8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард цаг агаар ямар байх вэ

2017-02-05 18:07:00

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур болон орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ


Баруун зүгийн нутаг. Энэ сарын агаарын  температурын дундаж нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын хойд, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй 

            Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн,  Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Хүрэнбэлчир хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчирээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь Ховдын нутаг, Увсын өмнөд, Завханы баруун өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй

            Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар цас орно. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хагаст 16-18м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн уулархаг нутгаар түр зуур 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Булганы зүүн хойд, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна

 

            Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар хүйтний эрч харьцангуй суларна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадас нь Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун, Булганы баруун хойд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй 

            Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй

            Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларч  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч ихэнх нутгаар харьцангуй суларна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө ихэнх нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар  дунджийн орчим орох төлөвтэй

            Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр нутгийн зарим газраар цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн сүүлчээр түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Дундговийн зүүн хойд хэсэг, Дорноговийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна

        Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч харьцангуй суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй

            Нэг ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй.           Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 16-18 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл