8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын дарга Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017-02-08 09:34:56

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтрийг  өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, томоохон хотуудтай эгч дүүсийн харилцаа тогтоох зэрэг асуудлыг ярилцлаа. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатарт байгаа Элчин сайдын яамдын хооронд “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг энэ сарын 11-нд зохион байгуулна. Уг тэмцээнд Австрали-Канадын Элчин сайдын яамнаас хамтарсан баг оролцож байгаад хотын дарга талархлаа илэрхийлж, амжилт хүслээ. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улсад байнга суух Австралийн хамгийн анхны Элчин сайдтай уулзаж байгаадаа  баяртай байна. Австралийн Элчин сайдын яам нээгдсэнээр хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн онцоллоо. Харин Австралийн элчин сайд ноён Ж.Лангтри “Манай улсын Элчин сайдын яам нийслэлд үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хог хаягдлын менежмент болон Азийн сангаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 82 оюутан манай улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаж байгаа. Цаашид тэтгэлэгт хамрагдах оюутны тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлнэ. Мөн Улаанбаатар хоттой Австралийн томоохон хотуудыг эгч дүүсийн харилцаа тогтоох ажлыг эхлүүлнэ” гэлээ.                              

Ноён Ж.Лангтри нь Австралиас Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд юм. Австралийн Холбооны улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн нь 2 улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment