8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Батбаяр:Авлигын эсрэг менежментийн тогтолцоо "ISO 37001" стандартыг нэвтрүүлвэл АВЛИГА буурна

2017-01-27 08:40:00

"Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индексийг зарласан. Энэ оны Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд ороод байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 15 байраар ухарсан үзүүлэлт юм. Монгол улсын авлигын индекс ухрахад ямар хүчин зүйл нөлөөлсөн, байр ахихын тулд юу хийх ёстой талаар “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа. Дашрдамд дурдахад, улс орнуудын авлигын индексийн мэдээлэл нь дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг цацагдсан юм.

 - Монгол улсын авлигын индекс олон байраар ухарсан шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?. Ингэж байр ухрахад ямар хүчин зүйл нөлөөлөв?

 - Манай улсын авлигын индексийн үзүүлэлт яагаад урагшлахгүй байгаа талаар олон хүн биднээс асууж байна л даа. Мөн авлигын индексийг гаргахдаа бодит байдлыг хэр сайн тусгаж чаддаг вэ гэж ч асуух хүмүүс байна.  Маш том байгууллага ажиллаж байж энэхүү дүнг гаргаж ирсэн. Эдийн засагч Д.Жаргалсайхан “Энэ бол мундаг сайн дуран. Авлигын үзүүлэлтийг дуранд сайн тусгаж байгаа. Үүнээс илүү тусгадаг аргыг олж чадаагүй” гэж хэлсэн шүү дээ. Цаашид илүү сайн боловсронгуй болох гээд ажиллаж байна. Монголын нийгэм ийм хүнд нөхцөл байдалтай байхад авлигын индекс нь өссөн, дэвшилттэй гарсан бол хүмүүс муу хэлэх байсан байх. Тэгэхээр энэ маань яг үнэнээр тусгаж өгсөн гэсэн үг. Авлигын индексийг гаргахдаа дараах асуултад хариулт авдаг. Тухайлбал, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах сангууд байдаг уу гэж асуусан байсан.  Манай улсад тийм төрлийн сангууд байдаг. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед Ерөнхий сайдын багц гэж байсан. Тэр багц дахь 50 тэрбум төгрөгийг эмнэлгийн үнэтэй тоног төхөөрөмжид зарцуулчихсан. Мөн Хөгжлийн банкны санд жижигхэн зохицуулалтыг хийгээд 1.5 тэрбум долларыг цацчихсан. Ийм сангуудыг бий болгоод түүгээр дураараа дургиад байна шүү дээ. Энэ сангуудаасаа хувийн компаниуд руу мөнгө шилжүүлдэг. Ийм байгаа учраас л оноо өсөхгүй байна. Гадны хэд, хэдэн байгууллагаас Монголын авлигын нөхцөл байдалд хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Түүний нэг нь ОECD буюу organisation for economic co-operation and development үнэлгээ байна. Энэ байгууллагууд сая бидний гаргасан үнэлгээнээс дутахааргүй үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээ бидний хийсэн үнэлгээтэй яг л ижил гарч байгаа юм. Тухайлбал авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зорилго байхгүй , хууль эрх зүйн орчин дутмаг байна. Авлигын эсрэг бодлогын бичиг баримт хууль эрх зүйн орчин их чухал. Сая авлигатай тэмцэх хөтөлбөрийг баталсан. Манайхыг энэ хөтөлбөрөө батла гэж зөвлөж байсан. Баталж байж манай оноо гайгүй гарсан. Авлигатай тэмцэх газар байгуулж, авлигын эсрэг хууль баталчихаад хөтөлбөргүй яваад байсан юм. Хөтөлбөр бол хэрэгжүүлэх ажил шүү дээ. Танай Монголд улс төрчийн нэр холбогдсон авлигын нэг ч том хэргийг шийдээгүй байна шүү дээ гэж гадны байгууллагууд ярьдаг. Сөрөг хүчин, улс төрийн дайснаа л шийтгэдэг. Түүнээс биш яг чин шударгаар шийдсэн хэрэг алга гэж манайхыг үнэлдэг. Мөн юуг авлига гэдгээ тодорхойлж чадаагүй яваа.

- Өнөөдрийг хүртэл авлигыг тодорхойлж чадаагүй яваа нь магадгүй улс төрчдийн авлигатай хатуу чанга, тууштай тэмцэх хүсэлгүй байгаатай холбоотой юу?

- Улс төрийн хүсэл эрмэлзлэл байх ёстой юм. Улс төрийн хүсэл эрмэлзлэлээс гадна тэр хүмүүс ямар ажлыг хийх ёстойгоо мэддэг байх хэрэгтэй. Гэтэл улс төрчид маань энэ талаар сайн мэдэхгүй байна.Бид авлигал гэдгээ тодорхойлж чадахгүй байна. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийн аль нэгэн албан тушаалтан руу холбогдоод “Манай хүүхдийн гэрээ хийх ажлыг дэмжээч” гэж ярьсан бол энэ манай хуулиар авлигал биш гэж үздэг. Харин олон улсын жишгээр ашиг сонирхлын зөрчил юм. Тэгэхээр бид энэ мэтчилэн зүйлүүдээ тодорхойлж чадахгүй байна. Авлигатай тэмцэх ажил бол олон улсын асуудал юм. Тэгэхээр бид олон улсын түвшинд нээлттэй ажиллах ёстой.

Тухайлбал, Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа гэдэг бүсгүйг монголчууд буруугаар ойлгодог. Гэтэл бид Малайзад очоод тэр бүсгүй тэндхийн баатар болсон байгааг мэдсэн. Яагаад гэж үү. Тэр бүсгүй үхэл Малайзын маш том авлигалын сүлжээг ил гаргаж чадсан. Мөн улс төрийнх нь тогтолцоог өөрчилсөн. Сөрөг хүчин нь их хүчтэй болсон.Малайзын улс төрчид тэр бүсгүйгээс болж өнөөдрийг хүртэл зовж байгаа.

Малайз энэ хэргийг нам дарчихсан байхад Франц улс сөхсөн. Яагаад гэвэл, Францын компани Малайзын Ерөнхий сайдын найз Абдул Разак Багинда гэх нөхрийн зуучийн компанид 2 тэрбум долларын 10 хувь буюу 200 сая долларыг хөлс болгон өгсөн гэж мэдэгдсэн. Олон улсын ажиллагаа гэдэг бол энэ юм. Манайх бол ийм ажиллагаа хийхгүй. Авлигатай тэмцэхэд олон улсын үйл ажиллагаа их чухал. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгохгүйгээр манайх урагшлахгүй. Манай улс төрийн намуудын санхжүүжилт ил тод биш. Сонгуулийн өмнө гишүүд дэмжигчдээсээ маш их мөнгө авдаг. Тэгээд тэр мөнгөө буцааж төлөхийн тулд авлигалд орооцолдчихдог.

- Авлигыг бий болсных нь дараа бууруулах бус урьдчилан сэргийлэх тал дээр нь онцгой анхаармаар санагддаг. Бид урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай сайн хийж чадаж байгаа юу.

- Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь маш чухал. Энэ тохиолдолд аудит, сонгуулийн хороод, худалдан авах ажиллагааны газрууд өөрсдөө ажлаа хараат бусаар хийж чадаж байгаа юмуу гэдэг асуудал хөндөгддөг. Гэтэл манай аудитын байгууллага ажлаа хийгээгүйгээс Хөгжлийн банкин дээр маш их хөрөнгийг хууль бусаар зарцуулсан нь тодорхой боллоо.Манай улсын эдийн засаг гуравдугаар улирлын байдлаар -1.6 хувьтай гарсан. Урьдчилан сэргийлэлт байхгүй байгаад байна шүү дээ. Аудитын байгууллагууд ажлаа хийгээгүй хараат байгаа болохоор манай оноо өсөхгүй байгаагийн бас нэгэн шалтгаан юм. Худалдан авах ажиллагааны газрыг саяхан татан буулгасан. Уг нь мэргэшсэн худалдан авалт явагдах ёстой.Үүний ард маш том авлигал бий. Тухайлбал, эмийн худалдан авалт эрүүл мэндийн төсвийн ихэнх хувийг эзэлдэг. Эм маш өндөр үнэтэй болж байгаа. Эмийн худалдан авалт дээр ажиллахад маш ноцтой асуудлыг олж мэдсэн. Бид чанартай эмийг олон улсын байгууллага, НҮБ-ын шугамаар хямд үнээр олж авах боломжтой байдаг. Гэтэл эмийн компаниуд нь лоббидоод авахгүй байгаа юм. Энэ мэтчилэн асуудал байна. Мөн мэдээлэл ч ил тод байхаа болилоо. Байгууллагууд шилэн дансандаа мэдээллээ тавихаа ч болилоо. Бид авлигын индексийн үзүүлэлтээ сайжруулъя гэвэл дээрх бүгдийг засах ёстой.

- Авлигалын индексийг хойш татаж буй хамгийн том шалтгаан нь улс төрийн авлигал мөн үү?

-Улс төр, эдийн засгийнханы сүлбэлдсэн Капитализм дэлхийг аалзын тор шиг ороож байна. Манай улсад эдийн засаг, улс төрийнхнийг хэрсэн бүлэглэл бий болсон. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг улс төр, бизнесийнхэн авч байна. Манай шүүхийн засаглал хараат бус байж чаддаггүй. Яг л Ерөнхийлөгчийн заавраар ажилладаг. Тэнд Солонгосын кинон дээр гардаг шиг иргэний зориг ч алга.  Бид АТГ-ыг татан буулга гэж байгаа юм биш. Харин авлигатай тэмцэх ажлыг илүү сайн бэхжүүлж хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. АТГ их олон хэргийг илрүүлдэг ч шүүхийн шатандаа очоод замхардаг. Хууль эрх зүйн орчингүй байна. Энэ байгууллага ажлаа үнэхээр сайн хийдэг ч орчингүй байна. Шүүх засаглалаа сайжруулахыг гадны судалгааны байгууллагад манайд зөвлөж байгаа. Авлигын индексээ урагшлуулахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулахаас гадна урьдчилан сэргийлэлтийн ажлын хийх, шаардлагатай байгууллагуудаа хараат бус болгох, мэдээллээ ил тод байлгаж, хяналт шалгалтаа сайжруулах ёстой. Манай улсын оноо ахихгүй байгаа шалтгаан энэ л юм. "Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагаас Ази, номхон далайн орнуудын Авлигатай тэмцэх газруудад үнэлгээ хийж байгаа. Үнэлгээгээр бэрхшээл, давуу болон сул тал юу байна гэдгийг тодорхойлно. Хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг мөн гаргана. Үүнийхээ хүрээнд бид ажиллаж байна.

- Монгол Улсад Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001:2016 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ стандартыг нэвтрүүлснээр авлигал буурахад хэрхэн нөлөөлөх вэ? Энэ стандартыг Монголд нэвтрүүлэхийг танай байгууллага дэмжиж байгаа юу?

- Маш зөв. Ингэнснээр компаниуд бүгд авлигын эсрэг стандарттай болно. Уг стандартад тухайн байгууллагын ажилчид хэнээс бэлэг авч болохгүй, яаж ашиг сонирхлын зөрчилд орохгүй байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн.Энэ бол авлигаас сэргийлэх удирдамж юм. Рио Тинто гэх компаниуд бүгд ийм хөтөчтэй. Тийм учраас авлигалын асуудалд орооцолдоггүй. Тэр стандартыг бүх ажилчид нь дагаж мөрддөг. Энэ их чухал юм. Энэ стандарт Монгол улсад хэрэгжих ёстой. Төрийн болон төрийн бус байгууллагад ажиллагсад хоолонд орохгүй байх, бэлэг сэлт авахгүй байх гэх мэт бүх нарийн зүйлийг тус стандартаар заагаад өгчихсөн. Манай байгууллага энэ стандартыг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа. Хэрвээ энэ стандартыг хэрэгжүүлж чадвал бүх байгууллага авлигаас урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр авлигал буурна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
kkkkk
yun ih onoo avah avilga ch ve
2017/01/27 202.179.29.213