Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан 2015 оны 2 дугаар сараас эхлэн автобензин, дизель түлшний гаалийн албан татвар 1 хувь байсныг 5 хувь болгон нэмэгдүүлсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сараас авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд боомт тус бүрээр ялгавартай тогтоосон. Тухайлбал А-80 болон Аи-92 авто бензинд 270.000-400.000 төгрөг, дизель түлшинд 290.000-520.000 төгрөгт хүртэл татвар ногдуулсан. Үүний үр дүнд энэ сарын 5-наас эхлэн баруун, зүүн бүсийн аймгуудын шатахууны үнэ Улаанбаатар хотын үнэтэй ойролцоо төвшинд хүрлээ. Тухайлбал, баруун 5 аймагт 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн 3 аймгуудад 10-230 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан байна.
Дашрамд дуулгахад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 52 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 авто бензин 69, Аи-92 авто бензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй үлджээ.