Магадгүй өнөөдөр өвлийн улирлын хамгийн оргил хүйтэн өдрүүдийн нэг байх. Тийм байлаа ч энэ өдөр Сүхбаатарын талбайд олон зуун хүн утааны эсрэг жагсаалд нэгдэхээр цугларчээ. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн монголчууд бидний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа учраас бага насны хүүхдээс эхлээд өндөр настнууд хүртэл час хийсэн хүйтний эрчийг үл анзааран энд цугларчээ. “Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” ТББ-аас зохион байгуулсан хоёр цуглааныг 30 гаруй төрийн бус байгууллага, хамтлаг дуучид дэмжихээр ирсэн байв. “Боож үхлээ” жагсаал оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та:
1. Агаарын бохирдол, утааг гамшиг гэж үзэх эрхзүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар идэвхи, санаачлагатай, тууштай ажилла
2. УИХ-ын чуулганд биечлэн оролцож, уг асуудлыг яаралтай хэлэлцүүл
3. Эрх мэдлийнхээ хүрээнд томилдог, мөн удирддаг Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрх бүхий албан тушаалтнуудынхаа албан хэрэгцээнд ашиглаж буй автомашины тоог Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө 40 хувь бууруул.
Монгол Улсын Их хурал, УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан 7, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад 10, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, дарга Ц.Сандуйд 8,Улаанбаатар хотын Захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Су.Батболдод 5 утга бүхий шаардлагыг хүргүүлж байгаа ажээ. Энэхүү шаардлагын эхний хариуг 2017 оны хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-д бичгээр, мөн нийт иргэдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулахыг шаарджээ. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй, одоогийн явуулж байгаа үр дүнгүй ажлаа үргэлжлүүлсээр байх аваас бидний болоод үр хүүхдийн эрүүл мэндийг санаатайгаар хохироож байна гэж үзэн ардчилсан нийгмийн иргэд төр,засгаас хариуцлага нэхэж огцруулах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Жагсаалд оролцогчид уриа лоозон, хар өнгийн бөмбөлгөөр өөрсдийн “Боож үхлээ” үзэл бодлоо илэрхийлж, ордныг гороолж, ордныг тойрсон төмөр хашлаганд хар өнгийн бөмбөлгөө уяж, “Боож үхлээ”, “Шийдвэрээ гарга” , ”Аргаа өөрчил” хэмээн хашгирч, нэгдэж жагссан юм. Түүнчлэн жагсаал зохион байгуулагчид Монгол Улсын Их хурлын өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргахыг иргэдэд уриалсан нь бүгд л хүйтнийг үл ажран өргөдлөө бичиж өгч байсан. Анх Ц.Пүрэвхүү, Х.Энхбаяр нарын сэтгүүлчид цахим ертөнцөөр утааны эсрэг эсэрцгүүлээ илэрхийлсэн нь ард иргэд дээд цэгтээ хуримтлагдсан бухимдал тэсрэхэд хүрсэн билээ. Үнэхээр яаралтай шат дараалсан арга хэмжээг авахгүй бол монголчууд “Боож үхэх”-д бэлэн болжээ.
П.Сар