд хэрэгжүүлж байгаа хувилбарыг үг, үсэггүй хуулснаараа асуудлыг шийдчихгүй. Үүссэн нөхцөл байдал, тулгамдаж байгаа бэрхшээл, бодлогын уялдаа холбоо гээд дотоодынхоо олон хүчин зүйлийг судалж, дэлхий нийтийн жишгийг харж, Монголынхоо хөрсөн дээр хэрэгжих, оновчтой зохицуулалттай болохын төлөө ажиллах нь бидний үүрэг. Залуучуудын байгууллагад олон жил ажиллаж тэдэнд тулгардаг зүйлсийг сайн мэдэх хүний хувьд залуучуудаа буюу тэдний ид хөдөлмөрлөх үеийн хүчний бөөгнөрлийг улс орноо хөгжүүлэхэд чиглүүлэн бодлогоор дэмжих нь эртдэх биш харин ч оройтож байна гэж боддог. Яагаад гэвэл дээр хэлсчлэн “Хүн амын цонх үе” байнга тохиодог зүйл биш. Тиймээс ийм эрхзүйн зохицуулалттай болж, араас нь олон оновчтой бодлого хэрэгжиж, дэмжсэн хөтөлбөрүүд гарч , Монголын залуус үр шимийг хүртэх нь чухал.
-Ийм хууль боловсруулахад судалгааг ямар чиглэлээр түлхүү хийсэн вэ?
-Залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилгоор судалгаа хийсэн. Үүнд оролцсон 18-40 насны залуучуудын 44.8 хувь нь орон сууц, 27.3 хувь нь хөдөлмөр эрхлэлт, 18 хувь чанаргүй боловсрол хамгийн тулгамдаж байгаа асуудал гэж хариулсан байна. Харин ахмад үеийн зүгээс залуучуудын эх оронч үзэл, бие даах чадвар, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжлийн талаар сэтгэл дундуур явдагаа илэрхийлсэн байх жишээний.
Хөгжилтэй орнуудад явуулсан судалгааны дүн манайхаас эсрэгээрээ гардаг юм билээ. Залуучууд орон сууц гэхээсээ илүү боловсролын асуудлыг хөнддөг. Тэд боловсрол эзэмшиж, сургуулиа төгсвөл ажилтай, орлоготой болно, цалинтай болоод зээлээр орон байртай болж нийгмийн асуудлаа шийднэ гэсэн бат итгэлтэй байдаг. Харин манайд урвуугаараа буюу орон сууц л чухал гэж онцлоод байгаагаас харахад цалинтай, ажилтай боллоо ч нийгмийн асуудлаа шийдэж чаддаггүйг харуулж буй юм. Энэ нь бодлогод чинь алдаа байна, түүнийг засч сайжруул гэсэн дохио. Гурван сая хүнрүүгээ хандсан оновчтой бодлого гаргахын тулд цээжний пангаар биш судалгаанд суурилж байх нь өөрөө чухал. Ер нь тэгээд ч “өвчнийнхөө” оношийг зөв тогтоож, оносон эмчилгээ хийж байж эдгэрнэ шүү дээ. Түүнтэй л адил.
Гурван сая хүний ирээдүйн төлөв, 800 мянган өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой байхад нь яаж анхаарах, зайлшгүй халамж шаардсан бүлгийг ямархуу байдлаар түлхүү дэмжих үү гээд нарийвчлан судалгаанууд хийхийг зорьж байна. Хүн ам зүйн хэтийн төлөв байдал дээрээ уялдуулаад зарим нийгмийн шинж чанартай шийдвэрүүд гаргаад явах юм. Мөн МАН-ын дэргэдэх НАМЗХ нь залуучуудын дуу хоолойг сонсох, тэндэнд тулгарч байгаа асуудлыг судлах, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр сонгуулийн өмнөх хоёр жилд томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсныг сэтгүүлчид андахгүй мэдэж байгаа байх.
Аймаг болгонд “1000 залуус”-ын чуулга уулзалт зохион байгуулж, 27300 залуусыг судалгаанд хамруулсан. Салбар салбарын төлөөллөөс бүрдсэн 15 эрдэмтэн, судлаачтай хамтарсан баг суурь судалгааг гаргасан л даа. Дээд боловсролын чанар, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээлийн үр ашиг, зах зээлийн судалгаа, технологийн бэлэн байдал, дэд бүтэц, макро эдийн засаг, инноваци гээд онцлох ёстой олон сэдвийг хамарч судалгааны дүн гарсан юм. Судалгааны дүнд үндэслэн НАМЗХ дунд болон урт хугацаандаа ямар чиг шугам баримталж ажиллахаа тодорхойлохоос гадна МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулсан юм. Очсон газар бүрт залуучууд нутаг орондоо тогтвор суурьшилтай ажиллах бололцоо, мэргэжлийнхээ чиглэлээр сургалт дамжаанд хамрагдах боломж, орон байртай болоход бодлогын зохицуулалт хэрэгтэйг онцолж байсан. Тиймээс эрх баригч нам Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт тусгаснаа биелүүлж, залуучуудаа хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, олон мянган залууст эх орондоо сэтгэл дүүрэн ажиллаж амьдрах боломж бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Та олон жил залуучуудын байгууллагад ажиллаж байгаа. Цаашид энэ хуулиас гадна залуучуудын төлөө шат дараатай ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна?
-Би залуучуудын байгууллагаар овоглоод 17 жил ажиллаж байна. Ажлын гараагаа ч эрч хүчээр дүүрэн залуучуудын байгууллагаас эхэлснийгээ азтай гэж боддог. Түүнээс хойш хийж хэрэгжүүлж ирсэн ажил бүхэн маань залуучуудтай холбоотой, ойр байж. Нийгэмд чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд хамгийн их үүрэг, хариуцлагатай байж, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэх хүч нь яах аргагүй залуучууд. Тэд гар бие оролцон манлайлах тусам Монгол орон улам хөгжиж, хүн ард нь сэтгэл тэнэгэр, бухимдал стресс багатай амьдарна гэж итгэдэг. Тийм болохоор залуучуудыгаа хөгжүүлэх бодлогыг шат дараатай хэрэгжүүлэхийг маш их дэмжиж ажиллаж байгаа. Залуучуудыг дэмжих тухай хуулийн төсөл батлагдсны дараа Засгийн газраас “Залуучуудын хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Мөн мэргэжилтэй боловсон хүчнээ хэрхэн боловсролын бодлоготой уялдуулж бэлтгэх, залууст зориулсан орон сууцны хөтөлбөр, эрүүл мэндийн дэмжлэг зэргийг яаж үр өгөөжтэйгээр шийдэх үү гээд хийх ажил их бий.
-Нийгмийн хөгжлийн хамгийн том хүчийг ийнхүү төрийн бодлогын хүрээнд авчирч удахгүй шийдэл нь тодорхой болох нь. Харин Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай хууль саяхан батлагдан гарлаа. Энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн хууль ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Гэр бүлийн хүчирхийлэл улам нэмэгдэж, хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжиж байгаа учир хуулийн нарийвчилсан зохицуулалтыг нэмж тусгахаас аргагүй болсон. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2010 оноос хойш 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас ойр дотныхоо хүний гарт амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Хуулийн хэрэгжилт сулхан, зохицуулалт оновчтой бус, эрх бүхий байгууллагуудын оролцоо хэт ерөнхий, салангид байгаагаас болоод хохирогчийг хамгаалах хамгаалалт тааруухан байсан юм. Харин нэмэлт өөрчлөлт оруулснаар хохирогчид үйлчилгээ үзүүлэх бүтэц бий болж, гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг авдаг байгууллага, албан тушаалтан тодорхой болсон гээд олон зохицуулалтууд нэмэгдлээ. Мөн хүчирхийллийн зарим ноцтой үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох, салбар дундын зохицуулалтыг бий болгох зэрэг олон харилцаа, хэм хэмжээг шинээр тусгасан байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн иргэний маргааны хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж зөрчил гэж үзэхээр болж байгаа. Үүнээс хамаараад шийтгэл, хариуцлага нь чангарч буй. Хохирогчдын олонх нь хуулийн хамгаалалтын гадна үлддэг байсныг өөрчлөх эрх зүйн зохицуулалтыг тусгаснаараа давуу талтай юм.
-Танай яамнаас Гэр бүлийн тухай хуулийг мөн шинэчлэн боловсруулж байгаа юм байна. Ямар өөрчлөлт тусгагдаж байгаа бэ?
-Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. Шинэчлэн найруулах төслийг боловсруулаад өргөн барихад бэлэн болоод байгаа. Одоо хэрэгжиж байгаа хуулиас юугаараа өөр юм гэхээр, гэр бүлийн хариуцлагыг тодорхой болгож, гэр бүлийн хөгжлийг дэмжих зохицуулалтууд орсноороо ялгарна. Гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрагчид өссөн, гэр бүл цуцлалт олширсон, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн гээд яривал олон зүйл бий. Гэр бүл салалтанд хамгийн их хохирдог нь хүүхэд. Хүүхдийн тэтгэлэг төлөгдөхгүй, хүүхдэд тавих анхаарал, халамж суларч байгаа зэрэг хүмүүжилд нь сөрөг нөлөө ихэсдэг. Зарим салсан эцэг, эхчүүд хүүхдийнхээ тэтгэлгийг ухамсараараа төлдөггүй байдал нийтлэг. Тиймээс заавал тэтгэлэг төлүүлэх хөшүүрэгтэй болгохыг зорьж байгаа. Хүүхдийн тэтгэлгийн сан байгуулж, үл маргах журмаар тэтгэлгийг гаргуулна. Хэрвээ санд төлөхгүй бол албадлагын арга хэмжээг авахаар оруулсан.Тэгэхээр тэтгэлэг төлнө гэж хэлчихээд өгсөн ч юм байхгүй зугтаачих бололцоогүй болно. Тухайн хүн хооронд биш санд хүүхдийн тэтгэлгийг заавал төлөх юм. Тэндээсээ хүүхдийн тэтгэлгийг хуваарилна гэсэн үг. Гэр бүлийн орхигдсон эсвэл зохицуулалтгүй байгаа асуудлыг хэрхэх тухай нэлээд судалж, боловсруулж байна.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
С.Алтан