С.Зориг агсаны хэрэг чухам яагаад 17 жилийн дараа гэж илэрнэ гэж хэмээн олон хүний хардлагыг төрүүлээд байгаа билээ. Яагаад заавал Ардчилсан нам эх барьж байгаа энэ үед, сонгуулийн өмнө гэж гээд л. 17 жилийн турш илрээгүй ардчиллын алтан хараацай нарын нэг С.Зориг агсаны хэрэг илрэх нь тодорхой боллоо гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллээр гарсаар байна. Цагдаагийн байгууллагаас С.Зориг агсаны гэргий Б.Булганыг баривчилснаас хойш С.Зоригийн хэрэгтэй холбоотой олон мэдээлэл цацагдаж байгаа юм. Тухайлбал, С.Зориг агсаны хэрэгт талийгаач Ш.Отгонбилэгийг хамаатуулан, түүнийг захиалгаар хөнөөсөн хэмээн хэрэгт холбогдуулах гэж байгаа тухай талийгаачийн хүү О.Содбилэг мэдээлсэн. Мөн саяханы нэг хэвлэлээр Хотын захирагч Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг буруутай мэтээр мэдээлээд буй. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр талийгаачийн хэрэгт холбогдон шалгуулж буй Б.Булганы талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага ихэд нууцалж байгаа бөгөөд хэргийг шалгаж буй ажлын хэсэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээллээ танилцуулжээ. Тэдний мэдээллийг сонссон ҮАБЗ-ийн гишүүд хэргийг шуурхай шалгаж, хэвлэл мэдээлэлд асуудал тодорхой болсон хойно мэдээлэл өг гэсэн чиглэл өгсөн байна. Мөн Б.Булганы биеийн байдал муу байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлт 65 хувьтай яваа бөгөөд нууцын зэрэглэлтэй хэрэг учир Б.Булганыг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй хэвээр байгаа аж. Түүнчлэн нотлох баримт цугуулах ажилд гадаадаас шинжээчид оролцуулж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Б.Булганы ар гэрийнхний хандсан өмгөөлөгч нар “Энэ хэрэгт ажиллах боломжгүй” хэмээн татгалзжээ. Учир түүний шалгагдаж буй хэрэг маш нууц байх ёстой гэсэн гарын үсэг зуруулж, үйлчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байгаа учраас тэд татгалзжээ. Б.Булганы ар гэрийнхэн аргаа барахдаа төлбөрийн чадваргүй болон өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан үйлчлүүлэгчид үйлчлэх үүрэгтэй улсын өмгөөлөгч авахад хүрсэн аж. Мөн энэ хэрэгт холбоотой гэх Орхон аймгаас баригдсан хоёр залууд ч өмгөөлөгч олдохгүй байгаа талаар мэдээлэл цацагдаж эхэллээ.
Б.Тайван