8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Раднаасэд: Авлигын эсрэг стандартыг Монголд хэрэгжүүлэх нь зөв, зүйтэй алхам юм

Сэтгүүлч Т.Хулан
2017-01-30 23:45:00

Монгол Улсад Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001:2016 стандартыг энэ сард багтаан үндэсний стандарт болгон нэвтрүүлэх гэж байна. ISO37001:2016 стандартыг үндэсний стандарт болгосноор авлигалаас урьдчилан сэргийлж чадахаас гадна хээл, хахууль буурна гэж мэргэжилтнүүд хэлж буй. Олон Улсын стандартын байгууллага буюу бид ISO гэдгээр нь сайн мэддэг байгууллагаас 2016 аравдугаар сарын 13-нд энэхүү стандартыг баталсан. Дэлхий нийтэд ядуурлыг, хээл хахуулийг хөгжүүлээд байгаа тогтолцооноос татгалзая, ядуурлыг бууруулахад дэлхий нийтээрээ тэмцэе гэдэг үзэл санаатайгаар энэ стандартыг олон улсын байгууллага баталж гаргасан юм. Энэхүү стандартыг төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн орчинд ажиллаж байгаа аж ахуй нэгж, хувь хүн бүгд мөрдөж болно. Нэгдүгээрт, авлигын хамгийн их хардлага төрүүлдэг байгууллагууд, тодорхой хэмжээнд авлигад өртсөн байгууллагууд энэ стандартыг мөрдөнө. Стандартыг мөрдсөнөөр тухайн байгууллага авлига, хээл хахуулыг бууруулна, авлигыг алга болгох эсвэл аливаа байгууллагыг авлигаас урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс энэ стандартыг эхлээд үндэсний стандарт болгох, түүний дараа төрийн байгууллагуудаас эхлээд мөрдөх ёстой гэдэг зарчмыг барьж ажиллаж байгаа. Төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид авлигад өртсөн гэж хамгийн их хардагддаг.Тиймээс төрийн албан хаагч, төрийн байгууллагуудын авлигад өртдөг гэсэн хардлагыг энэ стандартаар нэг мөр үгүй болгох юм. Мөн авлига байгаа бол бууруулах, тэглэх болно. Уг стандартыг Монголд нутагшуулахыг саяхан болж өнгөрсөн "Авлигын эсрэг үндэсний чуулган" -аар дэмжиж, салбар хуралдаанаас гаргасан зөвлөмжид багтаасан. Тэгвэл уг салбар хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээс тус стандартыг Монголд нэвтрүүлэхийн ач холбогдлоор байр, суурийг нь сонслоо. 

- Авлигын эсрэг ISO37001:2016 стандартыг олон улсын байгууллагаас өнгөрсөн намар баталж гаргасан. Харин манай улс уг стандартыг энэ сард Монголын үндэсний стандарт болгохоор ажиллаж байна. ISO37001:2016 стандартыг Монголд хэрэгжүүлж эхэлснээр ямар үр дүн гарна гэж та хуульч хүнийхээ хувьд харж байгаа вэ? 

- Уг стандартыг Монголд нэвтрүүлэхийг дэмжиж байгаа. Авлигатай тэмцэнэ гэдэг бол урьдчилан сэргийлэхээс эхлэлтэй. Авлигаас урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцооны 60 гаруй стандарт дэлхийд байдаг. Үүний нэг болох ISO37001:2016 стандартыг Монголын зарим байгууллагууд орчуулаад үндэсний стандарт болгохоор ажиллаж байгаа юм байна лээ. Энэ бол зөв, зүйтэй алхам юм. Төр болон хувийн хэвшлүүд энэ стандартыг мөрдөх нь эерэг үр дүнтэй. Би уг стандартыг батлахыг дэмжиж байгаа. 

- Уг стандартыг мөрдсөнөөр эерэг үр дүнтэй гэж та хэллээ. Тодорхой ямар үр дүн гарна гэж харж байна вэ

- Авлига буурахаас илүү урьдчилан сэргийлэх тогтолцоо, мэдээллийнх нь ил тод байдлыг хангахад давуу тал бий болно. Мөн харилцан хамаарал бүхий обьектуудад давуу тал бий болгох нөхцлийг хааж байгаа гэдгээрээ зөв зүйтэй юм. 

- Үндэсний стандарт болгоход цаг хугацаа, маш их хийх ажил байгаа. Тэгэхээр хэрэгжүүлэх тал дээр төрийн байгууллагууд дэмжээд явах нь зүйтэй юу? 

- Үндэсний стандарт болгож батална. Түүний дараа ажлууд үе шаттайгаар хийгдэнэ. Нэг өдөр бүх байгууллагууд уг стандартыг хэрэгжүүлээд явах боломжгүй. Энэ ажлын суурь ажлууд хийгдэнэ. Үүний дараа стандарт талаас тогтоосон дүрэм, журмуудын дагуу ажил хийгдэнэ. Үе шаттайгаар ажлууд хийгдэх байх. Энэ бол цэвэр Засгийн газрын ажил байгаа. Мэдээж байгууллагууд дэмжээд явах нь зүйтэй. 

 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment