“Эрдэнэс-Таван толгой” ХК 2015 онд 4.2 сая , 2016 онд 7.65 сая, энэ онд 11.5 сая тонн нүүрс экспортлоно. Ингэснээр “Чалко” компанид төлөх үлдэгдэл өрийг ойрын хугацаанд бүрэн барагдуулах юм байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд дахин эхлүүлж, анхны борлуулалтаа амжилттай хийжээ. Нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд Цанхийн Баруун уурхайгаас эхний ээлжинд 300 мянган тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр тонныг нь 71.5 ам.доллараар тооцож, борлуулсан үнийн төлбөрийг 100 хувь урьдчилж авах нөхцөлтэйгөөр зах зээлд нийлүүлэхээр болжээ. Энэ нь “Эрдэнэс-Таван толгой” компанийн түүхэнд анх удаа хийсэн нээлттэй сонгон шалгаруулалт төдийгүй борлуулах үнийн төлбөрөө 100 хувь урьдчилж авсан анхны тохиолдол юм байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК Цанхийн Зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний дагуу өнгөрсөн оны III улиралд тонныг нь уурхайн амнаас 27 ам.доллар, IV улиралд 33 ам.доллар, 12 дугаар сараас 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам.доллараар борлуулж байгаа бол Цанхийн Баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ 2017 оны нэгдүгээр сард 71.5 ам.доллараар борлуулжээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК 2013 онд Цагаанхад боомтод тээврийн зардал оруулан 70 ам.доллараар борлуулж байсан бол өнөөдөр уурхайн амнаас 71.5 ам.доллараар зарж байна. П.Сар
“Чалко”-д төлөх өрөө ойрын хугацаанд барагдуулж дуусна
2017-02-01 09:16:49