“Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хөдөлгөөн, хандивын аяныг санаачлагч, Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуайтай уулзаж ярилцлаа.
-Хандивын аян санаачлагч Б.Осоргаравыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзахдаа “Таны эх оронч сэтгэлийг хүндэлж байна. Гэхдээ Засгийн газар ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа” гэдгээ тодорхой хэлсэн гэдэг. Ер нь уулзалтын үед ямар яриа өрнөсөн юм бэ?
-Уулзалтын үеэр би ард түмний хандиваар Монгол Улсынхаа өрийг дарна, ийм тийм чиглэлээр зарцуулна гэсэн асуудал ерөөсөө хөндөж яриагүй. Ерөнхий сайд аяныг санаачилж өрнүүлсэнд гүн талархлаа илэрхийлье. Таныг эхлүүлсэн ажлыг дэмжиж байна. “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хөдөлгөөний эсвэл таны нэр дээрх дансанд хандивын мөнгийг төвлөрүүлэх нь зохимжгүй байх. Ард түмэнд буруу ойлголт төрөх вий, нэг хүн мөнгө цуглуулах гэж байна, төвлөрсөн мөнгө тодорхой хэмжээнд алга болно гэсэн хардлага, сэрдлэгэ төрчих вий. Тиймээс Төрийн санд данс нээе, хандивласан мөнгийг нэртэй ус, өдөр судартай нь ард түмэндээ тогтмол мэдээлж байх системд оруулья гэсэн яриа өрнөсөн. Би тэр саналыг хүлээн зөвшөөрсөн. Өөрийнхөө хандивласан мөнгийг хоёр банкинд тав таван саяар нь хийчихсэн. Төрийн болоод Хаан банкны дансаа нэгэнт хэвлэлийн бага хурлаар зарлачихсан учраас хоёр хуваагаад байршуулснаа Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлсэн. Гэхдээ дахиад л идэж уусан гэсэн хэл ам дагуулаад өнгөрөх вий гэсэн эмзэглэл иргэдийн дунд байгаа. Тиймээс ард түмний хяналттай төрийн дансанд байршуулчихвал надад татгалзах зүйл алга гэдгээ сайдад илэрхийлсэн. Түүнээс биш таны цуглуулж байгаа мөнгө төр засагт хэрэггүй ээ, өр зээлээ төлчих мөнгөө олчихсон, Засаг газар төлчихнө гэсэн утгатай нэг ч үг хэлээгүй. Сөрөг сондгой мэдээлэл яваад байна. Ерөнхий сайд бусдад зэмлүүлсэн байж магад. Осоргарав гуайг авчирч уулзаад, дэмжиж тусаллаа, төр засаг ард түмнээсээ дэмжлэг туслалцаа гуйхдаа тулчихсан биш, буруу мэссэж ард түмэнд хүрчихлээ гэх мэтээс зайлсхийснээс элдэв янзын мэдээлэл гараад байгаа юм болов уу хэмээн би бодож байна. Миний хувьд хандив тусламж хэрхэн зарцуулахаа эргэж ярилцья, ард түмний саналыг сонсьё хамтран ажиллахад бэлэн байгаа илэрхийлсэн. Дахин хэлэхэд хандив туслалцаагүйгээр өрөө төр засаг дарчихна гэж сайд ам ангайгаагүй, би ч ард түмнээс цугларсан хандивыг өрөнд л зарцуулна гэж тулгаж хэлээгүй. Хоёр талтай асуудал шүү. Монгол улсын эдийн засаг хүндэрсэн гэдгийг ерөнхий массаар нь ойлгож байгаа.Өрөнд зарцуулна уу, эмнэлгээ барина уу, сургууль цэцэрлэгтээ нэмэрлэнэ үү энэ чинь дараагийн асуудал хэмээн би ойлгож байгаа. Хэдэн ч төгрөг цугларах юм билээ. Ямар ч юм болох юм билээ. Юу юуны туханд хүрэлгүй би өр дарчихна, мөнгө цуглуулна энэ тэр гэж цээжээ дэлдэх асуудал огт биш. Ард түмэнтэйгээ, төр засагтайгаа ярилцаж байгаад шийдэгдэх асуудал. Би анхнаасаа ийм байр суурьтай байсан.
-Монголын төр, Засгийн газар ард түмнээсээ хандив цуглуулж бондын өр төлөхгүй. Иргэдийн хандиваас нэг ч төгрөгийг бондын өр төлөлтөд зарцуулахгүй. Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын өрөө хэрхэн төлөх шийдлээ нэгэнт олсон, хугацаанд нь бүрэн төлөх боломжтой болсон байгаа. Харин иргэдээс сайн дурын үндсэн дээр цугларсан хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт ард түмнийхээ хяналт дор зарцуулна гэж албан ёсоор мэдээлсэн. Таны зарласан хэвлэл бага хурал, Засгийн газрын мэдээлэл зэргээс улбаалж хандив өгнө, өгөхгүй гэхчлэн эерэг, сөрөг мэдээлэл их гарч байна.
-Олон хүний санаа, үзэл бодол өөр өөр. Ард түмэн зөв талаас ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэл нь хэдэн төгрөгийн өр төлөөд л болчих асуудал огт биш. Өрөө төлчихсөн цаана түмэн асуудалтай тулгарна. Ёстой л хоолой дээр тулсан асуудал болчихоод байна.Эмнэлгээ ч барьж чадахгүй, сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Нэг ширээн дээр гурван хүүхэд сууж хичээллэж байна. Өглөө эрт хорт утааны оргил дэгдэлтийн үед үр хүүхдүүд хичээлдээ явцгааж байна. Нийт массаараа л хүндэрчихээд байгаа учраас асуудлуудаа шийдэж чадахгүйд гол учиг нь. Хандив тусламжийг нэг талаас мөнгө зоосоор хэмжиж хэлэлцээд байна. Нөгөө талаас нь авч үзвэл талцаж хуваагдаад тал тал тийшээ харж суучихаад, намчирхана, бараг нэг гэрийн эр эм хүртэл хоёр өөр намд элсчихсэн хэрэлдэж хэлэлцсэн нөхцөл байдал үүсчихээд байгаа биш үү. Тиймээс ард түмнийхээ сэтгэл санаа, оюун ухааныг нэг зүгт хандуулах юмсан. Хоосон ч сэтгэл өөдрөг, хэнтэй ч уулзахдаа инээмсэлээд угтдаг, гар барин мэндэлдэг эерэг орчин бүрдүүлэхсэн. Бид нэг л уурлангуй уцаарласан бухимдсан байдалтай аж төрж байна. Би Монгол бахархалын баярын өдөр телевизээр түүхэн үйл явдлыг харуулсан кино нэвтрүүлэг үзэж суухдаа бидний өвөг дээдэс ямар их зүйл бидэнд өвлүүлсэн юм тэгэхэд хойч үе нь эх орноо эдийн засгийн хүндрэлтэй үед нь нэгийг бодож, хоёрыг тунгааж, “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хөдөлгөөн өрнүүлбэл яасан юм гэсэн санаа төрж санаачлагын эхлэл тавигдсан.
-Монголын Улсын хүн амын тоо, түүнд ногдох орлогын судалгаа нарийвчлан судалж тооцоо гаргасан гэсэн. Энэ талаараа тодруулж ярина уу?
-Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр туслаач гэсэн ардын сайхан үг байдаг. Эдийн засгийн энэ хүндрэл олон жил үргэжлэхгүй, төр засаг бодлогоо зөв тодорхойлоод, ард иргэд санаа нэг байх чухал. Тавантолгой Оюутолгой, далд эдийн засаг гэж хэчнээн жил ярив даа. Идэж уухын төлөө хийдэг зүйлээ багасгаад, талцалгүй улс орныхоо төлөө гэсэн сэтгэлээр хандаад явчихвал энэ хүндрэл чинь цаг зуурын юм шүү дээ. Гарах боломж байна. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань голч нуруутай хандаж энэ уриалга санаачлагыг дэмжээд, ард түмэндээ зөв талаас нь нэмж уриалаасай гэж би бодож байна. Зарим нэг УИХ-ын гишүүд хандивын тусламжийн хэрэг байхгүй гэх мэтийн буруутгасан өнгө аястай ярьж байсан. Ингэж эсэргүүцэж ярихаасаа илүүдтэй өөрсдөөсөө эхлээсэй гэж үзэж байна. Ард түмэн санаачлаад өрнүүлээд ирэхэд Дэлгэрсайхан, Оюундарь гишүүн шиг, Ажнайн Бат-Эрдэнэ , их аварга Дагвадорж, Женко Баттулга шиг эх оронч үзлээр хандах хэрэгтэй. Тэгээд ч би УИХ, Засгийн газрын гишүүд 100 сая төгрөг хандивлах тооцоо гаргасан байгаа. Дэд сайд 25 сая, агентлагийн дарга нар 50 сая, аймгуудын Засаг дарга нар 20 сая гэхчлэн албан тушаалаар нь нарийвчилсан тооцоог гаргасан. Энэчлэн хандив цугларвал том сайд, гишүүн, дарга нараас 25 тэрбум төгрөг цугларах боломж байна гэдгийг би нарийн тооцоо хийж гаргаж ирсэн юм шүү. Хандив тусламж хэрэггүй хэмээн цээжээ дэлдээд хэвлэл мэдээллээр мэр сэр яриад байдаг томчуудад хандаж хэлмээр байна. Иймэрхүй маягаар хандвал би дараагийн хөдөлгөөнөө эхлүүлнэ. Сонгуулиар баахан шохойтой цаасан дээр өөрсдийгөө рекламдсан зураг хуудас гэр хорооллоор нэг тараасан. Үнэндээ тэр шохойтой цас галд шатахгүй, айлд өрхөд нэмэр болохгүй хог болсон. Бор ходоодоор нь тоглож хэдэн цаас өгснөө, гал ч болчихгүй шохойтой зурагт цаас тараасан болж УИХ-д гарчихаад өнөөдөр ард түмнийхээ эсрэг зүйл ярьж байгаа бол харин ч зориг орчихлоо, дараачийн алхмаа хийнэ. Төрийн толгойд суучихаад ард түмнээ басамжлах нь ёстой муухай. Ард түмнийхээ дэмжлэгийг мохоогоод суух ямар хэрэг байна. Тэдэнд тийм ёсзүйгүй байх эрхгүй хүмүүс. Ийм л аягтай байгаа болохоор ард түмэн бухимдаж хандивласан мөнгийг дээдчүүл идчихнэ, Осоргарав гуай хандивласан 10 сая төгрөгийг чинь идээд уучихна гэсэн олон хүн байна. Энэ чинь төрдөө итгэх итгэлгүй болсны шинж. Намайг дэмжиж байгаа 200 гаруй мянган хүн байна. Эсэргүүцэж байгаа ч хүн байна. Тийм ч байх ёстой. Монгол гэсэн ганц л цус бидний судасаар урсаж байгаа. Би ядуу, хоногийн хоолгүй баж юугаа өгөхийн гэсэн хүмүүс байна. Би хэзээ ч таныг ядуу гэж хэлээгүй, тэр баян, Дорж хоосон гэж хэлэх эрхгүй. Боломжтой нь өгнө биз ээ. Тоо тооцоогүй зүйл чинь юм болдоггүй. Өмнө зөндөө л хандив өрнөсөн, хандивын хайрцаг аялдаг. Тийм учраас би толгой гашилгаж, нүдээ чилээн байж хоёр сар сууна гэдэг чинь хэцүү. Хүнд тоотой тооцоотой зүйл хэлвэл хүрдэг. Тухайлбал, Дэлгэрсайхан гишүүн миний тооцоог зөв гэж үзээд 100 ,” Моннис”-ийн Б.Чулуунбаатар 100 сая төгрөг тус тус хандивлана гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр тооцоо үндэслэлтэй байна гэсэн үг. Тэр хүн үндэслэлгүй бол өгөхгүй. УИХ-ын гишүүн юун 100 сая төгрөг хандивла гээд эсэргүүцэх жишээтэй. Тэгэхэд эсрэг зүйл яриад сууж байдаг эрхэм гишүүн та ёстой орчлонгийн тэнэг, та наад суудлаасаа зайлах хэрэгтэй гэдэг үгийг онцолж хэлмээр санагдчихлаа.
-Та 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжж хандивласан. Та хөрөнгө мөнгөө их арвижуулсан хүн үү?
- Би 70 нас хүрэх гэж байгаа хүн. Би цалингаараа амьдардаг хүн. Ард түмнийхээ төлөө сэтгэл зүрх минь цохилсон учраас энэ аяныг бодож төлөвлөж, найз нөхөдтэйгөө зөвлөж байж шийдсэн асуудал. Сүүлийн жилүүдэд хувийн аутидын компани ажиллуулж байна. Өмнө нь төрийн өмчийн байгууллагад олон жил ажилласан. Өглөөний 09:00 оройн 21:00 цаг хүртэл ажиллаж байна. Эхнэр маань орой 19:00 цагийн оччихлоор цаг уруугаа хардаг. Чи яагаад эрт ороод ирэв. Бие нь өвдсөн үү гэж асуудаг. Ард түмэн бүгдээр ингэж л ажиллаж амьдарч байна шүү дээ. Тэгэхэд дарга нар, томчууд яаж ажиллаж байна. Үзэгний үзүүр хөдөлгөж сууж байгаа улсууд. Ард түмнийг ноолоод, номхочихлоод буруу зөрүүгээр нь дуудаад сууж болохгүй шүү дээ. Хэний ачаар хэн болчихоод сууж байгаа ямагт бодож тунгааж суух хэрэгтэй.
-Аян өрнөчихлөө тантай биечлэн уулзах, утсаар ярих зэрэг хүмүүсийн хандлага хэр байна вэ?
-Зөндөө байна. Америкаас хоёр залуу утасаар ярьсан .Бид энд хандивын хөдөлгөөн өрнүүлчихлээ гэж ярьсан. Солонгосоос хүүхнүүд уйлаад ярилаа. Бид аргагүй эрхэнд нутгаасаа гарсан.Амьдралын төлөө нөхөр, хүүхэд, аав ээжээ орхиод явсан гэж ярьсан. Таны санаачлагыг бид дэмжинэ гэсэн. Австралиас хүмүүс ярилаа. дансанд нэлээд мөнгө орсон байх би шалгаагүй байна.
П.Түмэн