Ээж аавууд утааны эсрэг Сүхбаатарын талбай дээр жагсаж байна. Энэ талаар арга хэмжээ авахгүй бол энэ их утаа биднийг, бидний ирээдүйг хордуулж, чимээгүй үгүй хийж байгааг бид харж байна. Зөвхөн гадаа байгаа энэ утаанаас гадна, дотроос, бүр дотроос гарч байгаа бас нэг утаа ч гэсэн энд хамаатай. Маш олон хүн гаднах утааны эсрэг жагсаж, үгээ хэлж байгаа болохоор би дотроос гарч утааны тухай энд хөндмөөр санагдлаа. Миний яриад байгаа “утаа”-г хүмүүс бухимдал, стресс гэж ч дууддаг. Улаанбаатарын утаа, дотроос гарч буй энэ утаа хоёулаа их хортойн дээр гайхмаар адилхан гэмээр хэдэн шинж чанаруудтай юм.
Цэвэр агаарын төлөө
1-т. Муу зүйл шатааснаас. Түүхий нүүрс, нүүрсний хог, зарим айл нь шатаах юу л олдоно түүнийгээ шатааж гэрээ дулаацуулж байна. Яг түүнтэй адил бид өдөр бүр бусдын share хийсэн, бичсэн муу зүйлсийг уншиж, болж бүтэхгүй байгаа талаар болон дэлхийн энд тэнд болж байгаа харамсмаар үйл явдлуудыг уншиж түүнийгээ бусдад түгээж байна. Олон олон хүн өөрийн Фэйсбүүкээ “зуух” болгож түүндээ ямар ч үнэ цэнэгүй хог шатааж утаа гаргаж байна. Ээжүүдийн групп нөхөртөө гомдсон гомдолоо гаргаж, авто машины группт бүдүүлэг жолооч нарыг бүдүүлгээр харааж байна. Энэ олон мэдээллийн “яндан” зогсоо зайгүй хог шатааж хорт утаа гаргаж байна.
2-т. Хэт хэрэглээ. Хүн бүхэн дулаан тав тухтай сайхан амьдрахыг хүсдэг ба энэ хүсэл нь ч буруу зүйл биш. Тиймээс дулаан тав тухтай байхын тулд зогсоо зайгүй гал түлж, эсвэл их түлш хэрэглэдэг том тухтай машин унадаг. Гэтэл ихийг шатаах тусам их утаа гарах нь тодорхой шүүдээ. Бидний дотроос гарч буй утаа ч бас үүнтэй адил байдаг. Бид 2000 оны Hollywood-ийн киноноос үзсэн сайхан амьдралын тухай төсөөллүүд минь бэхжиж айл бүр, сайхан байшин, унах унаа, шүүгээ дүүрэн хувцастай болохыг эрмэлзэх болсон. Өөрөөр хэлбэл шаардлагаас давсан их хэрэглээг хүсэмжлэх болсон.
3-т. Дулаанаа алддаг. Утаа бага гаргадаг зуух ашиглаад гэрээ 2 хувин нүүрсээр өдөржин халааж болох байтал яагаад 3 шуудай нүүрс өдөр бүр шатаадаг вэ? гэхлээр дулаан гэр нь маш хурдан хөрөөд байдаг болохоор галаа зогсоо зайгүй өрдөхөөс өөр аргагүй болж байгаа юм. Уг нь байшин, гэр гадаанаас тусгаарлалт сайтай дулаанаа алддагүй бол цахилгааны үнийг тэглээгүй байсан ч цахилгаан теннээр ч гэрээ дулаацуулахад 2 машин нүүрс түлсэнээс ч бага зардал гарна. Бидний бухимдал ч бас яг адил гадны нөлөөлөөс өөрийгөө хамгаалахгүй, бүх зүйлийг нөхцөл байдалд даатгасан учраас үүсдэг. Өнөөдөр захирал ууртай байх, нөхөр сайхан үг хэлээгүй, найз нар ажилтай тоогоогүй, ууртай худалдагч эгчийн загнасанаас болж бид бухимддаг.
Энэ 2 утаа ижил шалтгаантай бол ижил шийдэлтэй байж бас магадгүй юм.
Утаа яаж ч үүссэн байж болно гэхдээ эхлээд бусдыг шүүмжлэхээс өмнө өөрсдийн хийж чадах бүхнээ хийцгээе.
Эхлээд “шүүлтүүртэй маск” зүүе. Утааны хорноос цэвэр агаарыг шүүж чадах зүйлсийг баг гэлтгүй хэрэглэе. Маск зүүж, шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчтэй болъё. Өөрийн мэдээллийн сувгууддаа ч шүүлтүүр хийе. Өдөр бүр муу муухай зүйл бичдэг, Share хийдэг бүхнийг Unlike, unfollow хийе.
Хог битгий шатаа. Дулаан байхын тулд гээд тааралдсан бүхнээ шатаахаа больё. Өөрийн тархиа ч бас хэрэгтэй хэрэггүй “хог шиг” бодлуудаар дүүргэхгүйн тулд өөрт тань мэдлэг болж, амьдрал тань үр өгөөж өгөхгүй мэдээллийг шатааж утаа гаргахаа больё.
Дулаан сайн барьж гал бага түлэе. Гэрийнхээ дулааныг бага алдвал заавал их гал түлэхгүйгээр гэр тань удаан дулаан байж чадна. Ихэнх хэрэглээ таны хэрэгцээ байхаас илүү трэнд бусдыг даган дууриах байх нь элбэг. Гадны нөлөөлөлд бага орох тусмаа та өөрийн жинхэнэ хэрэгцээгээ олж мэдэж илүү бухимдал багатай байх болно. Энэ өөрөө их өргөн сэдэв сүүлийн үед үүнтэй холбоотой Minimalist үзэл санаа их дэлгэрч байна.
Хүн бүр өөрийн доторх утааг багасгах аргаа олчихвол гаднах утаа ч гэсэн дотроо утаагүй хүмүүсийн ухаанаар хялбархан шийдэгдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний сэтгэл санаа, Улаанбаатарын агаар хоёул цэвэр тунгалаг байхад хот шиг минь сайхан газар хаана байх билээ.