“Боож үхлээ” цуглааныг зохион байгуулагч “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ыг санаачлагчийн нэг, сэтгүүлч ээж Х.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.
-Өнөөдрийн жагсаалаас ямар үр дүнг харж байна. Санаачлагч, сэтгүүлч хүний хувьд анхны жагсаалаас хойш тань мэдрэгдсэн зүйл юу байна вэ?
-Анхны жагсаалаар бид утаа гамшгийн хэмжээнд хүрчихлээ гэдгийг хүлээн зөвшөөр гэсэн шаардлага тавьсан. Гамшгийн тухай хуулинд утаа гамшиг юмаа гэдгийг нэмж оруулах ёстой. Эхний алхам маань байлаа. Энэ шаардлагыг хүлээн авч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар утаа гамшиг гэдгийг хүлээн звшөөрч зөвлөмж гаргасан. Харамсалтай нь гаргасан зөвлөмжөө ажил хэрэг болгохгүй байна. Нөгөөтэйгүүр утааны голомтод очих хуралдаж эхний арга хэмжээгээ авахыг нийслэлийн болон төр засгийн удирдлагуудаас шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гаргасангүй.
-Хоёр дахь цуглаанд олон хүн иржээ. Та нарыг бусад төрийн болоод төрийн бус байгууллагууд дэмжиж байна уу?
-Дэмжлэг их сайн байна. Урлаг соёлынхон маань дэмжиж байгаад баяртай байна. “Никитон” хамтлагийнхан утааны эсрэг “Чи” нэртэй дуу зохиосон нь энд эгшиглэлээ. Дуучин Ц.Хулан, “Lemons”, “Sweetymotion” зэрэг урлаг, спортын олны танил хүмүүс дуу хоолойгоо бидэнтэй нэгтгэлээ. 30 орчим төрийн бус байгууллагууд цуглаанд оролцож байна.
-Олон зуун хүн цуглааныг дэмжихээр иржээ. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Дараагийн алхмаа төлөвлөсөн үү?
-Цэвэр агаартай болтлоо тэмцэх зорилго, шийдвэртэй ажиллаж байгаа. Пүрэвхүү бид хоёрын сэтгүүлч ээжээс гарсан санаачлага. Гэтэл цаана нь хордоод бухимдаад аргаа барчихсан маш олон иргэд ард нь бэлэн байжээ. Бид хоёр facebook-ээр ганцхан пост бичихэд л маргааш олон хүн хандаж, шэйрлэсэн байсан. Урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсоноор өнөөдөр ажлын хэсэгт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-Өнөөдрийн цуглааныг олон хоногийн өмнөөс хүмүүс мэдэж байсан. Ер нь нийслэлийн болоод төрийн байгууллагын удирдлагуудаас дэмжиж цуглаанд оролцохоо мэдэгдсэн явдал байна уу?
-Уг нь зарим нэгэн эрхэм жагсаал цуглаанд оролцоно гэдгээ илэрхийлж байсан. Гэхдээ бид нар нөлөө бүхий удирдлагуудыг цуглааны индэр дээр үг хэлэх зөвшөөрөл олгоогүй. Цугласан иргэдтэй уулзаж хийсэн ажлаа тайлагнах, хамтдаа дуу хоолойгоо нэгтгэх нь нээлттэй. Ирсэн байлгүй дээ. П.Сар