8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Интерполоор хоёр Монгол иргэнийг эрэн сурвалжилж, С.Зоригийн хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн өдөр

2017-02-08 19:06:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар.

Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа:

Д.Наранбаатар: А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд уу, Архангай аймгийн эрүүл мэндийн газрын дарга уу

-Хандиваар орж ирсэн эмийг нэн шаардлагатай хүмүүст эхэлж хүргэх нь чухал- 

АНУ-ын “Гилеад сайнс” компаний буцалтгүй тусламжаар нийлүүлж буй “Харвони” эмийг элэгний С вирусээр өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны төвшин доогуур, орлоготой иргэдэд олгохоор тусгагдсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймагт 2000 хүний эмийг үнэгүй тараахаар шийдвэрлэсэн нь шинжлэх ухааны үндэслэлгүй, жалга, довны үзлээр хандлаа гэх шүүмжлэл гараад байгаа билээ. Энэ талаар “Оном” сангийн ТУЗ-ын дарга, доктор Д.Наранбаатартай ярилцлаа.

-А.Цогцэцэг сайд Архангай аймгийг элэгний өвчлөлөөр эхний тавд багттдаг гэж зарласан байсан. Элэгний өвчлөл аль аймаг илүү их байна вэ? 

-Өнгөрөгч 2015 оны байдлаар ЭМЯ-наас гаргасан албан ёсны судалгаанаас үзэхэд элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймагт хамгийн өндөр гарсан байдаг. Харин Архангай аймаг хамгийн бага үзүүлттэй гарсан. Архангай аймаг элэгний өвчлөлөөр дээр дурсан гурван аймгаас даруй гурав дахин бага. Элэгний өвчлөлөөр аймгуудаас эхний тавд ордоггүй. Энэ судалгаа мэдээллийг сайд А.Цогцэцэг сайн мэдэж байх учиртай. Хамар доор нь л тоо, баримт судалгаа байгаа. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэлгүй гэж яриад байна. АНУ-аас хандиваар орж ирж байгаа 6000 хайрцаг буюу 2000 хүний элэгний эмчилгээний “Харвони” эмийг Архангай аймгийн 45-аас дээш насны хүмүүст үнэгүй тараах шийдвэр гаргачихсан. Энэхүү шийдвэрийг бид эрс эсэргүйцэж байна. Яагаад гэвэл энэ 2000 хүний дотор амьдралын боломжтой хүн олон бий.  Гэхдээ Архангайчуудыг хандив авах ёсгүй гэж хэлээгүй. Хандиваар ирж байгаа эмийг нэн шаардлагатай байгаа зорилтод бүлгийн хүмүүст нь эхэлж хүргэх тухай ярьж байна. Зорилтод бүлэг гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны төвшин доогуур, орлого багатай хүмүүсийг хэлж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж ирсэн “Элэг бүтэн монгол” хөтөлбөрт салбарын сайд нь жалга, довны үзлээр хандаж харлуулж байна. Бас ёс зүйгүй үйлдэл. Ингэж асуусны учир нь 2017 оны Эрүүл мэндийн сайдын мэдлийн төсвийн 1/3 нь Архангай аймаг уруу орсон гэсэн мэдээлэл өнөөдөр надад ирж байна. Салбарын сайд нь иргэдээр, иргэдийн өвчлөлийг нутаг усаар нь ялгаварлаж болохгүй. Салбарын сайд нутагтаа элэгтэй хүн болж харагдах гээд монгол түмэндээ элэггүй хандах ёсгүй. 

 

Элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймагт хамгийн өндөр гарсан байдаг. Харин Архангай аймаг хамгийн бага үзүүлттэй гарсан. Архангай аймаг элэгний өвчлөлөөр дээр дурсан гурван аймгаас даруй гурав дахин бага.

-“Харвони” эмийг хөнгөлөөд нэг сарын үнэ өртөг хэд болж байна. Энэ эмийн үр дүн хэр байгаа вэ?

