8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун болгож өөрчлөхийг дэмжив

2017-01-25 14:08:50

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан.
 
Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт  415012 га талбайг эзлэн оршдог.
 
Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.
 
Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм.  Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Мөн Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон аж.
 
Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг онцолж байсан.
 
Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ.
 
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
 
-Сайхан уул усны нэрийг зохиосон улс та бид биш. Сайхан Өндөр хаан хотыг Чингис хаан хот болгосон. Хэнтий хан уулын нэрийг Монголын ард түмэн л олгосон. Хэнтий хан уулыг Бурхан халдун уул болгочихвол Хэнтий гэсэн нэр нь алга болох юм байна.
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
 
-Бага Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан уул. Нэрийг нь соливол Асралт хайрхан уул. Хуучин ЗХУ-ын үед зураглал хийхдээ Хан Хэнтий уул гэж нэрлэсэн. Монголчуудын шүтээн уул. Хан Хэнтий нурууны нэрийг өөрчлөх асуудал байхгүй.
 
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол:
 
-ЮНЕСКО-гийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Тиймээс Бурхан Халдун нэрийг албан ЮНЕСКО-д бүртгүүлсэн нэрээр нь бүртгэлжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Түүнээс бус Хан Хэнтий нурууны нэрийг өөрчлөхгүй. Хэрвээ энэ нэрээр бүртгэлжүүлвэл ЮНЕСКО-гийн хамгаалалтад ч авах боломж бүрдэнэ. Ингэж нэрлэснээр ямар нэг төсөв мөнгө гарахгүй.
 
Байнгын хорооны дарга Ц.Гарамжав:
 
-Энэ уулийг XIII зуунд их хориг тавьж, хамгаалж байсан. Бурхан Халдун нэр зөвхөн манайд биш. Өөр улс оронд ч байдаг. Тиймээс бид энэ нэрээ бүртгэлжүүлэх хэрэгтэй юм байна. Энэ төсөлд Хэнтий хан уулын Бурхан Халдун уулыг нэрээр нь бүртгэлжүүлье гэж оруулах байжээ. Бид мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын саналыг авсан. Бурхан Халдун уул гэдэг нь тогтоогдсон.
 
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Хэнтий хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн 100 хувийн саналаар энэ хуулийн төсөл дэмжигдэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2017/01/25 66.181.189.156
KK
odoo Ulaanbaatar aa Utaanbaatar bolgooroi,uur ch sonin yum alga daa kk,amjilt husie MANGARUUDAA
2017/01/25 202.179.27.46
  • Recent
  • Most Read
  • Most Comment