8o
Улаанбаатар хот
mobile menu

Ялагдлын шокноос Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа эхлэв үү

2017-01-26 11:01:00

АН-ыг тал талаас нь амтархан долоож, бялуу мэт зүсэм зүсмээр тарааж байсан үе бий. Унадаг машин, суудаг байшин, эрхэлдэг бизнестэйгээ адил санасан нь ч байх. Мөнгө мэт булаацалдаж, зоос мэт зодолдон өвөрлөсөн хэсэг ч бас байдаг. Тэмцэл ширүүн, ялагч цөөн байх тусмаа АН улам бүр жижгэрч, удаад нь давжаарсан. Дэлхий жижигхэн юм даа гэдэгтэй адил саяхныг хүртэл хамгийн амттай хэрчим хэвээр байсан АН тавхан хүний гарын атганд багтах болтлоо агшив. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд санаанд оромгүй ялагдал хүлээж, парламентад есхөн суудалтай үлдэхэд нь АН-ыг бүгд хаяв. Уйдсан сэтгэл, урвасан хайр мэт хаяв. Тэгэхэд АН эзэнгүйдэн хоцорч, лидер хийгээд лойдорууд нь микрофон болгоноос айж, камер болгоноос зугтав. Хэдэн сар үргэлжилсэн эл ялагдлын шоктойгоо хамт АН Орон нутгийн сонгуульд хөл тавьсан нь үнэн юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат " Сонгуулийн менежэрээр ажиллах болоод Архангайд яваад очлоо. Манай нам ялагдчихсан юм чинь гээд нэр дэвших хүнгүй, бие биенээ буруутгасан хүмүүс угтсан. Тэр үед орон даяар АН ийм байдалтай байсан гэж би боддог" хэмээн үнэн байдлыг ил тод хэлсэн байх юм. АН, Монголын ардчилал хоёрт хэзээ хэзээнээс илүү яг одоо л гишүүд дэмжигчдийнх нь хичээл зүтгэл хэрэгтэй байна гэдгийг ярьж ойлгуулснаар намын байрандаа бор шувуу шиг цуглаж суугаад сонгуулийн төлөвлөгөөгөө гаргаж байсныг ч тэрбээр дурджээ.


Магадгүй энэ дүр зураг ардчиллын залуус ухуулах хуудас хэвлүүлэх, түгээх тухай сэм зөвлөлдөж, соц нийгмийг өөрчлөхөөр нэгдэж байсан Цагаан морин жилийн тэр л эхлэлийг санагдуулж байж болох. Тэр үед АН-ынханд хар хийгээд хор, өш хонзон хийгээд өмч хөрөнгө, эрх мэдлийн аль нь ч байгаагүй юм. Тиймээс ч эвдрэлцэх, итгэл алдах, нэг нэгнийгээ татаж унагах шалтгаан байсангүй. Эдүгээ 26 жилийн дараа энэ намын эрх мэдэлтнүүд МАН, МАХН зэрэг хөндлөнгийн хүчин зүйлээс илүүтэй, өөрөө өөрсдөөсөө айж, өрөөлийн суганд нуугдахаас бусдыг хийдэг болов. Үр дүнд нь дотоод итгэлцлээ нураан хаяж, эв нэгдлээ гээв. Харин Орон нутгийн сонгууль АН-ын зүрх дахин цохилж эхэлснийг сануулан, нийт 104 суманд иргэдийн хурлын 2600 төлөөлөгчтэй болсон. Тэгвэл эдүгээ АН-аар улс орон давалгаалж байна. АН-ын даргын сунгаа эх орон даяар үргэлжилж, ардчилсан сонгуулийн зарчмаар удирдлагаа сонгож буй анхны улс төрийн хүчин энэ нам боллоо. Таван тийшээ тарж ойчсон АН-д эв нэгдэл, итгэлцэл авчирсан хэмээх хүндэтгэлийг зүй ёсоор хүлээдэг Н.Алтанхуяг "Бид бол гарын таван хуруу" хэмээн нэг бус удаа онцлов. Ж.Батзандан " Бидний хэн нь ч ялсан нэг нэгнийхээ туршлага, зөвлөгөөг цаашид сонсож явах болно" гэж зөөлрөв. Д.Эрдэнэбат " Магадгүй энэ сунгааны дараа бид тав салж чадахаа болих байх" гэж өөриймсөв. С.Эрдэнэ " Хүнээ дээдэлсэн нийгмийг хамтдаа бүтээхийг эрмэлзэж байна" хэмээн хань татав. Лу.Гантөмөр " АН-ын шинэчлэл ардчиллын шинэчлэл байх болно. Үүний төлөө бид зүтгэнэ" хэмээн дагаж ханарав. Ийнхүү анх гараанд гарахдаа зөрчлөөр амьсгалж байсан "Гарын таван хуруу" нэг асуудал дээр ч гэсэн багцалсан сум мэт ижилслээ. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд АН-ын даргын сунгаанд нэр дэвшсэн дээрх эрхмүүд эх орноо тойрч, эгэл гишүүдтэйгээ уулзахаар мордохдоо олон түмний итгэл найдвар эмээл юуг нь засч, эвдэрсэн эвийг нь эвлүүлэхийн чинээ санаагүй биз. Ямартай ч ардчиллыг хайрладаг хүн бүрийн сэтгэлд дахин итгэл найдвар, урам зориг авчирч чадсан энэхүү сунгааны явц аажимдаа Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа болон хүрээ тэлж, хаяа сунгалаа.


Монголын ардчилал цаашдаа хэрхэн зөв хөгжилд хүрэх вэ, яавал алдсанаа залруулж, оносноо омогшуулж чадах вэ, ардчилсан нийгмийн мөн чанар, үнэлэмжийг хэрхэн дээшлүүлэх вэ гэсэн олон олон үзэл бодлын тэнцвэрийг ард түмэн эрэлхийлж байна. Тэр тусмаа сонгуулиас хойш зориуд гэмээр өндрөө авч буй муу л бол ардчилал, муухай л бол АН гэх суртал ухуулгын шинжтэй эрх баригчдын хандлага, АН-д хүчин зүтгэснийх нь төлөө төрийн албан хаагчдыг ажлаас халж, амьжиргаанаас нь салгах аргаар шийтгэн хашрааж буй байдал өнөө ч үргэлжилсээр буй тохиолдолд ямар нэгэн гарц олох нь зүй ёсны шаардлага юм. Алим модноосоо хол унадаггүй гэгчээр АН эрх мэдэлд бялуурч, эвдэрлээ эвдэрлээ гэхэд ардчилалтайгаа гэдгийг нотолсон үйл явдлууд нэр дэвшигчдийн уулзалтыг тойрон үргэлжилж буйг энд дурдъя. Нөгөө талд ардчиллын гажуудлыг засч чадах үзэл санааны үндэс АН-д бий гэдгийг олж харах боломжийг энэхүү сунгааны явц харуулав. Эдүгээ АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, С.Эрдэнэ нарын зочлоод гарсан нутгийн иргэд нүдэндээ галтай, сэтгэлдээ итгэлтэй үлдэж, зориод мордсон аймаг сумынхан улаан булан, Соёлын төвөө галлан, хэлэх үг, асуух асуултаа бэлдэн хүлээж байна. Ардчилсан шинж чанар, хэм хэмжээг төрөөсөө, эрх баригчдаас нэхэх Үндсэн хуулийн эрхтэй ард түмэн гэдгийг нь энэ сунгаа монголчуудад сануулж эхэллээ.


Чухам яагаад Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа гэж нэрлэв гэсэн асуулт гарч ирнэ. Монгол Улс ардчилсан нийгмийг хөгжлийн чиг баримжаа болгон сонгосноос хойш цаг үе өөрчлөгдөж, цадиг түүх нэгэнтээ эргэлээ. Хүсээд байсан ардчилал хүзүүгээр татахын цагт хувь хүн өөрөө ардчилагч , лидер гэгдэгсэд нь удирдагч байж чадахгүй тохиолдол нэг бус гарлаа. Олон олон эрх ашигаа золиослон байж авчирсан ардчиллаа АН-ын лидер гэгддэг эрхмүүд өөрсдөө өш хонзон, эрх мэдэл хэмээх өршөөлгүй зэвсгээр алахыг ч харлаа. Улс төрийн хэт баруунжсан тоглолтын хөлд угжтай ардчилал үрэгдэж болохыг ч үзлээ. Ардчиллыг чиг шугамаа болгосон АН-аас гайхалтай нь өнгөрсөн хугацаанд хоёрын ч зэрэг Энхбаяртан тодорлоо. Ард түмний сэтгэлд ардчилал ямархан байр суурь эзэлж, юугаар түүнийг хэмжиж болохыг ч мэдэрлээ. Ийм тохиолдолд өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, АН-ын гал тогоонд хоргүй зууш, амтлагчгүй зоог, хөөсрөөгүй ундаа бэлдэх ёстойг ухаарлаа. Тиймдээ ч нам дундын, фракц хоорондын, бага хаадын тэмцлийн талбарт амь тавьж мэдэх Монголын ардчиллыг зүй ёсны утгаар нь авч үлдэхийн тулд АН 26 жилийн дараа дахин ард түмэндээ очин золгож байна. Олон жилийн турш, олбог суудлын сүүдэрт гээгдээд удсан илэн далангүй, ил тод байдлаа сэргээхээр оролдож байна. Үүний тулд тэртээ 26 жилийн өмнө ард түмнээсээ дэмжлэг хүсэн талбайд гарч байсан тэр л хөвгүүд өнөөдөр хатуу сургаалыг нь сонсох гэж, хэлэх үг, хэтийн зорилгыг нь хуваалцах гэж хүүгийн ёсоор эцэгтээ очиж байна. Тийм ч учраас шүүмжлэл, уучлал, хатуурхал хийгээд хайр, гомдол хийгээд гэмшил үнэртсэн уулзалтууд өрнөж, өнгөрсөн хугацааны алдаагаа хэлэлцэн, АН-ыг засан товхинуулахаар эрх мэдэл, эрэмбэ дараа гэх ялгаагүйгээр бүгд санал бодлоо уралдуулж буй юм. Ардчиллын гажуудлыг засахын тулд ард түмнээрээ хэлэлцүүлж, гишүүд дэмжигчдийнхээ сонголтонд найдаж чадсан нь энүүхэндээ гэхэд АН-аас л гарах зориг гэдгийг онцолмоор байна. Даргын сунгаа гэх энэ сонгууль давалгаа болон өргөжсөний шалтгаан хийгээд учирлал нь энэ аж.


АН-ын даргын сунгаанд таван өөр фракцын, таван өөр үзэл бодлын төлөөлөл өрсөлдөж буй.Гэхдээ тэдний зорилго нэг. АН-ыг дотоод итгэлцэлтэй, эв нэгдэлтэй улс төрийн хүчин болгохын тулд фракц хоорондын тэмцлийг халж, дүрмийн шинэчлэл хийж, гишүүд дэмжигчдийнхээ оролцоог аль ч шатанд нэмэгдүүлэх нь тэдний зорилго билээ. Тодруулж хэлбэл АН өнгөрсөн хугацаанд алдсан бүхнээ эргүүлэн авч, дутагдсан бүхнээ нөхөж, ялагдалд хүргэсэн алдаа дутагдлаа засч залруулахыг эрмэлзэж буй. Орон даяар үргэлжилсэн уулзалтуудын уур амьсгалаас харахад АН эрх мэдэлтэй томчуудынхаа зөрчлөөс болж энгийн гишүүд төдийгүй, ардчиллын замналыг хохироон, барьсан гэрээ нураасан гэдгийг тодорхой дурдан, шүүмжлэл өрнүүлэх хандлага олонтаа. Ялагдлын бас нэг шалтгаан нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулан тогтолцоогоо сольсон явдал хэмээн үзэж буй гишүүн олон. АН-ынхныг хооронд нь хагаралдуулах, ардчиллыг муухай харагдуулах удаа дараагийн улс төрийн шалтгаантай шийдвэрүүдийг гаргасан зэрэг алдааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хамааруулан ярьж буй нэр дэвшигч төдийгүй гишүүд дэмжигч цөөнгүй. Хэрэв Монголын ардчиллыг намтайгаа хамт аврах гэсэн энэхүү оролдлого бүтэлгүйтвэл яах вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. АН-ын даргын сунгаа нэг талаар ардчилсан сонгуулийн зарчмаар алхаж буй анхны олзуурхам жишээ. Нөгөө талаар АН доторх фракц хоорондын хүч тэнцэж, улам бүр ширүүсч буй уг зөрчлөө өөрсдөө шийдэж чадахгүйд хүрсний улмаас гишүүд дэмжигчиддээ хандах дундын шийдвэр энэ байлаа. Зориуд дурдахад Шинэчлэлийн Засгийн газрыг татан унагасан "Шонхор" фракцын С.Эрдэнэ, АН-ын Засгийн газрыг огцруулахаар парламентаар хэлэлцэх үед дэмжиж санал өгсөн Ж.Батзандан, Ерөнхийлөгчийн гэгдээд байгаа "Нэг ардчилал" фракцын Л.Гантөмөр, дээр нь эл нэр дэвшигчдийн дунд үзэл бодлын эрс эерэг ялгаа гаргаж буй Н.Алтанхуяг, түүнтэй намын дарга байхад нь нэг завинд явсан Д.Эрдэнэбат гээд тодотголтой нь тоочоод байвал нэг тогоонд байтугай нэг гэрт багтах аргагүй улс өрсөлдөөний замд гарсныг мартаж болохгүй. Энэ утгаараа өдөр өнгөрөх тусам Ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа болон өргөжиж буй эл сунгааны дараа АН нэг бус салж, өрх тусгаарлан өнгөө хувиргах магадлал өндөр юм. Ялангуяа энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан марафон хэмээн АН-ын даргын сунгааг улс төрийн хүрээнийхэн харж буй тохиолдолд үзэл бодлын болон мөн чанарын, хүн чанарын ялгаа нь энэ намыг хуваагдалд хүргэхийг үгүйсгэхгүй. Тэгсэн ч гэсэн энэ нь хөгжлийн явцад туулах учиртай зүй ёсны зам юм. Магадгүй салалт эрт байх тусмаа дээр ч байж болох. Энд хуучны МАХН хэмээх 90 жилийн түүхтэй улс төрийн хүчин дотоод зөрчилдөө идэгдэн мөхөхгүйн тулд МАН болон МАХН хэмээн хоёр салж, хошуу тусгаарлан орон зайгаа авч үлдсэн жишээг дурдахад илүүдэхгүй.


Ямартай ч АН ялагдлын шокноос бүрэн утгаараа гарлаа. Нойрноос сэрлээ. Ойлгомжгүй, дүнсгэр байдлаа халлаа. Монголын ардчилал хоёр дахь үе рүүгээ 26 жилийн дараа шилжиж байна. Олон улс орон нэгэнт эхлүүлсэн ардчиллаа энэ мөчлөгт хүргэж чадалгүй нухчин дарж, эсвэл гажуудуулан хэлмэгдүүлсэн байдаг. Харин монголчууд, тэр дундаа АН ардчиллын бамбарыг дахин өргөхөөр нэр төртэй эхлэл тавилаа. Тэрхүү бамбарын гэрэлд хэдхэн эрх мэдэлтэн гараа дулаацуулж үлдэх үү, түмэн олноороо сэтгэл, итгэлээ нэгтгэн, нэг зорилгын дор эвлэлдэн нэгдэж чадах уу гэдгийг АН-ын гишүүд дэмжигчдийн сонголт шийдэх юм. Сонголт мэргэн байх болтугай гэж хэлмээргүй байна. Сонгогдсон хүн нь алсын хараатай, ардын ухаантай байх болтугай.

 

Р.Эмүжин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment