Олноо “Мунзуй” хэмээх нэрээрээ алдаршсан Г.Нямдорж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар бас л таагүй мэдээлэл цацаж, түүний хувийн амьдрал хийгээд улстөр дэх ажил хэргийнх нь талаар УИХ-ын Ёс зүйн хороо, УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр хаягласан өргөдөл хүргүүлсэн талаар нэлээд хэд хоногийн өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ талаарх гомдол Өргөдлийн байнгын хороонд ирээгүй байна. Мөн энэ талаар тус байнгын хорооны дарга О.Баасанхүү өөрийнхөө байр суурийг илэрхийлжээ. Ингэхдээ “Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой өргөдөл ирээгүй. Би хэвлэл мэдээллээс л сонсож байгаа. ӨБХ-нд хэрэв ийм өргөдөл ирсэн бол хуулийн дагуу л шийдүүлэх байх. Хэвлэл дээр гарч байгаа зүйлийг харахад аль нэг нь шоронд орох ёстой. Н.Номтойбаяр эсвэл “Мунзуй” гэх Нямдорж. Учир нь бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Би бол нэг их хуралд байгаа учир Н.Номтойбаярыг тийм юм хийсэн гэж итгэхгүй байна. Гэхдээ “Мунзуй” Г.Нямдоржийг санаатайгаар бусдыг гүтгэх шаардлага байгаа гэж харахгүй байна. Монгол Улсад өнөөдөр хууль гэж байдаг бол МУ-ын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэж хүн ажлаа хийж байгаа бол үүнийг шийдэх ёстой. Мэдээлэл гаргасан хүн мэдээллээ нотлох ёстой. Эсвэл мэдээллийн дагуу буруутай этгээдийг олж тогтоож шийтгэх хэрэгтэй. Ийм л энгийн дүрэм байгаа шүү дээ” хэмээсэн байна.