8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 баримт: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрхэн яаж хэрэгжих вэ

2017-02-01 13:05:00

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль өнөөдрөөс мөрдөгдөж  эхэллээ. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байдаг. Ингээд өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэж байгаа  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн онцлох 30 баримтыг хүргэж байна. 

 Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

Баримт 1. Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна.

Баримт 2. Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд мөн хамаарна. 

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр

Баримт 3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд  хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

Баримт 4. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

Баримт 5. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.
Баримт 6.  Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ.
Баримт 7. Энэ зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг нөхцөл байдлын үнэлгээ хийх, хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд харгалзан үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох
Баримт 8. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл өгсөн этгээд гэрч, хохирогчид туслалцаа, дэмжлэг үзүүлсэн этгээд, энэ хуульд заасан үүргээ гүйцэтгэж байгаа албан тушаалтан, ажилтныг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгих, дарамт, шахалт үзүүлэх, буруутгах, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.
Баримт 9. Хохирогчийг хуульд заасан эрхээ эдлэхэд түүний шашин шүтлэг, соёл, зан заншлын хэм хэмжээтэй холбогдуулан аливаа хязгаарлалт тогтоохыг хориглоно.
Хохирогчийн эрхийг хангах
Баримт 10.Хохирогчийн эрхийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас гадна дараахь байдлаар хангана
Баримт 11. Хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалуулахаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тэргүүн ээлжид шийдвэрлэх
Баримт 12.Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, явц, нөхцөл байдал болон хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэсэн хариуцлагын талаархи мэдээллийг тухайн гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан хохирогчид танилцуулж, тайлбарлан өгөх

 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦОО


 
Баримт 13. Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
Баримт 14. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган батлана 


   ХҮҮХДИЙГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХАМГААЛАХ


 
Баримт 15.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй.
Баримт 16. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.
Баримт 17. Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.
Баримт 18. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэх, мэдээллийг хүлээн авахад энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
Хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах
Баримт 19.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллага, сум, багийн Засаг дарга хүчирхийллийг таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах зорилгоор энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь арга хэмжээг авна
Баримт 20.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална

 АЮУЛЫН ЗЭРГИЙН БОЛОН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ, ХОХИРОГЧИД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ


 
Баримт 21.Цагдаагийн алба хаагч хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн үнэлгээ хийнэ
Баримт 22.Аюулын зэргийн үнэлгээ хийх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална


Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах журам 


Баримт 23.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд арван дөрвөн насанд хүрсэн бол өөрөө хүсэлт гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. 
Баримт 24.Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлаж байгаа, эсхүл энэ хуулийн 33.1.1-д заасны дагуу түр хамгаалалтад байгаа хохирогч, түүний насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэл үйлдэгчтэй уулзах шаардлагатай бол насанд хүрсэн хохирогч өөрөө, эсхүл гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргаж болно
Баримт 25.Хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа хамтарсан баг хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
Баримт 26. Хамтарсан баг уулзалтын зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ нөхцөл байдлын болон аюулын зэргийн үнэлгээг үндэслэн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзана.

Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага


Баримт 27. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Баримт 28. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно.
Баримт 29. Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл өөр зориулалтаар ашигласан хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно.
Баримт 30. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасныг зөрчсөн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл