8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нээлттэй ажлын байр” өдөрлөгөөр 1000 орчим иргэн бүртгүүлжээ

2017-02-02 15:39:54

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Нээлттэй ажлын байр” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт эхэллээ. Өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа юм. Өдөрлөгт залуус идэвхтэй оролцож байгааг нэгдсэн төвийн ажилтнууд хэлж байлаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очсоноор нийслэлийн харьяа газруудаас санал болгож байгаа ажлын байрны талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой юм.

Өдөрлөгийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэл хотын маань хүн ам өсч, өргөжин тэлэхийн хэрээр хот төлөвлөлт, суурьшил, хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал өсөн нэмэгдэж байна. Улаанбаатар хотыг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх ажил 1938 оноос эхэлж, 1961, 1975, 1986 онуудад шинэчлэн тодотгосон удаа дараагийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж байсан бөгөөд 1961-1990 он бол их бүтээн байгуулалтын хөгжлийн үе гэж түүхэнд онцлон тэмдэглэгдсэн байдаг билээ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн бүтээн байгуулалтыг далайцтай өрнүүлж, өнөөгийн дүр төрх бүхий орчин үеийн хот болгон хөгжүүлэх их үйл хэрэгт тухайн үеийн инженер техникийн ажилтнууд мэдлэг оюунаа дайчлан ажилласан байдаг.

Нийслэл хотын орчны агаар, нутаг дэвсгэрийн хөрсний бохирдлыг арилгах, ундны цэвэр ус, цахилгаан дулаан, эрчим хүчний хангамж, орон сууцны хорооллуудын инженерийн шугам сүлжээ, авто замын хөдөлгөөн, хот тохижилтыг сайжруулах, бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудал олон бий. 2013 онд Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг УИХ-аар батлуулсан байдаг. Өнөөдөр энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд өндөр мэдлэг чадвар бүхий боловсон хүчний хэрэгцээ шаардлага өндрөөр тавигдаж байна.

Ирэх жилүүдэд дагуул хотуудыг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэр, технологийн паркуудыг байгуулахаар бид төлөвлөж байна. Гэр хорооллыг зөв үзэл баримтлалын дагуу хөгжүүлж, иргэдийг боломжийн үнэтэй орон сууцтай болгох зөв шийдэл бүхий дахин төлөвлөлтийг системтэй хийхээр төлөвлөсөн.

Нийслэл хотын бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус та бүхнийг ажлын байрны өдөрлөгт онлайнаар холбогдон, өргөнөөр оролцохыг урьж байна. Нийслэл хотоо хамтдаа хөгжүүлцгээе” гэлээ.

Залуус www.ulаanbaatar.mn цахим хуудсанд хандан, нээлттэй ажлын байр гэсэн хэсэгт бүртгүүлэх боломжтой юм. Энэхүү цахим бүртгэлийг 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллуулсан. Цахим бүртгэлд  өнөөдөр өдрийн 11 цагийн байдлаар 1000 орчим иргэн бүртгүүлжээ. Өндөр боловсрол, мэдлэг чадвартай залуусыг төрийн албанд ажиллаж, төр түмэндээ сурсан мэдсэнээ зориулахыг урьж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл