8o
Улаанбаатар хот
mobile menu

“Миний нууц” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийнэ

2017-02-06 09:57:00

Багагүй хугацааны туршид үзэгч олны дунд хүлээлт үүсгээд байсан “Хувьсал” продакшины ээлжит уран бүтээл тун удахгүй дэлгэцнээ гарах нь. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг дөрвөн ч киногоороо олны талархлыг зүй ёсоор хүлээсэн авьяаслаг уран бүтээлчид маань энэ удаад томоохон тэсрэлт хийхээр зэхсэн сурагтай.

Амьдралын түмэн нугачаанд бэдчих хүмүүний хувь тавилан, ээдрээт олон шалгуурын өмнө хэрхэн сөхөрч, басхүү хэзээ ч дахиж унахгүй мэт омог бардам босч ирэх тэр л агуу сэтгэлийн хүчийг “Хувьсал”-ынхан маань харуулахаар шийджээ. Бүтээл болгондоо “хувьсаж”, үзэгч олныг гайхашруулахаас гадна амьдралын олон өнгө төрхийг уярал, ухаарлаар дамжуулан хүргэдэг тэдний энэ удаагийн тэсрэлт нь “Миний нууц” кино.

Нэрийг нь сонсоод л нэг байтугай зүйлийг бодогдуулах энэхүү киноны зохиолыг “Хувьсал” продакшины жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран  бичсэн бол, ерөнхий найруулагчаар нь “Go” студийн захирал Д.Галбаяр ажиллажээ. Киноны гол дүрд МУГЖ У.Уранчимэг, СТА Ц.Цэрэнболд, жүжигчин Б.Билгүүн, Т.Хулан, О.Мөнхдалай нар тоглосон байна.

Тус киноны видео клип өнөөдрөөс эхлэн олны хүртээл болж буй бөгөөд дууны шүлгийг МУСГЗ Ш.Гүрбазар бичиж, хөгжмийг МУСГЗ Л.Балхжав зохиосон бөгөөд МУГЖ Т.Ариунаа дуулж амьдруулжээ. Ийнхүү мэргэжлийн өндөр ур чадвартай баг бүрэн утгаараа нэгдэж ажилласан “Миний нууц” уран сайхны киног үзэгчид маань ирэх гуравдугаар сарын 02-нд “өлгийдөж” авах нь. Хүний амьдралд тэмцэх биш тэвчих ёстой үе байдаг гэдгийг энэхүү бүтээлээс мэдрээрэй...

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл