8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжлийн банкны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

2017-02-07 14:24:00

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч түр хугацаагаар хойшлууллаа.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьж, хэд, хэдэн удаагийн хэлэлцээр хийгээд буй. Одоо ч энэ хэлэлцээр дуусаагүй үргэлжилж байгаа. Энэ удаагийн хэлэлцээр нь Монголд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэхийг шийдэх эцсийн хэлэлцээр юм.

Хэлэлцээртэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл, мөн 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж буй. Засгийн газрын зүгээс Олон улсын валютын сангаас тавьсан нөхцөл шаардлагын дагуу холбогдох хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа ч нэмэлт нөхцөл, шаардлага тавигдаж болзошгүй тул хэлэлцээр эцэслэтэл түр хугацаагаар төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах саналыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гаргасныг бусад гишүүд нь 100 хувь дэмжсэн юм.

Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах юм. Уг хөрөнгөөр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хэрэгжүүлэх аж. Зээлийн хүү жилд 1.25 хувь бөгөөд төлөх хугацаа 25 жил байна хэмээн Засгийн газар танилцуулгадаа дурьджээ. Хэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, “Бид хойд хөршөөс өндөр үнээр эрчим хүч импортолдог. Төслийн танилцуулгад сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн хэрэгцээг хангах асуудлыг тусгасан байна. Энэ маш чухал. Хөтөлбөрийн хүрээнд аль аймагт, ямар станц барих вэ гэдгээ тодорхойлсон уу” хэмээн тодруулав. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, “Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Дэлхийн банкнаас 12 сая ам.доллар буцалтгүй тусламжаар олгоно. Мөн 12 сая ам.долларыг хөнгөлөлттэй нөхцлөөр зээлэх юм. Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас тодорхой хэмжээний санхүүжилт татна. Энэ хөрөнгөөр ямар ажил хийхийг нарийн гаргаагүй. Одоогоор нарны хоёр, салхины нэг цахилгаан станц барих, усан цахилгаан станци засварлах зэрэг ажлыг судалж байна” гэв. Байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар, “Засгийн газрын танилцуулга дотор Дэлхийн банкнаас 2015-2017 онд Монгол Улсад хуваарилсан 79 сая ам.доллар гэсэн байна. Тэгэхээр зээлээ аваад, энэ онд багтааж хэрэглэж дуусах юм уу” хэмээн тодруулав. Мөн "Засварлах, шинээр барихаар судалж буй цахилгаан станциуд аль аймагт байрлаж байгаа вэ” гэлээ. Зээлийг ашиглах хэлэлцээрийг 2017 оны хоёрдугаар улиралд багтааж байгуулах ёстой. Түүнээс хойш хэдэн жил ч ашиглаж болно хэмээн ажлын хэсгээс хариулаад, "Одоогоор Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл аймагт нарны цахилгаан станц барих талаар судалж байна. ЭХЯ-наас Ховд аймгийн Үенч сумын нутаг дэвсгэрт байгаа усан цахилгаан станцийг засварлана гэсэн мэдээлэл ирүүлсэн” гэсэн хариулт өглөө. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment