Өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатарын талбайд олон зуун хүн утааны эсрэг жагсаалд нэгдэж, жагслаа. . Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн монголчууд бидний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа учраас бага насны хүүхдээс эхлээд өндөр настнууд хүртэл час хийсэн хүйтний эрчийг үл анзааран энд цугларан дуу хоолойгоо нэгтгэлээ. “Утааны эсрэг аав ээжүүдийн холбоо” ТББ-аас зохион байгуулсан хоёр цуглааныг 30 гаруй төрийн бус байгууллага, хамтлаг дуучид дэмжиж оролцлоо. Энэхүү арга хэмжээ Монголчуудын төдийгүй гадны анхаарлыг мөн татсан байна. Манай улсад зохион байгуулагдсан “Боож үхлээ” жагсаалын талаар гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн мэдээллэсэн байна. Уг арга хэмжээний тухай дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох BBC агентлаг онцлон албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн байна.
Уг мэдээлэлд:
“Мянга мянган монголчууд Засгийн газраасаа агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахыг шаардаж нийслэл Улаанбаатарынхаа гудамжинд тэмцлээ. Тэмцэгчид 20 хэмийн хүйтэнд утааны эсрэг маск, баг зүүн, хар өнгийн бөмбөлөг барьжээ. Энэ бол монголчууд утааны эсрэг хийж буй хоёр дахь жагсаал. Эхний жагсаалаас хүргүүлсэн шаардлагад хариу өгөлгүй, өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас өвлийн хүйтэн өдөр дахин жагсаал хийж байгаа нь энэ юм.
Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл төдийгүй хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэгт тооцогддогийг НҮБ-аас тогтоосон.Олон оршин суугчид гэрээ дулаан байлгаж, өөрсдөө даарахгүйн тулд нүүрс түлж байна.
0-5 хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтын дийлэнхи шалтгаан нь агаарын бохирдлоос шалтгаалсан, амьсгалын замын өвчлөл эзэлж байгаа талаар мэдээлэл гаргасан байна.
Эх сурвалж: BBC