Иргэн та 1991-1994 оны хувьчлалаар тараасан цэнхэр, ягаан тасалбараа ямар үнэ цэнэтэй болохыг мэдэхгүй эсвэл тоохгүй, гээгдэж үрэгдсэнээс бүүр мартчихсан юм биш биз. Дээрх он жилүүдэд 250 мянган иргэн тасалбартай болжээ. Цэнхэр тасалбар нь өмч хувьчлалын үед 7000 төгрөгийн үнэ ханштай, үйлдвэрийн газар хувьчилж авах зориулалттай байв. Ягаан тасалбар нь 3000 төгрөгийн өртөгтэй, үйлчилгээ, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан компаниудын хувьцааг худалдаж авах эрхтэй байжээ. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг нь хувьцаа эзэмшсэнийг шууд батлахгүй ч, харин тогтоосон хугацаанд нь ашиглаж чадсан хүмүүс компаниудын хувьцааг худалдан авснаар өмч хувьчлалд амжилттай оролцсон байдаг. Гэхдээ өнөөдөр олон зуун хүний гар дээр цэнхэр, ягаан тасалбар нь байна. Зарим ч хаясан гээснээ ч мэдэхгүй ор тас мартчихсан аль нэг компанийн тодорхой хэмжээний хувьцаа, багагүй хэмжээний мөнгө хуримтлагдаад буйгаа мэдэхгүй байгаад гол учиг нь байгаа юм. Одоогоор 8 тэрбум орчим төгрөг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламж ийн төв” ТӨХХК-ийн дансанд хуримлагджээ.
Эхний алхам schcd.mn цахим хаягаар данстай эсэхээ шалгаарай
Ягаан цэнхэр тасалбартаа эсэхээ шалгахын тулд эхлээд Та данстай эсэхээ шалгах хэрэгтэй. Тухайн үед та тасалбараа баталгаажуулсан бол данстай байна гэсэн үг. Данстай эсэхээ нотлохын тулд SCHCD.MN уруу нэвтэрнэ. Иргэн та “Эрдэнэставантолгой” хувьцаа эзэмшигч эсэхээ, Төвлөрсөн хадгаламжид данстай эсэхээ мэдэхийг хүсвэл энд дарна уу гэсэн цонхийг нээнэ. “Эрдэнэставантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой юм биш үү хэмээн хүмүүс ихэвчлэн эргэлздэг аж. Тэгвэл Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дансны бүртгэлийн систем нь нэг хүн нэг л данстай байхаар зохион байгуулагдсан байдаг. Тодруулбал, “Эрдэнэставантолгой”, өмч хувьчлалын үеийн гэх зэрэг бүхий л хувьцаа таны цор ганц дансанд төвлөрөх учраас ямар ч асуудал үүсэхгүй гэсэн үг. Дээрх хаягаар ороод регистрийн дугаараараа шалгана. Мөн аль брокер дилерийн компанид данстай болон тухайн брокер дилерийн компанитай холбогдох утас, хаяг зэрэг мэдээллүүдээ авах боломжтой юм. Ингээд данстай брокер диллерийн компани дээрээ очиход танд хэрэгтэй анхан шатны бүх мэдээллийг өгнө. регистрийн дугаараа кирилл үсгээр бичээд хайхад “Иргэн Та Монгол Улсын Засгийн газраас олгосон “Эрдэнэставантолгойн” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та төвлөрсөн хадгаламжид данс нээлгэсэн байна. Та дараахь брокер дилерийн компаниар үйлчлүүлнэ үү. ” эсвэл “Эрдэнэставантолгойн” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байна. Та төвлөрсөн хадгаламжид данс нээлгээгүй байна. Хэрэв та данс нээлгэхийг хүсвэл schcd.mn цахим хуудсыг ашиглан брокер дилерийн компаниудын мэдээллийг авч үйлчлүүлнэ үү” гэсэн хоёр төрлийн мэдээлэл гарч ирнэ. Төвлөрсөн хадгаламжинд данс нээлгэсэн байна гэсэн өгүүлбэрийг нягтлан шалгах хэрэгтэй. Учир нь та зорьж очиж данс нээлгээгүй байхад данс гараад ирэхийг заавал шалгаарай. 1991-1994 онд тараасан цэнхэр ягаан тасалбараараа хувьцаа авсан байх магадлалтай юм байна.
Та ямар компанийн хичнээн хувьцаа эзэмшиж байгаагаа мэдмээр байна уу?
Цэнхэр тасалбар буюу Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг байгаа эсэх үрэгдэж алга болсноос үл хамааран иргэний үнэмлэхтэйгээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын чанх урд талд байрлалтай “Үнэт цаас төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийг зорих хэрэгтэй. Энэ төв нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцож байгаа бүх хөрөнгө оруулагчдын дансны мэдээллийг нэгтгээд хадгалж байдаг төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллага. Эндээс дансныхаа дэлгэрэнгүй хуулгыг авах эрхтэй. Ингэснээр 1995-2016 он хүртэлх авсан, худалдсан хувьцаа, түүний ногдол ашиг зэрэг бүх мэдээлэл жагсаалтаар гарч ирнэ. Энэ хуулгаа сайн нягтлах хэрэгтэй. Тухайлбал, иргэн Батад “АПУ” ХК-ийн 1000 ширхэг хувьцаа байж. Гэтэл таны оролцоо, зөвшөөрөлгүйгээр 2000 оны аравдугаар сарын 20-нд зарчихсан байх тохиолдол гарч ирнэ. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хэлтэст өргөдөл гаргаж шалгуулж нөхөн төлбөр авах эрх нээлттэй. Нөгөөтэйгүүр хувьцаа тань байгаа бол та зарж болно, хадгалж болно.
Хувьцаагаа өв залгамжлан авах эрхтэй
Иргэн та төвлөрсөн хадгаламжийн данс дахь хувьцааг өв залгамжлалаар авах эрхтэй. Ийм тохиолдолд өв залгамжлах нь өөрийн иргэн үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн гэрчилгээ, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэх юм байна. Мөн бусдад бэлэглэж болно. Бэлэглэлийн гэрээ, бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн хүсэлт, мэдээлэл, бэлэглэгчтэй холбоотой иргэний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаяг, дансны дугаар, бэлэглэж буй үнэт цаасны төрөл тоо зэрэг бичиг баримтыг бүрдүүлнэ.
Хөрөнгийн зах зээл дээр 236 хувьцаат компанийн хувьцаагаа арилжаалж байна. Эдгээр компаниас гарын 10 хуруунд багтахаар компани ногдол ашгаа тарааж байгаа аж. Ногдол ашгаа тарааж компанийн хувьцааны үнэ өндөр байна гэсэн үг. Хувьцаа хоёр төрлийн ашигтай.Тухайлбал, “Мах импекс”-ийн хувьцааг хямдхан байхад худалдаж аваад үнэ нь өсөнгүүт захчихна. Энэ мэдээллийг брокер дилерийн компаниуд өгнө. Ингэснээр та богино хугацаанд ханшийн зөрүүнээс ашиг олно. Урт хугацааны өгөөж гэдэг нь хувьцааны ногдол ашгийг жил бүр хүртэх явдал юм. Ногдол ашиг, хувь гэсэн хоёр өөр ойлголт. Компани хэвийн үйл ажиллагаатай, жилийн эцэст хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж ашигтай ажилласан мөнгөнөөсөө тараах нь ногдол ашиг. Үйл ажиллагаа нь хаагдаж хаалгаа барихаар болсон компани хувьцаа эзэмшигчтэй мөнгө өгөхийг ногдол хувь хэмээн нэрлэдэг юм байна. Компаниудын ногдол ашгийн тал дээр хувьцаа эзэмшигчид маргаантай байх тохиолдолд гардаг. Тухайлбал. Их дэлгүүрийн хувьцаа эзэмшигчид захын лангуу ажиллуулж байгаа иргэн ашигтай ажиллаж байхад их дэлгүүр яахаараа ашиг муутай ажилладаг юм гэхчлэн ногдол ашгаа чамлах, холбогдох газар гомдол гаргах зэрэг асуудлууд үүсдэг юм байна.
П.Сар