Ачаалалтай ч гэсэн амжилт дагуулсан шинэ долоо хоногийн ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Та энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа дуусган, амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж сууна уу. Хайртай гэр бүлтэйгээ энэ амралтын өдрөө халуун ам бүлээрэй сайхан өнгөрүүлээрэй. Хэн бүхний хувьд хамгийн чухал зүйл бол гэр бүл шүү дээ. Энэ их ажлын дундуур “Бид ер нь амьдрах гэж ажиллаад байна уу?, ажиллах гэж амьдраад байна уу? гэсэн бодол хааяа таньд төрж байна уу . Тэгвэл амралтын энэ өдрүүдээ хайртай ханьдаа гэр бүлдээ зарцуулаарай. “Өргөн орчлонд хүн хайраар л дутаж болохгүй” гэсэн сайхан үг байдаг шүү дээ.
Дэргэдээ байгаа бүхнээ хайрлаарай. Амралтын өдрүүдэд цаг агаар тогтнуун байх тухай ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэлсэн тул агаар салхинд хайртай гэр бүлтэйгээ хамт гарч, амралтын өдрөө аятай тухтай өнгөрүүлээрэй. Ингээд үдэш бүхнийхээ энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
"Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индексийг зарласан. Энэ оны Авлигын төсөөллийн индексээр Монгол улс 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд ороод байна. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 15 байраар ухарсан үзүүлэлт юм. Монгол улсын авлигын индекс ухрахад ямар хүчин зүйл нөлөөлсөн, байр ахихын тулд юу хийх ёстой талаар “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяртай ярилцлаа. Дашрдамд дурдахад, улс орнуудын авлигын индексийн мэдээлэл нь дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг цацагдсан юм.
- Монгол улсын авлигын индекс олон байраар ухарсан шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?. Ингэж байр ухрахад ямар хүчин зүйл нөлөөлөв?
- Манай улсын авлигын индексийн үзүүлэлт яагаад урагшлахгүй байгаа талаар олон хүн биднээс асууж байна л даа. Мөн авлигын индексийг гаргахдаа бодит байдлыг хэр сайн тусгаж чаддаг вэ гэж ч асуух хүмүүс байна. Маш том байгууллага ажиллаж байж энэхүү дүнг гаргаж ирсэн. Эдийн засагч Д.Жаргалсайхан “Энэ бол мундаг сайн дуран. Авлигын үзүүлэлтийг дуранд сайн тусгаж байгаа. Үүнээс илүү тусгадаг аргыг олж чадаагүй” гэж хэлсэн шүү дээ. Цаашид илүү сайн боловсронгуй болох гээд ажиллаж байна. Монголын нийгэм ийм хүнд нөхцөл байдалтай байхад авлигын индекс нь өссөн, дэвшилттэй гарсан бол хүмүүс муу хэлэх байсан байх. Тэгэхээр энэ маань яг үнэнээр тусгаж өгсөн гэсэн үг. Авлигын индексийг гаргахдаа дараах асуултад хариулт авдаг. Тухайлбал, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах сангууд байдаг уу гэж асуусан байсан. Манай улсад тийм төрлийн сангууд байдаг. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед Ерөнхий сайдын багц гэж байсан. Тэр багц дахь 50 тэрбум төгрөгийг эмнэлгийн үнэтэй тоног төхөөрөмжид зарцуулчихсан. Мөн Хөгжлийн банкны санд жижигхэн зохицуулалтыг хийгээд 1.5 тэрбум долларыг цацчихсан. Ийм сангуудыг бий болгоод түүгээр дураараа дургиад байна шүү дээ. Энэ сангуудаасаа хувийн компаниуд руу мөнгө шилжүүлдэг. Ийм байгаа учраас л оноо өсөхгүй байна.
Гадны хэд, хэдэн байгууллагаас Монголын авлигын нөхцөл байдалд хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Түүний нэг нь ОECD буюу organisation for economic co-operation and development үнэлгээ байна. Энэ байгууллагууд сая бидний гаргасан үнэлгээнээс дутахааргүй үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээ бидний хийсэн үнэлгээтэй яг л ижил гарч байгаа юм. Тухайлбал авлигатай тэмцэх улс төрийн хүсэл зорилго байхгүй , хууль эрх зүйн орчин дутмаг байна. Авлигын эсрэг бодлогын бичиг баримт хууль эрх зүйн орчин их чухал. Сая авлигатай тэмцэх хөтөлбөрийг баталсан. Манайхыг энэ хөтөлбөрөө батла гэж зөвлөж байсан. Баталж байж манай оноо гайгүй гарсан. Авлигатай тэмцэх газар байгуулж, авлигын эсрэг хууль баталчихаад хөтөлбөргүй яваад байсан юм. Хөтөлбөр бол хэрэгжүүлэх ажил шүү дээ. Танай Монголд улс төрчийн нэр холбогдсон авлигын нэг ч том хэргийг шийдээгүй байна шүү дээ гэж гадны байгууллагууд ярьдаг. Сөрөг хүчин, улс төрийн дайснаа л шийтгэдэг. Түүнээс биш яг чин шударгаар шийдсэн хэрэг алга гэж манайхыг үнэлдэг. Мөн юуг авлига гэдгээ тодорхойлж чадаагүй яваа.
- Өнөөдрийг хүртэл авлигыг тодорхойлж чадаагүй яваа нь магадгүй улс төрчдийн авлигатай хатуу чанга, тууштай тэмцэх хүсэлгүй байгаатай холбоотой юу?
- Улс төрийн хүсэл эрмэлзлэл байх ёстой юм. Улс төрийн хүсэл эрмэлзлэлээс гадна тэр хүмүүс ямар ажлыг хийх ёстойгоо мэддэг байх хэрэгтэй. Гэтэл улс төрчид маань энэ талаар сайн мэдэхгүй байна.Бид авлигал гэдгээ тодорхойлж чадахгүй байна. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийн аль нэгэн албан тушаалтан руу холбогдоод “Манай хүүхдийн гэрээ хийх ажлыг дэмжээч” гэж ярьсан бол энэ манай хуулиар авлигал биш гэж үздэг. Харин олон улсын жишгээр ашиг сонирхлын зөрчил юм. Тэгэхээр бид энэ мэтчилэн зүйлүүдээ тодорхойлж чадахгүй байна. Авлигатай тэмцэх ажил бол олон улсын асуудал юм. Тэгэхээр бид олон улсын түвшинд нээлттэй ажиллах ёстой.
Тухайлбал, Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа гэдэг бүсгүйг монголчууд буруугаар ойлгодог. Гэтэл бид Малайзад очоод тэр бүсгүй тэндхийн баатар болсон байгааг мэдсэн. Яагаад гэж үү. Тэр бүсгүй үхэл Малайзын маш том авлигалын сүлжээг ил гаргаж чадсан. Мөн улс төрийнх нь тогтолцоог өөрчилсөн. Сөрөг хүчин нь их хүчтэй болсон.Малайзын улс төрчид тэр бүсгүйгээс болж өнөөдрийг хүртэл зовж байгаа.
Малайз энэ хэргийг нам дарчихсан байхад Франц улс сөхсөн. Яагаад гэвэл, Францын компани Малайзын Ерөнхий сайдын найз Абдул Разак Багинда гэх нөхрийн зуучийн компанид 2 тэрбум долларын 10 хувь буюу 200 сая долларыг хөлс болгон өгсөн гэж мэдэгдсэн. Олон улсын ажиллагаа гэдэг бол энэ юм. Манайх бол ийм ажиллагаа хийхгүй. Авлигатай тэмцэхэд олон улсын үйл ажиллагаа их чухал. Мөн улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгохгүйгээр манайх урагшлахгүй. Манай улс төрийн намуудын санхжүүжилт ил тод биш. Сонгуулийн өмнө гишүүд дэмжигчдээсээ маш их мөнгө авдаг. Тэгээд тэр мөнгөө буцааж төлөхийн тулд авлигалд орооцолдчихдог.
- Авлигыг бий болсных нь дараа бууруулах бус урьдчилан сэргийлэх тал дээр нь онцгой анхаармаар санагддаг. Бид урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай сайн хийж чадаж байгаа юу.
-Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь маш чухал. Энэ тохиолдолд аудит, сонгуулийн хороод, худалдан авах ажиллагааны газрууд өөрсдөө ажлаа хараат бусаар хийж чадаж байгаа юмуу гэдэг асуудал хөндөгддөг. Гэтэл манай аудитын байгууллага ажлаа хийгээгүйгээс Хөгжлийн банкин дээр маш их хөрөнгийг хууль бусаар зарцуулсан нь тодорхой боллоо.Манай улсын эдийн засаг гуравдугаар улирлын байдлаар -1.6 хувьтай гарсан. Урьдчилан сэргийлэлт байхгүй байгаад байна шүү дээ.Аудитын байгууллагууд ажлаа хийгээгүй хараат байгаа болохоор манай оноо өсөхгүй байгаагийн бас нэгэн шалтгаан юм. Худалдан авах ажиллагааны газрыг саяхан татан буулгасан. Уг нь мэргэшсэн худалдан авалт явагдах ёстой.Үүний ард маш том авлигал бий. Тухайлбал, эмийн худалдан авалт эрүүл мэндийн төсвийн ихэнх хувийг эзэлдэг. Эм маш өндөр үнэтэй болж байгаа. Эмийн худалдан авалт дээр ажиллахад маш ноцтой асуудлыг олж мэдсэн. Бид чанартай эмийг олон улсын байгууллага, НҮБ-ын шугамаар хямд үнээр олж авах боломжтой байдаг. Гэтэл эмийн компаниуд нь лоббидоод авахгүй байгаа юм. Энэ мэтчилэн асуудал байна. Мөн мэдээлэл ч ил тод байхаа болилоо.Байгууллагууд шилэн дансандаа мэдээллээ тавихаа ч болилоо. Бид авлигын индексийн үзүүлэлтээ сайжруулъя гэвэл дээрх бүгдийг засах ёстой.
- Авлигалын индексийг хойш татаж буй хамгийн том шалтгаан нь улс төрийн авлигал мөн үү?
-Улс төр, эдийн засгийнханы сүлбэлдсэн Капитализм дэлхийг аалзын тор шиг ороож байна. Манай улсад эдийн засаг, улс төрийнхнийг хэрсэн бүлэглэл бий болсон. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг улс төр, бизнесийнхэн авч байна. Манай шүүхийн засаглал хараат бус байж чаддаггүй. Яг л Ерөнхийлөгчийн заавраар ажилладаг. Тэнд Солонгосын кинон дээр гардаг шиг иргэний зориг ч алга. Бид АТГ-ыг татан буулга гэж байгаа юм биш. Харин авлигатай тэмцэх ажлыг илүү сайн бэхжүүлж хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. АТГ их олон хэргийг илрүүлдэг ч шүүхийн шатандаа очоод замхардаг. Хууль эрх зүйн орчингүй байна. Энэ байгууллага ажлаа үнэхээр сайн хийдэг ч орчингүй байна. Шүүх засаглалаа сайжруулахыг гадны судалгааны байгууллагад манайд зөвлөж байгаа. Авлигын индексээ урагшлуулахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулахаас гадна урьдчилан сэргийлэлтийн ажлын хийх, шаардлагатай байгууллагуудаа хараат бус болгох, мэдээллээ ил тод байлгаж, хяналт шалгалтаа сайжруулах ёстой. Манай улсын оноо ахихгүй байгаа шалтгаан энэ л юм. "Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагаас Ази, номхон далайн орнуудын Авлигатай тэмцэх газруудад үнэлгээ хийж байгаа. Үнэлгээгээр бэрхшээл, давуу болон сул тал юу байна гэдгийг тодорхойлно. Хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг мөн гаргана. Үүнийхээ хүрээнд бид ажиллаж байна.
- Монгол Улсад Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001:2016 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ стандартыг нэвтрүүлснээр авлигал буурахад хэрхэн нөлөөлөх вэ? Энэ стандартыг Монголд нэвтрүүлэхийг танай байгууллага дэмжиж байгаа юу?
- Маш зөв. Ингэнснээр компаниуд бүгд авлигын эсрэг стандарттай болно. Уг стандартад тухайн байгууллагын ажилчид хэнээс бэлэг авч болохгүй, яаж ашиг сонирхлын зөрчилд орохгүй байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн.Энэ бол авлигаас сэргийлэх удирдамж юм. Рио Тинто гэх компаниуд бүгд ийм хөтөчтэй. Тийм учраас авлигалын асуудалд орооцолдоггүй. Тэр стандартыг бүх ажилчид нь дагаж мөрддөг. Энэ их чухал юм. Энэ стандарт Монгол улсад хэрэгжих ёстой. Төрийн болон төрийн бус байгууллагад ажиллагсад хоолонд орохгүй байх, бэлэг сэлт авахгүй байх гэх мэт бүх нарийн зүйлийг тус стандартаар заагаад өгчихсөн. Манай байгууллага энэ стандартыг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа. Хэрвээ энэ стандартыг хэрэгжүүлж чадвал бүх байгууллага авлигаас урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр авлигал буурна.
Ханиад томууны дэгдэлт намжихгүй хөдөө хотгүй “ноёлж” бага насны хүүхэд гэлтгүй томчууд хүртэл ханиадад “дарлуулж” эдгэрэлт удаан, дахих магадлал өндөр буй энэ цагт 0-5 насны хүүхдэд үнэгүй эм тараана гэсэн нь чихэнд чимэгтэй мэдээ байв. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эмийг 100 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн. Эм болон худалдаалах 800 гаруй эмийн сангийн утас, хаяг байршил бүхий жагсаалтыг гаргажээ. Үнэндээ сэтгэл гонсойж, эгдүүцмээр санагдчихлаа. 0-5 насны хүүхэдтэй ээж хүний хувьд үнэгүй байсан ч хүүхэддээ өгөхгүй.Би эмч хүн биш. Гэхдээ жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэсэн үг бий.
Бага насны хүүхдүүд хүйтний улиралд биеийн эсэргүүцэл, дархлаа сулаас эсвэл гадны хүчин зүйлсээс хамаарч томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Хүүхдэд ханиадны анхны шинж илэрнэ. Өрхийн эмнэлэгт хандана. Эмч хүүхдийн биеийн байдлаас хамаарч эмийн жор бичиж өгнө. Ихэвчлэн дархлаа дэмжих амин дэм, хоол хувцаслалт анхаарахыг зөвлөж, тохирох эмийг бэлдмэлийг бичиж өгдөг.
Антибиотек тэр бүр уухыг зөвлөдөггүй. Үнэгүй олгох эмийн жагсаалтад орсон ампициллин, амоксицлин, азитромицин нь антибиотекийн төрөл, сальбутамол хоолой бачуурлын эсрэг, ацетилцистин, амброксол нь цэр шингэлэх, харин парацетомол, ибупрофен нь өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй зэргээс харахад өвчлөл хүндэрсэн нөхцөлд хэрэглэгдэх эмнүүд байх жишээтэй. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, тоосжилт, агаарын бохирдолтын хэмжээ дээд цэгтээ хүрсэн хүнд нөхцөлтэй манай улсад томуу төст өвчин улирлаас хамаараад дэгдэх нь дамжиггүй. Сүүлийн үед халдвар хурдацтай тархах, бага насны хүүхэд богино хугацаанд хүндрэх байдал ихэсч буй нөхцөлд урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлоготойгоор хэрэгжүүлэх нь зүйд нийцэх санагдана. Үнэгүй олгох эмийн жагсаалтад дархлаа дэмжсэн амин дэмүүд багтсан бол ч ард иргэдээ дэмжсэн зөв шийдэл болох байлаа.
Н.Энхтуяа: Анагаахын сургуулийн оюутнууд болон нэмэлтээр нарийн мэргэжлийн эмч нар ирж өрхийн эмнэлэг дээр ажиллаж байна
Нийслэлийн Баянзүрхийн 15 дугаар хорооны өрхийн эмч Н.Энхтуяатай товч ярилцлаа. Эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж буй. Өрхийн эрүүл мэндийн төвд 17 жил ажиллаж, хүүхдийн эмчээр мэргэшсэн туршлагатай нэгэн.
-Бага насны гэлтгүй томчууд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь хүйтний улиралд элбэг тохиолддог. Дүүргийн эмнэлгүүд ачаалал ихтэй, зарим нэг өрөө тасалгаагаа суллаж хүүхдүүд хүлээж авч байна, амархан хүндэрч хатгалгаа болж байна гэсэн яриа тасрахгүй дэгдсээр байгаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад дэгдэлт хэр их тархацтай байна вэ?
-Урьд онтой харьцуулахад өвчний дэгдэлт өндөр байна. Ялангуяа агаарын бохирдол, тоосжилт зэрэг гадны олон хүчин зүйлсээс шалтгаалж хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч гэсэн уушигны хатгалгаа болж хүндэрч байна. Өнгөрсөн жил уушигны хатгалгаа бараг оношлогдож байгаагүй. Энэ жилийн хувьд харьцангуй олон давтамжтай оношлогдлоо. Сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр, халуурах, хордлого өгөх шинж тэмдэг давамгайлж байсан.
-Танай хороонд албан ёсны бүртгэлтэй 0-5 насны хүүхэд хэчнээн хүүхэд байдаг вэ. Хэр ачаалалтай ажиллаж байна?
- Хүн ам ихтэй гэр болон орон сууцны бусад хороололтой харьцуулбал ачаалал бага учиргүй бужигнаад байдаггүй. Манай өрхийн эмнэлэгт 0-5 насны 500 орчим хүүхэд албан ёсны бүртгэлтэй байдаг. Анагаахын сургуулийн оюутнууд болон нэмэлтээр нарийн мэргэжлийн эмч нар ирж өрхийн эмнэлэг дээр ажиллаж байна. Мөн гэрийн эргэлтийн үйлчилгээг сайн хийж байгаа учраас эмнэлэг дээр бөөгнөрөх асуудал багассан.
- Гаднаас орж ирэхэд үзүүлэх хүнгүй шахам байна?
-Томуугийн дэгдэлтийн эрч саарч байгаа нь ажиглагдаж байна. Үүнийг оюутан, сурагчдын амралт эхэлж, гадуур явах нь багассанаас халдвар буурч байгаа болов уу дүгнэж байна. Ер нь 12, нэгдүгээр сарын эхний долоо хоногт өвчлөл өндөр байлаа. Цагаан сар буюу олныг хамарсан баярын өдрүүдэд халдвар ихсэх магадлал ажиглагддаг юм.
-0-5 насны хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай 10 төрлийн 30 эмийг үнэгүй олгох шийдвэр гарсан. Ампициллин, амоксицлин, парацетомол, сальбутамол зэрэг эм дурдагдсан байсан. Бага насны хүүхэдтэй ээж хүний хувьд томуу халдвар авсан тохиолдолд парацетомол, ампициллан яаран өгөхгүй л болов уу?
-Нэгдүгээрт, хугацааны хувьд хожуудсан. Халдвар өндөр ачаалалтай цаг хугацаанд 100 хувь үнэгүй эм иргэдэд хүрсэн бол давуу тал болох байлаа. Хоёрдугаарт, энэ эмийн жагсаалтад дархлаа дэмжих, вирусийн эсрэг эм нэг ч ороогүй. Гуравдугаарт, зарим эмийн сан уусдаг ампициллин зэрэг эмийг байхгүй гэсэн шалтгаанаар өгөхгүй байх тал ажиглагдсан. Мэдээж хэрэг томуу, томуу төст өвчлөлийн халдварын үед дархлаа дэмжих, вирусийн эсрэг эмнүүдийг өгөх ёстой, антибиотекийг хүндэрсэн нөхцөлд л өгнө.Гэхдээ Төр засгаас ийм арга хэмжээ авсан нь сайшаалтай хэрэг юм.
Өчигдөр орой 19.00 цагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өглөө. Одоогийн байдлаар ямар асуудлаар байцаалт өгсөн нь тодорхойгүй байна. Тэрбээр нэг цаг гаруй байцаагдсны дараа гарч ирээд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Н.Алтанхуяг хэлэхдээ "Юу болж байгааг та нар харж байгаа байх. Би Монголын төрд их олон жил зүтгэж байна. Хувийн ашиг сонирхлоор нэг ч юм хийгээгүй. Гурав хоногийн дараа болох АН-ын даргын сунгаанд нөлөөлж Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах, манай намын гишүүдийн саналаа өгөхөд нөлөөлөх гэсэн оролдлого боллоо гэж би бодож байна.
Надад хийсэн янз бүрийн хэрэг байхгүй. Энэ бүлэглэлийн эсрэг би үхэн үхтлээ тэмцэлдэнээ. Ц.Элбэгдорж, Миеэгомын Энхболд гэдэг Монголын хамаг баялгийг хамж сорж идэж байгаа хоёр нөхрийн толгойлсон бүлэглэлтэй үхтлээ тэмцэнэ. Ард түмэн намайг дэмжинэ. Би үүнд огт эргэлзэхгүй байна" гэлээ.
Үүний дараа АТГ-аас "Хууль сахиулах байгууллагын нэрийг сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг Н.Алтанхуягт сануулж байна" гээд дараах мэдэгдлийг гаргажээ.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг-с Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу тайлбар, мэдүүлэг авахаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газрын байранд дуудсан боловч цагтаа ирэлгүй 19.00 цагт хүрэлцэн ирсэн.
Н.Алтанхуяг нь мэдүүлэг өгөхөөр ирэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ард иргэдийг турхиран авчирч төрийн тусгай байгууллагын чиг үүрэгт хөндлөнгөөс хүч түрэмгийлэн, иргэдэд буруу, ташаа мэдээлэл өгч буй нь хууль бус үйлдэл юм.
Иймд хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийхээ хүрээнд хийж буй мөрдөн байцаалтын ажиллагааг аливаа нэгэн улс төрийн намын гишүүн, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахгүй байх, иргэдийг худал хуурмаг мэдээллээр хангахгүй байхыг сануулж байна. Холбогдох хуулийн дагуу мөрдөн байцаалтын явцын талаар бид мэдээлэх боломжгүй болно.
АН-ын даргын сонгуулийн сунгаа 40 хоног үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд “26 жил болж буй намд асуудал байгаа, шинэчлэл байнга явагдаж байгаа. Бид нэгдүгээр сарын 29-нд томоохон шинэчлэлийнхээ ард гарна. Үүгээр шинэчлэл дуусахгүй. 180 мянган гишүүнээсээ сонгогддог, тэдэндээ тайлангаа тавьдаг, хариуцлагатай АН Монгол Улсаа өөрчилж чадна. Өнөөдрийн тулгамдсан болон ирээдүйд гарч болох олон асуудлыг хүчтэй, гишүүдээсээ хамаардаг нам шийднэ. Шинэ даргаа бүгдээрээ дэмжиж, улам их амжилтад хүрэх ёстой. Энэ амжилтын нэг нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль байна. Дараагийнх нь 2020 оны сонгуулиад. Энэ бүхнийхээ ард аятайхан гарцгаая. Хэрүүл байдаг бол дотроо шийдэцгээе, битгий гадагшаа гаргацгаа. Би айж байсан. Нэр дэвшигчдээ таван тийшээ бутраад явчих вий гэж. Тэгээгүй, нэгтгээд ирсэнд баярлалаа” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг “АН үргэлж анхдагч, шинэчлэгч байснаа нотлон харуулж, Монголын нийгэмд бас нэг шинэ соёлын үрийг тарилаа. Нэгдүгээр сарын 29-ны өдөр бол Монголын түүхэнд тэмдэглэгдэх шинэ эргэлтийн өдөр байх болно. Шударга ёоор цангасан, том хуйвалдааныг жигшсэн ард түмний ялалтын эхний өдөр байх ёстой. Нам дамнасан бүлэглэлийн дарангуйлагч, Энхболд нарын банк санхүү, хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллага дахь хуйвалдааны бүлэглэлээ ашиглаж, улаан цайм увайгүйгээр хийсэн тэдний үйлдэл үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс нэгдүгээр сарын 29 шинэ итгэл найдварын өдөр байх ёстой” гэв.
Нэр дэвшигч Д.Эрдэнэбат “Манай намын мянга, мянган гишүүд энэ намыг сэргээсэй гэж хүсч байна. АН шинэчлэгдье гэвэл эхлээд эвлэлдэж, итгэлцэх хэрэгтэй. Итгэлцэл, эвлэлцэл байхгүй бол АН-ын шинэчлэл байхгүй. Ардчиллын үнэлэмжийг бууруулах үйл явц маш их идэвхжсэн. АН-ын алсын хараа үүн рүү чиглэх ёстой. Үүнийг хийхийн тулд тулхтай, нэгдсэн бодлоготой, ард түмний итгэлийг хүлээсэн нам болох ёстой” хэмээн хэлэв. Харин нэр дэвшигч С.Эрдэнэ “АН фракцигүй нам болъё гэвэл Алтангадас гэх аалзны тороос салах ёстой. Энэ торыг задлахын төлөө тэмцэх ёстой. Нэгдүгээр сарын 29 бол АН фракцигүй, Алтангадасгүй өдөр болно” гэдгийг тодотгож байв.
Ийн Монгол орныг 40 хоногт тойрон, намынхаа шинэчлэлийг гишүүд дэмжигчдэдээ хүргэсэн нэр дэвшигчид дөрөө мулталлаа. Тэдний хэн нь АН-ыг удирдах нь энэ сарын 29-ны өдөр тодорхой болно.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол”ын төслийг өргөн барихаар болсон талаараа мэдээллээ. Уг хуулийн төсөлд С.Зориг агсны амьдрал, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, эв нэгдлийн төлөөх үйл хэргийн талаархи түүхэн үнэнийг ард түмэнд таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, зохион байгуулах комисс байгуулан ажиллуулах, түүнд төрөөс олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг Түүхийн музейд байрлуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг судалж шийдвэрлэж өгөхийг тусгажээ.
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 42 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 202 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2, Хүүхэд өртсөн зам тээврийн осол 5 бүртгэгдсэн байна.
Тухайлбал: СХД-ийн нутаг Партизаны зам, Рашаант тосгоны хойд замд T.Prius маркийн Ү жолоочтой авто машин онхолдож зорчигч 25 настай эмэгтэй Ц, 10 настай эмэгтэй Х, 06 настай эрэгтэй Б, 05 настай эрэгтэй Б, 06 настай эмэгтэй А нарын 5 хүн гэмтсэн.
Амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ агаар салхинд гарахаар зуслан болон ойрхон орон нутгийг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг тул эцэг эхчүүд та бүхэн хамгийн хайртай үрсийнхээ аюулгүй байдлыг нь хангаж тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг нь зөв хэрэглэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан үүрэг хариуцлагатай оролцохыг зөвлөж байна.
АНУ-ын 45 дах ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп пүрэв гарагт Мексик, АНУ-ын дунд хана босгох ажлыг эхлүүлж, гарын үсэг зурж, тус асуудлаар "Цагаан Ордон"-оос мэдээлэл гаргажээ. Тус гаргасан мэдээлэлдээ АНУ-ын өмнөд хилээр Мексикийн ханыг босгоход зориулан Мексикчүүдээс импортын татвар хэмээн 20 хувийг авахаар заасан бөгөөд Трамп бусад асуудалдаа анхаарлаа хандуулж байна" гэв.
Тус шийдвэр гарсантай холбогдуулан Мексикийн ерөнхийлөгч Пена Нието-гийн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах уулзалтаа цуцалж, Мексикийн хилийг дагуулан хана боснох ажлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ долоо хоногийн эхээр Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ буюу NAFTA-г шинэчлэн байгуулсанаар 48 цагийн дотор АНУ-Мексикийн харилцаа эрчимтэй хурцадлаа. Энэ нь шинэ ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны бодлого өмнөд хөрш Мексикийн эсрэг чиглэж эхэлсэнтэй холбоотой. Тус асуудлаас үүдэн тулгарч буй үр дагаварыг дурьдвал:
• Долоо хоногийн эхээр Трамп Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ буюу NAFTA-г шинэчлэн байгуулах санаагаа илэрхийлжээ.
• Үүний хариуд Мексикийн ерөнхийлөгч Пена Нието 10 зарчим бүхий гэрээг дахин хэлэлцэх саналаа гаргажээ. Түүний саналдАНУ дахь Мексикийн цагаачдын ар гэртээ илгээдэг мөнгөний урсгалд саад хийхгүй байх, гаалийн татвар ноогдуулахгүй байх зэргийг заасан байна.
• Ингээд Ниетог Вашингтон руу хэлэлцээрт явахаар бэлдэж байх зуур Трамп АНУ-Мексикийн хил дагуу хана босгох төлөвлөгөөгөө дэлгэв.Үүнд уурссан Мексикчүүд ерөнхийлөгчөө Цагаан ордонтой хэлэлцээрт орохоос татгалзахыг уриалж эхлэв.
• Трамп хилийн дагуу босгох ханыг эхлээд Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр босгох ба энэ зардлыг дараа нь Мексикээс ямар нэг байдлаар гаргуулна гэжээ.Нието мэдэгдэл гаргаж Мексик улс хана босгоход ямар ч мөнгө төлөхгүй гэдгээ мэдэгдлээ. “Биднийг нэгтгэхийн оронд улам холдуулах ханыг босгох шийдвэр гаргасанд харамсаж бас эсэргүүцэж байна” хэмээн Нието твиттер хуудсандаа бичжээ.
• Үүний хариудТрамп мөн твиттерээр Мексик рүү довтоллоо. Тэр “АНУ 60 тэрбумыг Мексиктэй хийх худалдаанаас алддаг. NAFTA-г байгуулахаас эхлээд л энэ нь нэг талдаа ашигтай худалдаа байсан. Хэрвээ Мексик хана босгох зардлыг гаргахгүй гэвэл удахгүй болох уулзалтаа цуцалбал таарна” гэжээ
Өчигдөр буюу Пүрэв гарагт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер хэлэхдээ “Мексик улс хана босгох зардлыг өөр замаар төлнө. Өөрөөр хэлбэл Мексикийн импортын татварыг 20 хувь болгоно” гэжээ. Ингэснээр жил бүр Мексикийн импортын бараанаас $10 тэрбум орчмыг олох боломжтой тул $20 орчим тэрбумаар босох хананы зардлыг нөхөж чадах гэнэ. Үүний дараа Мексикийн ерөнхийлөгчПена Нието ирэх долоо хоногийн Мягмар гарагт төлөвлөгдсөн байсан Вашингтон дахь уулзалтаа цуцаллаа.
\1994 онд байгуулагдсан NAFTA гэрээний хүрээнд Мексикээс АНУ-д нэвтрэх барааны ихэнхэд нь гаалийн татвар ноогдуулдаггүй юм. NAFTA-ийн нөлөөгөөр Мексик улс АНУ-ын гурав дахь том импортлогч улс болсон ба жил бүр $295 тэрбумын бараа бүтээгдэхүүн Нэгдсэн Улсад экспортлодог юм. Энэ хамтын ажиллагаанаас Мексикт 1.1 сая ажлын байр бий болдог гэсэн тоо бий. Ийнхүү Трампын гадаад бодлогын эхний хохирогч нь Мексикчүүд болж байна.
Лонхонд багтдаг монгол эмэгтэй Британичуудыг шуугиулж байна. Энэ бүсгүйг Одко гэдэг аж. Тэрбээр 11 настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн байна. Өдгөө 35 настай ч, том лонхонд багтдаг аж.
Одко одоо Их Британид Cirque Berserk циркийн хамтлагийн бүрэлдэхүүнд тоглодог юм