8o
Улаанбаатар хот
mobile menu

301 албан тушаалтны гадаадад данс эзэмшихийг хориглоно

2017-01-26 17:22:25

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

Тус хуулиар хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтнууд оффшор бүсэд данстай байх, мөнгө байршуулах, улмаар компани байгуулж хөрөнгө оруулалт хийхийг хориглож буй. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Оффшор бүсэд мөнгө хадгалах асуудлыг өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй авлига болон бусад хуулиар зохицуулах бүрэн боломжтой. Гадаад улсын нутаг дэвсгэрт мөнгө байршуулахгүй гэдэг бол туйлшрал. Шударгаар олсон орлогоороо яагаад гадны санхүүгийн зах зээл дээр тоглолт хийж болохгүй гэж. Хууль ёсны орлогыг хууль бус орлоготой хольж хутгаж болохгүй. Өнөөдөр бүх гишүүд эксперс карттай. Хууль батлагдвал картаа хураалгах уу" гэсэн байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар үүнд нь, "Оффшор бүс гэдэгт ямар улс орныг оруулах вэ гэсэн асуудлаар Гадаад харилцааны яамнаас санал авсан. Ингэхэд тэр улс муу, энэ улс сайн гэсэн ялгаварлал байж болохгүй гэсэн хариу ирсэн. Түүнчлэн улс орнуудын адил хуулинд тухайн улсын нэрийг заадаггүй жишгийг дагасан. Тиймээс гадаад улсад данстай байхыг хуулиараа хориглож байгаа" гэсэн тайлбарыг хийлээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Албан ёсоор олсон орлогоосоо албан ёсны татвараа монголдоо өгөөд гадны улсын дансанд мөнгөө байршуулах, хувьцаа худалдаж авах хувилбар байж болох талтай. Нэг бол гадаадад данстай байгаад төрд ажиллахгүй гэсэн цэвэр улстөрийн агуулгатай шийдэл гаргах уу эсвэл дэлхий даяар барих уу гэдэг дээрээ тогтож ойлголцох хэрэгтэй" гэв. 

Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа, "Гурван зуун нэгэн албан тушаалтныг нэр зааж хуулинд тусгасныг дэмжиж байна" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Жижиг нэр томьёо том үр дагавар дагуулж мэднэ шүү. Ер нь олон улсын нэр томьёотой хуулиудаа нийцүүлэхэд анхаараарай" хэмээлээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дууссаны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирваа нэгдсэн ойлголцолд хүрэхийн тулд МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zoch
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Жижиг нэр томьёо том үр дагавар дагуулж мэднэ шүү. Ер нь олон улсын нэр томьёотой хуулиудаа нийцүүлэхэд анхаараарай" хэмээлээ.
2017/01/27 202.21.118.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment