Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 13 дугаар давхраас Баянгол дүүргийн харьяат 21 настай Х унаж амь насаа алдсан хэргийн талаар өмнө нь мэдээлсэн. Тус хэрэгт 10 залуу, нэг эмэгтэй холбогдсон гэх мэдээлэл байна.
Тодруулбал,“Женко” Баттулгын хүү Хүлэгү, “The colors” хамтлагийн гишүүд байжээ. Тус хамтлагийн гоцлол дуучин Г.Тогтуун Америк явсан хойгуур энэ хэрэг гарсан бол бусад гишүүдийг сэжигтнээр татаж мэдүүлэг авсан байна. Тэдэнд 188.2, 192.3.4, 192.2, 192.1-д зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нэг нь цонхоор унаж байхад хориглоогүй эсвэл мэдээгүй цагдаагийн ажилтнууд гэрт нь орж ирэн нэг нь амь насаа алдсан тухай дуулгахад хэн ч цочирдоогүй гэх зэрэг олон таамаг нь мансууруулах бодис хэрэглэсэн гэж буруутгах шалтгаан болсон бололтой. Бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээллээр тус залуус ICE буюу мөс хэлбэрийн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэв. Тиймээс 11 залуугийн шээс, цуснаас шинжилгээ авч баталгаажуулахаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнд өгчээ. Хариу 14 хоногийн дараа гарах аж. Талийгаач залуу ICE буюу мөс хэлбэрийн хар тамхи хэрэглэсэн үедээ санамсар болгоомжгүй улмаас амь насаа алдав уу, аль эсвэл гадны нөлөө орсон уу гэдгийг хуулийн байгууллага тогтооно.
С.Цог хар тамхины хэргээр хоёр жилийн хорих ял сонсож байсан ч өнгөрсөн оны нэгдүгээр сард өршөөлийн хуулиар суллагдсан. Гэвч 12 дугаар сард дахин хар тамхины хэрэгт холбогдож анхан шатны шүүхээр шалгагдаж байгаа гэнэ. О.Чулуунбатын хүү ч мансуурдаг байгаад засарч хүмүүжсэн гэдэг. Төрийн өндөр албан тушаалтан, бизнесмэн олны танил хүмүүсийн хүүхдүүд холбогдох болсон хэрэг энэ мэтээр тасрахгүй байгаа нь тун харамсмаар. Хуулийн байгуулага болон холбогдох төрийн бус байгууллагууд шат дараалсан арга хэмжээ авч байгаа боловч ч хар тамхины сүлжээ өргөжих нэг хэлбэр нь мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүдийг уруу татах, донтуулах зорилго лавширсан нь шилээ даран гарах хэргүүд аюулын харанга дэлдэлсээр байна.