Засгийн газрын хуралдаанаар 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар шийдвэрлэлээ.
Аварга малчид 26-78 насныхан бөгөөд сүүлийн гурван жил сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулжээ.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан 12 аж ахуйн нэгжийн 11 нь үр тариа, нэг нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол “Улсын аварга тариаланч” 21 иргэний 14 нь төмс, хүнсний ногоо, 7 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажилладаг байна.
Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагнал /цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулна.