Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө аян өрнүүлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Аяны хүрээнд иргэн бүр нас, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж тус бүр 1000-100 сая төгрөг хандивлах аж. Ингэснээр нийт 640 гаруй тэрбум төгрөг "Эх орныхоо төлөө" санд төвлөрөх юм байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуй нэгжээс 2-2.5 сая төгрөгийн хандив хүсэв. Үүнээс гадна оффшор данс эзэмшигчдээс 350 орчим тэрбум төгрөгийг тус санд нэгтгэх бололцоотой гэж үзэж энэхүү аяныг өрнүүлсэн аж.
Энэхүү аянд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 20 сая төгрөг тус тус хандивлахаа мэдэгдсэн. Түүнчлэн хандивийн аяныг санаачилсан Гавьяат эдийн засагч Б.Осоргарав өөрийн зүгээс 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивласан юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсны хандивын данс нээхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосоны дагуу Монголын Засгийн газар түүхэндээ анх удаа хандивын данс нээсэн явдал энэ юм. Ингээд хандивын данс болон аян талаар эдийн засагчид, иргэд ямар байр суурьтай байгааг сонссон юм.
Ч.Анхбаяр: Хандивын данс нээх нь буруу. Ингэхийн оронд улс орныг ингэж өрөнд оруулсан нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй
Эдийн засагч, шинжээч Ч.Анхбаяр: -Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байна уу гэвэл хүнд байна. Гэхдээ хандивын данс нээх хэмжээнд хүрсэн зүйл байхгүй. Эдийн засгийн өсөлт юу юугүй хасах руу ороогүй. Дефолт зарлаагүй байхад хандив нээх нь буруу гэж бодож байна. Мэдээж улсын төсөв дээр хүндрэлтэй асуудал бий. Энэ хэмжээний асуудлыг даваад гарах дотоод нөөц боломж, бололцоо байгаа. Гэтэл заавал хандив хүсч данс нээх хэрэг байсан уу гэвэл үгүй. Улмаар энэхүү аяны талаар гадаадын улс орон хэрхэн, ямар өнцгөөс харах уу, хэвлэлүүдэд юу гэж гарах вэ гээд эерэг болон сөрөг талууд гарч ирнэ. Ингэхдээ сөрөг тал нь илүү давамгайлах магадлалтай. Учир нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байдалд орж иргэдээсээ хандив хүсч эхэллээ гэсэн ойлголтыг төрүүлж байна. Нэг үгээр хэлбэл дампуурлаа зарлаж байгаатай адилхан. Ингэснээр манай улсын гадаад талдаа харагдах нь байдалд сөрөг хандлага гарч ирнэ. Энэ эргээд манай улсад хөрөнгө оруулах хүсэлтэй улс, оронд сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай. Дотоод нөөц боломж бий. Ханш нэг үеэ бодвол тогтворжоод эхэлсэн, удахгүй олон улсын валютын сангаас зээл авна, "Стэнд бай" хөтөлбөр хэрэгжээд ирээр үүнийг дагасан зээл тусламж орж ирнэ. Гэх мэтчилэн харвал өөрсдөө бололцоогоо ашиглах нь зүйтэй. Тэгэхгүй ингэж хандивын данс нээх нь буруу. Мөн оронд улс орныг ингэж өрөнд оруулсан нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй.
Х.Батсуурь: Хандивын аян зохион байгууллалттайгаар хийж байгаа зүйл
засагч Х.Батсуурь: -Хандив нээх хэмжээнд хүрэхээр манай удсын эдийн засаг муудсан юм байхгүй. Хандивын аян эхлүүлсэн нь үнэндээ цаагуураа сөрөг үр дагавартай, буруу жишиг юм. Улс эх орон, ард түмнээсээ хулгай хийж авсан мөнгөө гадаадын оффшор данс хийж, хувааж идсэн нөхдүүдийг хацайлж, өмөөрч байгаагийн нэг илрэл. Мөн тэдэнтэй тэмцэхгүй, тэмцэж чадахгүй гэсэн үг. Энэ хандивын санаачилга нь далдуураа оффшортнуудыг хамгаалах, нөгөө талдаа тэдний зувчуулсан мөнгийг ард түмний хувийн халааснаас гаргуулах гэсэн оролдлого гэж харагдаж байна. Нөгөө талаасаа эрх мэдэлтэй хүмүүс улсын мөнгийг үрэн таран хийж, шамшигдуулж болдог. Үүнээс болж хямарсан эдийн засгийг ард иргэд нь хандив өгч сэргээдэг гэсэн буруу жишиг тогтож, ойлголт бий болно. Мөн хүн амын 60 орчим хувь нь ядууралд орчихсон байхад иргэдийн хоолноо хумсалж байгаа юм. Тиймээс би хандивын данс нээсэн нь буруу гэж бодож байна. Нөгөө талаас энэ зохион байгууллалттайгаар хийж байгаа зүйл.
Эдийн засагчид ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм. Харин иргэд ингэж ярив.
-Миний ойлгож байгаараа энэ аян бондыг өрийг төлөх гэж өрнүүлсэн гэж ойлгож байгаа. Тиймээс бондын мөнгөөр санжүүжилт авсан аж ахуйн нэгж байгууллага, эрх мэдэлтнүүд хандив өгөх нь зөв. Харин энгийн иргэд бид хандив өгөх үндэслэл байхгүй. Хэдий эх оронч сэтгэл гараад боломжоороо хандив өгье гэж бодсон ч өгөх зүйл байхгүй байна. Иргэд өөрт байгаа үнэтэй бүх зүйлс банкны барьцаа эсвэл ломбарданд тавиад өөрсдөө гар хоосон сууна.
-Улсын мөнгөөр тансаглаж, суугаа нөхдүүдийн өмнөөс энгийн иргэд бид яагаад хандив өгөх ёстой гэж. Биднийг сайхан амьдруулж чадаж байна уу. Аль ч үед иргэд ядарч зүдэрч ирсэн. Сонгуулийн жил нь эрх баригчид, эрх мэдэлтэй нөхдүүд хүн шиг болдог. Бусад үед иргэд нь яаж байгаа, ямархуу амьдарч байгаа нь хэн ч хамаагүй байдаг. Тэгж байхаар гадаадад байгаа нууц данстай хүмүүсээс мөнгө авах хэрэгтэй, авч чадахгүй бол зээлээд ч болов авах хэрэгтэй. Эхлээд оффшор данстай хүмүүсээс хандив авсны дараа иргэд боломжоороо хандив өгвөл болохгүй зүйл байхгүй.
-Ямар учиртай ийм хандивын аян өрнөөд байгааг ойлгохгүй байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ийм аян өрнүүлэх шаардлагагүй бондын өрийг дарчих боломж байгаа гэж мэдэгсэн. Яахав өгөх нэг нь өгнө биз. Гэхдээ иргэдийн хувьд энэ тийм ч таатай зүйл биш. Иргэдээсээ хандив хүсэх нь зохисгүй зүйл юм шиг санагдаж байна.
Иргэд ийнхүү ярьж байна. Түүгээр зогсохгүй олгиархуудын тавьсан өр төлбөрийг ард түмэн төлөхгүй хэмээн эсэргүүцэх нэгэн ч байсан юм. Өөр нэгэн улс орон ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө хандивын аянд нэгдэх зөв ч эхний ээлжид оффшор данстай хүмүүсээс мөнгийг нь хурааж авах хэрэгтэй хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.