8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг "хар машин"-аар тоолно

2017-01-26 12:39:44

 УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг батлав.

Уг тогтоолд санал тоолох үйл ажиллагаанд “New image cast” төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөснийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, энэ төхөөрөмжийг үйлдвэрлэсэн орон өөрөө ч хэрэглэхээ больсон. Бусад орон ч татгалзаж эхэлсэн. Тиймээс сонгуулийн саналыг гар аргаар тоолж болохгүй юу хэмээн тодруулсан. Мөн тоног төхөөрөмжид хэдэн төгрөг зарцуулах вэ гэлээ.

УИХ 2011 онд баталсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиар Ард нийтийн санал асуулга, УИХ, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг автомат төхөөрөмжөөр тоолдог. Энэ хууль хүчин төгөлдөр байгаа тул гараар тоолох боломжгүй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэлэв. Тэрбээр, “2012 онд автомат төхөөрөмжид 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил хоёр тэрбум төгрөг зарцуулна” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Бадельхан хяналтын тооллого явуулах эсэхийг тодруулсан. Сонгуулийн тухай хуулиар санал авах байруудын 50 хүртэлх хувьд хяналтын тооллого хийхээр тусгасан гэдгийг СЕХ-ноос хариуллаа. “Хакер”-уудаас хэрхэн хамгаалах талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн лавлав. Хуулийн дагуу ТЕГ, Мэдээлэл, харилцаа, холбооны зохицуулах хороо, СЕХ-ны хамтарсан ажлын хэсэг аюулгүй байдлыг хангадаг гэдгийг ажлын хэсэг хариулав.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалт гаргахдаа хянуур хандахыг анхааруулаад “Цэргийн анги байгууллагын удирдлагууд алба хаагчдаа хүчээр аль нэг намд санал өгүүлэх тохиолдол байдаг. Энэ талаар нарийвчлан судалж, асуудал байвал шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл ажиллагаанд “New image cast” буюу бидний нэрлэж заншсанаар хар машин ашиглах болж, тогтоолын төслийг 86 хувийн саналаар батлав.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment