Өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны мэдээллийг сонслоо. Энэ үеэр орон сууцны 8 хувийн зээл хэнд ч хэрэггүй хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн. Харин үүний дараагаар УИХ-ын гишүүн Н. Батбаяр “Сая Ц.Нямдорж гишүүн хэллээ. Найман хувийн зээл хэнд ч хэрэггүй гэж. Удаа дараа УИХ-д сонгогдож байсан, МАН-ын нөлөө бүхий гишүүн хүн ингэж хэлж байгаад харамсч байна. Нийгэм найман хувийн зээл урагшлахыг хүлээж байна. Энийг зогсоох шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Захиалагч нь МАН, Ц.Нямдорж гэдэг нь тодорлоо. 2013 оны сонгуулиар найман хувийн зээлийг яриад АН гараад ирсэн болохоор 2016 оны сонгуульд энэ чигээрээ сонгогдох нь гэж атгаг санаагаар үүнийг зогсоох гэж хийсэн гэдгээ хэллээ. Та бол яах вэ элдэв янзын улсуудаас янз янзын аргаар байраа авчихдаг хүн. Тань шиг байр авчихаж чадахгүй хүн найман хувийн зээлд хамрагддаг юм. Тэгээд энийг зогсоосныгоо баатар болгож ярьж байгаа нь үнэхээр уучлаарай. Би таныг төрд их юм үзсэн хүн гэж боддог. Таны хэлсэн үг МАН-ын байр суурь юм уу эсвэл таны өөрийн байр суурь юм уу гэдэгт тайлбар хийхийг шаардаж байна. Энэ зээл хэрэггүй гээд байгаа юм бол ард түмнээс найман хувийн зээлийг үргэлжлүүлэх үү гэж асууя. Цэцийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн үү гэж асууя л даа” гэсэн юм. Үүнээс харахад 8 хувийн зээлийг зогсоох Цэцийн шийдвэрийн захиалагч нь МАН гэж хардаж болохоор байна.