-“Харвони” эм нэг хайрцаг нь 300 ам.доллар буюу 750 мянган төгрөгийн үнэтэй. Үүнээс Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөгдөөд нэг хайрцаг нь 210 мянган төгрөг. Нэг курс нь нийтдээ 495 мянган төгрөг болж байгаа.  Энэ нь гурван сарын эмчилгээ.  “Харвони” эмийг эмчилгээ хийлгээд явж байгаа иргэдийн 98-99 хувь нь бүрэн эдгэрч байна. Үүнээс үзэхэд энэ эм үр дүн сайтай. Тиймээс нэн шаардлагатай зорилтод буюу хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны төвшин доогуур, орлого багатай иргэдэд хүргэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Үүнийг хаа хаанаа анхаарч үзэх хэрэгтэй. “Харвони” эмийг “Монос” групп, “Монгол эм импекс”, “Омбол”, “Ази фарма” гэсэн дөрвөн компани оруулж ирдэг. Түүнээс биш "Оном" сан эм оруулж ирж зардаггүй.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлаа хийж байхдаа халдвар авах магадлал өндөр тиймээс тархалтыг зогсоох шаардлагатай гэж ярьж байна. Үүнд тайлбар хийнэ үү?

-Элэгний С вирусийн халдвар эмчлэгдээд, эдгэрсэн ч дархлаа тогтдоггүй. Эмчилгээ хийлгэсний дараа шүдний эмнэлэгт очих, ямар нэг шивээс хийлгэхэд л халдвар авах боломжтой. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа вирусийн эсрэг эмчилгээнд хамруулчихвал эрсдэл багасна. Манайд эмэгтэйчүүд төрөх үед, төрөл бүрийн мэс заслын хийлгэхдээ вирусийн халдвар авч байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын халдварын тархалт, халдвар авах эрсдэлийг багасгах хэрэгтэй. Тэгж байж л элэгний вирусийн халдварын голомтыг устгана. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ялангуяа мэс засал, төрөх, эмэгтэйчүүд, шүдний тасгийн мэргэжилтнүүдийн дунд элэгний С вирусийн тархалт өндөр байна. С вирусийн халдвартай мэс заслын эмч нар хагалгаа хийгээд явж байна. Эдгээр эмч нараар хагалгаа хийлгэхгүй байя гэхэд өөр хагалгаа хийх эмч байхгүй байх жишээтэй. С вирусийн халдвартай эмч нар мэс засал хийхэд өвчтөн халдвар авах магадлал өндөр. Эмэгтэйчүүд төрөөд элэгний С вирустэй болох тохиолдол элбэг. Яагаад гэвэл цустай тогтмол харьцаж байгаа учраас халдвар авах, дамжих магадлал өндөр. Энэ хүмүүсийн С вирусийн халдварыг багасгах, устгах юм бол дамжиж, халдварлах нь багасна.  Энэ мэтчилэн шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлд тусламжаар орж ирсэн эм өгөх ёстой байсан. Гэтэл А.Цогцэцэг сайд үүнийг ойлгохгүй байгаа бололтой. 

-“Харвони” эмийг хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй байгаа иргэд хаана хандах вэ?

-Хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг "Оном" сангийн байранд хүлээн авч байгаа. Иргэд ажлын цагаар манай сангийн байранд өргөдлөө өгөх боломжтой.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ялангуяа мэс засал, төрөх, эмэгтэйчүүд, шүдний тасгийн мэргэжилтнүүдийн дунд элэгний С вирусийн тархалт өндөр байна.

-Үүсэн нөхцөл байдлаас болж дараагийн хандиваар орж ирэх эм зогсвол хариуцлагыг “Оном” сан хүлээлгэнэ гэсэн мэдэгдлийг сайд А.Цогцэцэг өгсөн байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-АНУ-ын “Гилеад сайнс” компаниас Гүрж улс эхний ээлжид таван мянга эм авсан. Дараа нь 20 мянган эм авсан байдаг. Манай улс эхлээд авсан 2000 мянган эмээ үр дүнтэй, зөв зохион байгуулах хэрэгтэй. Биднийг харж байгаа. Эхний удаад хандиваар авсан эмээ зөв зохион байгуулж нэн шаардлагатай, хэрэгтэй хүндээ хүргэж чадвал дараа дараагийн эм орж ирэхэд бэлэн. Хөнгөлөлттэй үнээр орж ирж байгаа элэгний “Харвони” эм зогсоно гэсэн зүйл байхгүйНамар наймдугаар сард хийсэн хурлаар энэ тухай мэдэгдсэн гэж салбарынхан нь ярьж байна. Тийм зүйл байхгүй. Олон улсын байгууллагаас анх удаа төрийн бус байгууллага хандиваар эм авсан тохиолдол энэ. Буруу зохион байгуулалт хийсэн хүмүүс хариуцлага хүлээх биш, буруу зүйлийг ойлгуулж ярьсан хүмүүсээс хариуцлага нэхэн нь зохисгүй. Товчхондоо хууль зөрчсөн хүн хариуцлага хүлээдэг.

-Дараагийн эмийг хэзээ оруулж ирэх вэ?

-Эхний ээлжид авсан эмийг зөв зохистой, шаардлагатай хүмүүстэй хүргэх хэрэгтэй байна. Дараа нь төлөвлөгөөний дагуу оруулж ирнэ. Төлөвлөсөн зүйл бий.   

-УИХ-ын гишүүд тань уруу залгаж  “Наад яриад байгаа зүйлээ боль” гэж хэлсэн гэсэн зүйл яригдаад байна. Энэ үнэн үү?

-УИХ-ын зарим гишүүд над уруу залгаж энэ асуудлыг боль гэсэн утгатай зүйл ярьсан. Ямар учиртай ингэж байгааг би ойлгохгүй байна.  

Интерполоор дахин хоёр монгол иргэнийг эрэн сурвалжилж байна

 Интерполоор Монгол Улсын 13 иргэнийг хайж байсан саяханаас дахин  хоёр иргэнийг хайж эхэлсэн байна. Тодруулбал, Булган аймгийн харьяат 1991 оны О.Элбэгжаргалыг хулгайн хэргээр, 40 настай Б.Нарантуяаг бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр ийнхүү дэлхий даяар эрэн сурвалжилж эхэлжээ. 

 

С.Зоригийн хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлэв

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа шүүж, ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарт оноосон. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт  /2017.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ хэргээс аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Хамтарсан ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтсан юм байна.

BBC: Монгол улсад 2000 гаруй бөхөн үхэж, МУ-ын эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй

BBC вебсайтад 2000 гаруй бөхөнгийн үхлийн талаар мэдээлжээ. Тус мэдээллийг BBC өөрийн албан ёсны вебсайтдаа гурван цагийн өмнө бичиж, нийтэлжээ. Иймд чухал.мн вебсайтын уншигчдадаа орчуулан хүргэж байна. 

"Зэрлэг байгаль хамгаалах нийгэмлэг"-ийн судлаачид Монголын баруун хязгаарын нутаг дэвсгэрт 2000 гаруй бөхөн үхэж, ойр орчимын экосистем, нэн ховор амьтдад ноцтой хохирол учраад байгаа талаар онцолж байна.  

Судалгаа, шинжилгээний үр дүнд 200 гаруй бөхөн үхсэн нь PPR гэх вирус өвчлүүлж байсныг тогтоосон байна. Зэрлэг байгаль хамгаалах нийгэмлэгийн эмч Ш.Энхтүвшин “Монгол улсын баруун хязгаарт 2500 гаруй бөхөн аль хэдийн үхэж, цаашид өвчний дэгдэлтийг таслан зогсоохоор үхсэн сэг зэмийг шатааж, устгалд оруулаад байна” гэв. 

Судлаачид энэхүү өвчний вирус “гэрлийн хурдаар” тархаж, онц ноцтой байдалд хүрээд байна гэв. Ш.Энхтүвшин болон түүний судлаачдын баг PPR вирусын эхний тохиолдол нэгдүгээр сарын 2-ны өдөр гарсан талаар BBC-д мэдээлж байжээ. Түүний багийн хамт олны хэлж буйгаар бөхөн бол амьтдын ховор төрлийн зүйл бөгөөд энэхүү вирусын тархалт цааш удаан үргэлжилвэл хээр талын экосистемийг тэр чигт нь мөхөлд хүргэх аюултай хэмээн үзжээ. 

1.5 сая гаруй бөхөн зүүн бүсийн зарим улс орноос “цагаачлан” сүрэглэн амьдардаг амьтад хэрэв бөхөн нэгээс нөгөө газарт нүүдэллэхдээ өвчний тархалтыг улам даамжируулж, МУ-ын эдийн засагт ноцтой хохирол учруулдаг аж. 

Зэрлэг байгалийг хамгаалах нийгэмлэгийн эмч, судлаачид зөвхөн баруун бүсийн өвчилсөн бөхөн амьтдад вакцин хийхээс илүүтэй бүс нутагт амьдардаг нэн ховор амьтдыг хамгаалах зүйтэй хэмээн мэдээлжээ.  

30-40 насныхан төрийн болон орон нутгийн удирдлагад хүч түрэн орж ирлээ

УИХ, төрийн өндөр албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх жилийн бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгдөг номтой. Өнөөдрийн байдлаар төрийн болон нутгийн захиргааны 106 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар энэ онд мэдүүлгээ 39600 орчим албан тушаалтан өгнө. Энэ жилийн хувьд төрийн болон орон нутгийн нийт байгууллага, тэдгээрийн салбар, нэгжийн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтнуудын 45 орчим хувь нь шинээр томилогдсон. Мэдүүлэг гаргагчдын 25 хувь нь өөрчлөн шинэчлэгдсэн нь сонгуулийн ялалтын нөлөө ямар хүчтэйг илтгэх мэт. Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох хуульд заасны дагуу хянан шалгаж, томилох эрх бүхий байгууллагад мэдэгддэг. Уг ажлын хүрээнд 2015-2016 оны хооронд ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт тус газрын Судалгаа шинжилгээний албанаас дүн шинжилгээ хийжээ. Дүн шинжилгээнд 2015 онд 7893 мэдүүлэг хүлээн авсан бол 2016 онд 11840 мэдүүлэг хүлээн авсан буюу урьд оныхоос нэмэгдсэн дүнтэй гарсан байна. 2015 оны нэгдүгээр сард ирүүлсэн мэдүүлгийн тоо харьцангуй өндөр байгаа нь 2014 оны 12 дугаар сард Шийдлийн Засгийн газар байгуулагдсан үетэй уялдана. 2015 оны зургадугаар сард Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагаас ирүүлсэн мэдүүлгийн тоо нийт дүнд нөлөөлсөн хэмээн үзжээ.Харин 2016 оны тавдугаар сард ирүүлсэн мэдүүлгийн тоо өндөр байгаа нь УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнөх үетэй давхцаж байгаа тул өндөр гарахаас аргагүй.Сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш буюу 2016 оны  наймдугаар сараас мэдүүлгийн тоо өссөн дүнтэй.

Мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн шалтгаан нөхцөлийг авч үзвэл 2016 онд албан тушаалын ангилал, зэрэглэл дэвшсэн 4050, шилжин томилогдсон 3758, нийтийн албанд шинээр томилогдсон 1895, эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотой шалтгаанаар 1134 мэдүүлэг ирүүлжээ. Энд бас сонирхолтой баримт байна. 30-40 насныхан төрийн болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн салбар нэгжид хүчтэй түрэн орж ирснийг батлах сонирхолтой дүн шинжилгээ хийгджээ. Мэдүүлгээ хянуулсан иргэдийг төрсөн оноор нь авч үзвэл 1941-1996 оны хоорондох хугацаанд хамаарч байгаа бөгөөд үүнээс 1982 онд төрсөн 827, 1986 оны 783, 1980 оны 780, 1987 оны 773, 1985 оны 760 иргэн байгаа нь хамгийн өндөр дүнтэй байна.

Эцэст нь судалгааны дүгнэлтэд Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад хэргийн яам зэрэг 10 гаруй байгууллагууд хамгийн олон буюу 1168-221 мэдүүлэг ирүүлсэн талаар дүгнэжээ. Мөн улсын хэмжээнд 2015 оны байдлаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 39583 албан тушаалтан байсан бөгөөд 2015 онд эдгээр албан тушаалтнуудын 20 орчим хувь нь, 2016 онд 30 орчим хувьд нь өөрчлөлт орсон байна. Гэвч санаатай санамсаргүйгээр хөрөнгө орлогоо хуурамчаар мэдүүлэх, нуун дарагдуулах, ашиг сонирхлын зөрчилтэй хэрэг ганц нэгээр дуусдаггүй. Тухайлбал, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг хуулийн хугацаанаас 57 хоног хоцроож мэдүүлсэн. Мөн өөрийн төрсөн дүүг томилохдоо “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлүүлээгүй байдаг. Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар хандсаны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хууль зөрчсөн буруутай этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын зургаан албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого болон эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцаа, тээврийн хэрэгсэл мэдүүлээгүй. Харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус тухайн мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг бүрэн гүйцэт тайлбарлаагүй зэрэг зөрчил гаргасныг тогтоосон.

Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах зэрэг хариуцлага тооцуулах тухай албан бичиг хүргүүлсэн байна.    

Монголын "ООГИЙ" бренд дэлхийн загварын зах зээлийг "ноёрхож" эхэллээ                                                                       

Эх дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг гаргаж яваа олон сайхан залуучуудын нэг бол О.Оюунцэцэг билээ. Тэрээр Австралийн томоохон тооцогдох мэдээллийн технолгийн “RackCorp” компанид олон нийттэй харилцах албанд PR менежер хийдэг. Зарим нь түүнийг сэтгүүлч гэдгээр нь илүү сайн мэддэг. 

Тэрээр саяханаас шинэ“OOGII” хэмээх бренд гаргаж, дэлхийн зах зээлд гоёмсог хийц бүхий гутал, цүнхийг үйлдвэрлэж, олон нийтэд танилцуулахаар шаргуу хөдөлмөрлөж байна. Ингээд  чухал.мн вебсайтын хамт олон түүнтэй цөөн хором ярилцаж, ажил, бренд бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бүтээл гаргах ажлын явц хэр байна вэ?

-Сайн сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ бүтээл бүр гаргахад маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл ордог юм байна шүү.

-Таны фейсбүүк дээр нийтэлж буй пост бүрээс ажлын явцын талаар мэдээллийг их авдаг. Тэгвэл “ОOGII” брендийг гаргах санаа анх яаж төрсөн бэ?

-Далайн лусын дагины сүүлний өнгөнөөс санаа авч хийсэн. Мэдээж энэ бүх бренд колекцийг гаргахад хамт олон харилцан тохиролцож, "энэ өнгө их сайхан юм байна" гэж шийдээд хийж эхэлсэн. Гэхдээ ер нь ямар ч эмэгтэй хүн гоёмсог гуталд татагддаг шүү дээ. Иймд хөлд эвтэйхэн, чанартай боломжийн үнэтэй гутал гаргахаар шийдсэн.

-“ООGII” бренд одоогийн байдлаар хэдэн колекц гаргасан байна вэ, сонголт хэр арвин байгаа вэ?

-Үндсэндээ "цагаан, ногоон могойн арьсан колекци" ба "Мэрмэйд колекци" байгаа. Дан ганц өндөр өсгийт бус түрийтэй гутал ч үйлдвэрлэж байна. Түрийтэй гутлын хувьд нарийн өсгийтэй, дөрвөлжин өсгийтэй гэсэн хоёр сонголт байгаа бол бүх өндөр өсгийтийн өсгийний өндөр 6-11 см байгаа тул эмэгтэйчүүд өөрийн биеийн онцлогтоо тааруулан худалдан авах боломжтой.

-Брендээ хэзээ олон нийтэд албан ёсоор танилцуулж, худалдаалж эхлэх вэ?

-Энэ сарын 25 эсвэл 27-ны өдөр албан ёсны нээлтээ хийж, худалдаанд гаргаж эхлэнэ.Гэхдээ нээх тийм сүржин том нээлт хийхгүйгээр худалдан авалтаа хийж эхлэх боломж бүрдүүлж байгаа юм. Нээлтийн үеэр албан ёсны үнэ танилцуулна. Тэр хүртэл одоохондоо хэлэхгүй байхаар шийдсэн.

-“OOGII” брендийн дараагийн гаргах бүтээлээ төлөвлөж амжсан уу?

-Тиймээ. Эдгээр колекцийн дараа аав, ээж, хүүгийн хос гутлууд хийхээр төлөвлөж байна.

-Танд дэлхийн бусад орноос албан ёсны борлуулалт хийх хүсэлтэй байгаа санал, сэтгэгдэл ирж байна уу?

-Тиймээ. Хэд хэдэн газраас холбогдож байгаа. Тухайлбал “OOGII” брендийг Австрали, Шинэ Зеланд, Швейцарь, АНУ, Япон, Солонгос зэрэг орнуудад худалдах хүсэлтийг тавьж, албан ёсны дистрибьютор болох санал ирж байгаа.

-Дэлхийд эх орныхоо нэр хүндийг гаргах, тэр дундаа О.Оюунцэцэг гэх эмэгтэйн бүтээлийг гадаад зах зээл хэр хүлээж авч байна. Их ажлын ард гарахад ямар байна вэ?

-Өөрөөрөө бахархахсан юм үнэндээ алга байна. /инээв/  Улам их үүрэг хариуцлага нэмэгдэж байна гэж ойлгож байна.

-Манай үндэсний үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд нэвтэрч, орох боломж хэр байна вэ?

- Байлгүй яахав дээ. Бүх хүмүүст боломж бий. Тэмцвэл, зорьвол болохгүй зүйл гэж байхгүй Бүх зүйлийг хууль ёсны дагуу хийх ёстой. Зөндөө олон шалгуур дамжлагатай юм байна лээ. Хамт олноороо хийж байгаа болхоор даваа, асуудал бүрийг шийдээд сул талаа давуу тал болгоод явж байна. Бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөж байгаа учраас ҮНЭ, ЧАНАР хоёрыг НЭРИЙН ХУУДАС БОЛГОЖ байна.

-Манай үндэсний үйлдвэрлэгчдийг дэлхийн зах зээлд гарахад юу саад болж байна вэ?

Дотоодын үйлдвэрлэгчид ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД өрсөлдье гэвэл үнэ, чанар, загвар зэрэгт анхаарах хэрэгтэй. Учир нь хэтэрхий үнэтэй зүйлийг хүмүүс шууд авахгүй л дээ. Тэр хэмжээний үнэ зарцуулж худалдан авалт хийхээр бол олонд танигдсан брэнд, бүтээгдэхүүнийг ихэвчлэн сонгодог. Тийм учраас эхлээд үнэ үйлчилгээ зэргийг боломжийн байлгаад олон хүмүүст хүргэх хэрэгтэй. Хэрвээ тухайн хүмүүст тус брэндийн чанар таалагдвал цаашаа өөрөө хөгжиж, өсдөг бичигдээгүй хууль үйлчилдэг.

-Танд цөөн хором ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

-Баярлалаа. 

Мөн манай вебсайтын хамт олон дэлгэрэнгүй сурвалжлага, ярилцлагыг брендийн нээлтийн үйл ажиллагааны дараа хүргэх болно. 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment