Нийслэлчүүдийн хувьд агаарын бохирдол толгойны өвчин болчихоод байна. Өнгөрсөн арван жилд 206.9 тэрбум төгрөг утааны эсрэг зарцуулсан ч өнөөдөр нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа тун эмгэнэлтэй. “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-аас “Боож үхлээ” сэдвийн дор нэгдэн хоёр дахь жагсаал цуглаанаа маргааш хийх гэж буй. Тус төрийн бус байгууллагын хүчтэй дуу хоолой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж “хөдөлгөөнд” оруулсан. Гэвч Ерөнхий сайдаас агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг үүрэг авсан ажлын хэсгийнхэн энэ сарын 19-нд товолсон хурлаа хийлгүй “том толгойлсон” сурагтай. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлуудыг авч хэлэлцэж, өвөл зун гэлтгүй сар бүр агаарын бохирдлын асуудлаар хуралдахаар тогтсон байна.2007-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улс, нийслэлийн төсвөөс 119 тэрбум 779 сая төгрөг, олон улсын зээл тусламжаас 87 тэрбум 185 төгрөг буюу нийт 206 тэрбум 964 сая төгрөг зарцуулжээ. Энэ хугацаанд “Байгальд халгүй түлшний үйлдвэрлэлийг дэмжих”, “Нүүрс” гэх мэтчлэн сайтай муутай төсөл, хөтөлбөрүүд олон хэрэгжсэн байна.Нийслэлээс иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 200 агаар цэвэршүүлэгч суурилуулжээ. Энэ арга хэмжээ цаашид үргэлжлэх юм байна. Мөн 48 сургуулийн сурагчдад 50000 амны хаалт олгосон аж. Гэр хорооллын замбараагүй тэлэлтийг зогсоож, яндангийн тоог бууруулж, суурьшлын шинэ бүс байгуулах талаар гурван захирамж гаргасныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжжээ. Хуралдааны үеэр НИТХ дахь намын бүлгүүд болон хороод санал дүгнэлтээ танилцуулсан. Дунд болон урт хугацаанд цахилгаан халаагуур гол шийдэл болно. Цахилгааны шөнийн тарифыг одоогоор тэглэсэн ч ирэх жил, түүний дараа жил гэх мэтчлэн үргэлжлэх эсэх нь тодорхой бус учраас иргэд халаагуур авах асуудал зоригтой хөрөнгө оруулалт хийхээс хаширлаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд утаатай тэмцсэн нэг гол ажил бол орон сууцны ипотек байсан. 80000 айл ипотекээр орон сууцанд орсон. Ингэснээр хэдэн мянган яндан түүний цаана шийдэгдсэн.Гэтэл одоо ипотекийн зээл зогсчихсон. Нийслэл энэ асуудлын хойноос хөөцөлдөх ёстой гэж НИТХ-ын М.Тулгат саналаа хэлж байсан. Сар бүр агаарын бохирдлын асуудлаа хэлэлцэж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний алдаа оноог дэнсэлж байвал зайлшгүй үр дүн гарах нь мэдээж хэрэг. П.Сар
Утааны эсрэг өнгөрсөн 10 жилд 206.9 тэрбум төгрөг зарцуулжээ
2017-01-27 18:37:00