Өнөө маргаашгүй амьсгаа тасрах гэж байсан Сэлбэ голыг аврах компанит ажил дөрвөн жилийн тэртээ эхэлж, “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байсан нь саяхан. Гэвч татвар төлөгчдийн мөнгөнөөс 8.9 тэрбумаар тоглосон болоод л өндөрлөсөн. Тэгвэл уг ажил сураг алдрахтай зэрэгцээд Сэлбэ голын далан дээр зэрэгцээд шахуу боссон S.Outlet’s дэлгүүрийнхэн уухай хашгиран Сэлбэ гол руу дайрч шороо асган, хашаагаа тэлээд зогсохгүй, голын гольдрилыг хүртэл өөрчлөөд амжсан билээ. Тэр ч бүү хэл S.Outlet’s дэлгүүр Монгол Улсын хуулийг хэд, хэдэн удаа ноцтойгоор зөрчиж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож, НМХГ, НЕТГ, Туул голын сав газрын захиргаа тухай бүртээ өөр, өөрийн чиглэлээр ноцтой зөрчил илрүүлсэн ч өнөө хэр таг дүлий...
Гэвч булавч бултайна гэгчээр тус дэлгүүрийнхэн нэг хүний эрүүл мэндээр “тогложээ”. Тодруулбал S Outlet's дэлгүүрийн үйлчлүүлэгч эмэгтэй тус газрын хоёр нохойд уржигдар оройн 19.00 цагийн үед уруулсан хэрэг гарчээ. Энэ талаар хохирогч иргэн маш их гомдолтой байгаа төдийгүй өмнө ч ийм хэрэг гарч байсныг цахим хуудсандаа дурджээ.
“Урд нь хүн урсан гээд цагдаад тэмдэглүүлсэн ч ямар ч арга хэмжээ аваагүйгээс болж дахин хүн урсан байна. Нохой нь хүн урчихаад байхад хохино гээд эзэд нь сууж байх юм. Урсан ч гэж, биеийнх нь зарим хэсгийг өм хазаж идсэн байна. Бүр куртканых нь халаасанд байсан утсыг хүртэл соёо нь ороод хага хазчихсан. Энэ чинь хүний амь нас, эрүүл мэндийн талаарх асуудал шүү дээ. S Outlet's дэлгүүр хаах цаг нь болоогүй, дөнгөж 19 цаг болж байхад банхар, боксер 2оо сул тавиж хүн бариулсан аймшигт явдал гарсан байна. Уруулж хазуулаад орилж чарлаад амь тэмцэж байхад хэн ч гарч ирж туслаагүй, түргэн ч дуудаж өгсөнгүй. 102 бүр хүний амин чинээ тоосонгүй 103 руугаа л ярь гэсэн. Маш ихээр цус алдсан болохоор аминд нь ч хүрэх магадлалтай байсан шүү дээ...
Энэ аймшигт нохдын эздэд хариуцлага тооцох хэрэгтэй биз дээ? Нохдоосоо ч дор сэтгэлгээтэй тэр хүмүүст хариуцлага тооцуулж, бусаддаа анхааруулга болгож болгоомжлуулах зорилгоор энэ постыг шэйр хийгээрэй найзуудаа. S Outlet's дэлгүүрийнхний хүн чанар хаа байна аа” хэмээжээ.
Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйл ангид Орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүйгээр байлгасны улмаас хүний бие махбодид хөнгөн буюу хүндэвтэр гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох буюу гурван сар хүртэлх хугацаар баривчлах ялаар шийтгэнэ.
Харин Эрүүгийн хуулийн 201.2-т зааснаар “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учруулсан бол 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах эсвэл таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг байна.