8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Энхтуяа:Үнэгүй олгох эмийн жагсаалтад дархлаа дэмжих, вирусийн эсрэг эм нэг ч ороогүй

2017-01-27 09:29:00

Ханиад томууны дэгдэлт намжихгүй хөдөө хотгүй “ноёлж” бага насны хүүхэд гэлтгүй томчууд хүртэл ханиадад “дарлуулж” эдгэрэлт удаан, дахих магадлал өндөр буй энэ цагт 0-5 насны хүүхдэд үнэгүй эм тараана гэсэн нь чихэнд чимэгтэй мэдээ байв. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эмийг 100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн. Эм болон худалдаалах 800 гаруй эмийн сангийн утас, хаяг байршил бүхий жагсаалтыг гаргажээ. Үнэндээ сэтгэл гонсойж, эгдүүцмээр санагдчихлаа. 0-5 насны хүүхэдтэй ээж хүний хувьд үнэгүй байсан ч хүүхэддээ өгөхгүй. Би эмч хүн биш. Гэхдээ жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэсэн үг бий. Бага насны хүүхдүүд хүйтний улиралд биеийн эсэргүүцэл, дархлаа сулаас эсвэл гадны хүчин зүйлсээс хамаарч томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Хүүхдэд ханиадны анхны шинж илэрнэ. Өрхийн эмнэлэгт хандана. Эмч хүүхдийн биеийн байдлаас хамаарч эмийн жор бичиж өгнө. Ихэвчлэн дархлаа дэмжих амин дэм, хоол хувцаслалт анхаарахыг зөвлөж, тохирох эмийг бэлдмэлийг бичиж өгдөг. Антибиотек тэр бүр уухыг зөвлөдөггүй. Үнэгүй олгох эмийн жагсаалтад орсон ампициллин, амоксицлин, азитромицин нь антибиотекийн төрөл, сальбутамол хоолой бачуурлын эсрэг, ацетилцистин, амброксол нь цэр шингэлэх, харин парацетомол, ибупрофен нь өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй зэргээс харахад өвчлөл хүндэрсэн нөхцөлд хэрэглэгдэх эмнүүд байх жишээтэй. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, тоосжилт, агаарын бохирдолтын хэмжээ дээд цэгтээ хүрсэн хүнд нөхцөлтэй манай улсад томуу төст өвчин улирлаас хамаараад дэгдэх нь дамжиггүй. Сүүлийн үед халдвар хурдацтай тархах, бага насны хүүхэд богино хугацаанд хүндрэх байдал ихэсч буй нөхцөлд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлоготойгоор хэрэгжүүлэх нь зүйд нийцэх санагдана. Үнэгүй олгох эмийн жагсаалтад дархлаа дэмжсэн амин дэмүүд багтсан бол ч ард иргэдээ дэмжсэн зөв шийдэл болох байлаа.        

Н.Энхтуяа: Анагаахын сургуулийн оюутнууд болон нэмэлтээр нарийн мэргэжлийн эмч нар ирж өрхийн эмнэлэг дээр ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрхийн 15 дугаар хорооны өрхийн эмч Н.Энхтуяатай товч ярилцлаа. Эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж буй. Өрхийн эрүүл мэндийн төвд 17 жил ажиллаж, хүүхдийн эмчээр мэргэшсэн туршлагатай нэгэн.

-Бага насны гэлтгүй томчууд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь хүйтний улиралд элбэг тохиолддог. Дүүргийн эмнэлгүүд ачаалал ихтэй, зарим нэг өрөө тасалгаагаа суллаж хүүхдүүд хүлээж авч байна, амархан хүндэрч хатгалгаа болж байна гэсэн яриа тасрахгүй дэгдсээр байгаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дэгдэлт хэр их тархацтай байна вэ?

-Урьд онтой харьцуулахад өвчний дэгдэлт өндөр байна. Ялангуяа агаарын бохирдол, тоосжилт зэрэг гадны олон хүчин зүйлсээс шалтгаалж хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч гэсэн уушигны хатгалгаа болж хүндэрч байна. Өнгөрсөн жил уушигны хатгалгаа бараг оношлогдож байгаагүй. Энэ жилийн хувьд харьцангуй олон давтамжтай оношлогдлоо. Сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр, халуурах, хордлого өгөх шинж тэмдэг давамгайлж байсан. 

-Танай хороонд албан ёсны бүртгэлтэй 0-5 насны хүүхэд хэчнээн хүүхэд байдаг вэ. Хэр ачаалалтай ажиллаж байна?  

- Хүн ам ихтэй гэр болон орон сууцны бусад хороололтой харьцуулбал ачаалал бага учиргүй бужигнаад байдаггүй. Манай өрхийн эмнэлэгт 0-5 насны 500 орчим хүүхэд албан ёсны бүртгэлтэй байдаг. Анагаахын сургуулийн оюутнууд болон нэмэлтээр нарийн мэргэжлийн эмч нар ирж өрхийн эмнэлэг дээр ажиллаж байна. Мөн гэрийн эргэлтийн үйлчилгээг сайн хийж байгаа учраас эмнэлэг дээр бөөгнөрөх асуудал багассан.

- Гаднаас орж ирэхэд үзүүлэх хүнгүй шахам байна?

-Томуугийн дэгдэлтийн эрч саарч байгаа нь ажиглагдаж байна. Үүнийг оюутан, сурагчдын амралт эхэлж, гадуур явах нь багассанаас халдвар буурч байгаа болов уу дүгнэж байна. Ер нь 12, нэгдүгээр сарын эхний долоо хоногт өвчлөл өндөр байлаа. Цагаан сар буюу олныг хамарсан баярын өдрүүдэд халдвар ихсэх магадлал ажиглагддаг юм.  

-0-5 насны хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай 10 төрлийн 30 эмийг үнэгүй олгох шийдвэр гарсан. Ампициллин, амоксицлин, парацетомол, сальбутамол зэрэг эм дурдагдсан байсан. Бага насны хүүхэдтэй ээж хүний хувьд томуу халдвар авсан тохиолдолд парацетомол, ампициллан яаран өгөхгүй л болов уу?

-Нэгдүгээрт, хугацааны хувьд хожуудсан. Халдвар өндөр ачаалалтай цаг хугацаанд 100 хувь үнэгүй эм иргэдэд хүрсэн бол давуу тал болох байлаа. Хоёрдугаарт, энэ эмийн жагсаалтад дархлаа дэмжих, вирусийн эсрэг эм нэг ч ороогүй. Гуравдугаарт, зарим эмийн сан уусдаг ампициллин зэрэг эмийг байхгүй гэсэн шалтгаанаар өгөхгүй байх тал ажиглагдсан. Мэдээж хэрэг томуу, томуу төст өвчлөлийн халдварын үед дархлаа дэмжих, вирусийн эсрэг эмнүүдийг өгөх ёстой, антибиотекийг хүндэрсэн нөхцөлд л өгнө. Гэхдээ Төр засгаас ийм арга хэмжээ авсан нь сайшаалтай хэрэг юм.                                                                                                                                                                                                                                            

 0-5 хүртэлх насны хүүхдийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй олгох эмийн сангуудын талаар мэдээллийг энд дарж үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл