8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болортуяа: Өсвөр насны хүүхдэд эд материалаас илүү сэтгэлзүйн хэрэгцээ чухал

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-09 09:00:00

-Хүүхэдтэйгээ тулж харьцах нь чухал. Загнахыг урьтал болгох хэрэггүй-

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд тулгамдаж буй асуудлаар Сэтгэл судлаач Л.Болортуяатай ярилцлаа.

-Сайн байна уу? Өсвөр насныхны талаар ярилцах яриагаа тэдэнд тулгамдаж буй асуудлаар эхлүүлье гэж бодлоо? 

- Сайн байна уу? Өсвөр нас буюу шилжилтийн насыг ихэнх эрдэмтэд 12-18 насны хооронд явагддаг гэж үздэг. Энэ нь тэдний бие физиологид гарч буй өөрчлөлт, дааврын нөлөөгөөр түүний сэтгэлзүйд илрэх сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй байдал, баярлах, гомдох, өөрийгөө голох гэх мэт шинжүүд өөрийн үзэл бодол, үнэтэй зүйлстэй нь хамт бойжиж эхэлдэг чухал үе байдагтай холбоотой. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд сэтгэлзүйн хэд хэдэн нийтлэг асуудал тулгамдаж байна. Ер нь хүүхдэд өдөр бүр янз бүрийн асуудал тулгардаг ч эндээс хамгийн чухал, нийтлэг 4-ийг дурдая. Нэгдүгээрт, цахим хэрэглээ, цахим орчны нөлөөнд нийтээрээ автах хандлагатай байна. Энэ нь техник технологи хөгжсөн цаг үед компьютер тоглоомд донтох, цахим орчин буюу бидний хэлж заншсан фэйсбүүк, твиттер, инстаграмд ихэнхи цагаа өнгөрөөж буй нь өсвөр насныханд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, цагаа дэмий зүйлд үр ашиггүй өнгөрөөх,  бие биедээ атаархах, өөрийгөө бусдаас хэт доогуур үнэлэх,  нэг нэгнээ хэт аялдан дагалдах, зорилгогүй гиюүрэхэд хүргэдэг. Цаашлаад цахим орчноос хамааралтай, донтох үзэгдэл газар авч байгаа нь эцэг,  эх, багш нарын санааг зовоож байна. Хоёрдугаарт, өөртөө итгэх итгэл бага, өөрийн гэсэн зорилгогүй байдал нь их элбэг байна. Энэ нь манай ЕБС-ийн бага, дунд ангид сэтгэл зүйн боловсролыг хичээлийн хөтөлбөрт тусгаагүйгээс, мөн эцэг эхчүүд бидний хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил буруу байгаагаас шалтгаалж байна. Өөртөө итгэлгүй, зорилгогүй хүүхэд хичээл хийх сонирхолгүй, бие даах чадвар муу, залхуу, найз нөхдийн хүрээлэл бага байдаг. Эцэг, эхчүүд бид хүүхдийнхээ хоол унд, хувцаст анхаардаг шигээ хүүхдийнхээ сэтгэл зүйн боловсролд буюу өөрийгөө илэрхийлж байгаа байдал, хүмүүстэй ойлголцож сонсох чадвар, хүн хүндлэх, бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх,  өөрийнхөө хүсэл зорилгын төлөө тууштай байна уу гэдгийг нь байнга анхаарч, зөвлөж, ярилцах нь чухал. Гуравдугаарт, өсвөр насны хүүхдүүдийн дунд мэргэжил сонголтын асуудал их тулгамдаж байна. 

Өөртөө итгэх итгэл бага, өөрийн гэсэн зорилгогүй байдал нь их элбэг байна. Энэ нь манай ЕБС-ийн бага, дунд ангид сэтгэл зүйн боловсролыг хичээлийн хөтөлбөрт тусгаагүйгээс, мөн эцэг эхчүүд бидний хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил буруу байгаагаас шалтгаалж байна.

Энэ тал дээр эцэг эхчүүдийн оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтын асуудалд уламжлалт хэв маягаар оролцох, хандах хандлага их байдаг. Уламжлалт хэв маяг гэдэг нь хүүхдээ юу хүсч мөрөөдөж байгааг тэр бүр ойлгож, харилцан ярилцаж хүлээж авахгүйгээр олны жишгээр эмч, эдийн засагч, инженер бол гэж тулгах хандлага их байна. Энэ нь хүүхдэд сэтгэлзүйн том дарамт болохоос гадна аливаад шийдвэр гаргах чадварыг нь бууруулж байдаг. Бид уламжлалт хэв маягаас татгалзаж аль болох хүүхдийнхээ сонирхол, ур чадвар, сэтгэл зүйн онцлогт тохирох мэргэжлийг сонгоход нь туслах ёстой. Хүүхдийнхээ сонирхлыг мэдэхийн тулд юунд илүү их оролцох дуртай байна, юуг үзэх, сонсох дуртай байна, ямар хичээлээ давтах, хийх дуртай байгааг нь  ажиглаарай. Бид хүүхдийнхээ сэтгэлзүйн онцлог, ялгаатай байдалд тохирсон мэргэжлүүдийг судлах буюу шинжлэх ухаанчаар хандах цаг нэгэнт ирээд байна. Бид хуульч, инженер, эмч гэж туйлшрахаа болимоор байна. Мөн манайд сургалтын төвд явж байсан 2500 гаруй сурагчдад хийсэн судалгаанаас харахад 70 орчим хувь нь ахлах ангидаа мэргэжлээ эргэлзээд сонгоогүй байгаа гэсэн дүн гарсан байна. Энэ нь манайд мэргэжлийн чиг баримжааг шаталсан хэлбэрээр бага ангиас эхлэн явуулдаггүйтэй холбоотой юм.  

-Өсвөр насны хүүхдүүдийн дунд мэргэжил сонголтын асуудал их тулгамдаж байна-

Дөрөвдүгээрт, нь өсвөр насныханд тулгамдаж буй асуудлын нэг чухал нь эцэг, эхтэйгээ харилцах харилцаа юм. Сүүлийн үед хүүхдүүд эцэг эхтэйгээ ярилцах дургүй, яриа нь ихэвчлэн загнасан, нэг талаас түрэмгий хандлагатай, эсвэл шаардсан харилцаа учир хүүхдүүд захирсан хандлагатай харилцаанд оролцох дургүй болж өөрийн “БИ”-ийгээ хамгаалах зорилгоор дүргүйцлээ дуугаа хураах байдлаар илэрхийлэх хандлагатай болсон. Харин эсрэгээрээ эцэг, эхтэй ярилцдаг, үзэл бодлоо хуваалцдаг хүүхдүүдийн сурлагын амжилт нь өндөр, анги хамт олондоо нэр хүнтэй байдаг болох нь ажиглагдсан. Хүүхдэдээ ярилцах зав бага гаргадаг, ярилцлага нь амжилт муутай гэр бүлд өсч буй хүүхэд хичээл, сургуульдаа хандах хандлага муу байна. Иймээс эцэг эхчүүд бид гэр бүлдээ хүүхдэдээ өөрсдөө харилцаагаараа үлгэрлэх, хүлээцтэй байх, загнахыг урьтал болгохгүй байхыг анхаарах нь чухал.

-Хүүхэд ер нь эцэг, эхээсээ юуг илүү хүсч, хүлээдэг юм бол?

-Их сайхан асуулт байна. Хүүхэд бүр өөр өөрийн гэрэлт ертөнцтэй байдаг. Өөр өөрийнхөө өнгөөр хорвоог харж, бас даган дууриаж эхэлдэг. Тиймээс хүүхэд бүр янз бүрийн зүйл, олон өнгийг хорвоогоос харж мэдрэхийг хүсч байгаа ч эцэг, эхээсээ хамгийн ихээр хайр, хүндлэлийг л хүсч байдаг. Хүүхэд хоёр наснаасаа эхлэн би өөрөө гэж хэлсэн тэр үеэс хүмүүст хүлээн зөвшөөрүүлэх, хүмүүс намайг анхаараасай, би тогломоор байна гэх мэтчлэн хүслээ бусдад үг яриа, үйлдэл, харцаараа илэрхийлээд эхэлдэг. Тэгэхээр хүүхэд бүр л ээж ааваасаа хайр, зөв халамжийг хүсч байдаг. Бидний хоол идэх хэв маяг, хүнтэй харилцах,аав нь ээжийг нь халамжлах, ээжийнхээ аавтай нь харилцах харилцах харилцаа гээд бүгдийг хүүхэд харж, сурч, дагаж байдгийг бид хэзээ ч мартах ёсгүй. Орчин үед бид ажил их, цаг нар багатайгаас хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ харьцангуй бага ухамсарлаад байгаа юм шиг санагддаг. Мэргэжлийн хүний нүдээр ажиглахад завгүй ч гэсэн хүүхдээ сайн хүмүүжүүлж буй олон эцэг, эх бий. 

Хүүхэд хоёр наснаасаа эхлэн би өөрөө гэж хэлсэн тэр үеэс хүмүүст хүлээн зөвшөөрүүлэх, хүмүүс намайг анхаараасай, би тогломоор байна гэх мэтчлэн хүслээ бусдад үг яриа, үйлдэл, харцаараа илэрхийлээд эхэлдэг.

Зарим эцэг, эхчүүд их ажлаасаа болоод хүүхдээ юу хүсч байгааг нь тэр бүр мэддэггүй. Зарим тохиолдолд хүүхдийн хоол унд, гутал хувцас, ном сурах бичиг, утас, таблет гэх мэт хэрэгцээг нь хангасан байхад л боллоо гэж бодох эцэг, эх бий. Эдгээр хүмүүс хэрэгцээ гэдгийг идэх хоолтой, өмсөх хувцастай байлгах талаар нь хүлээж авдаг. Гэтэл тухайн хүүхдийг сэтгэлзүйн хэрэгцээ гэдэг зүйлийг огт мэддэггүй. Таны хүүхэд танаас юу хүсч байгааг анхаардаггүй, хайхардаггүй өнгөрүүлдэг. Үүнийгээ хүүхдүүд эцэг, эхчүүдэд байнга ямар нэгэн байдлаар мэдрүүлж байдаг. Жишээлбэл бага насны хүүхэд шалтгаангүй уйлах, зөвхөн өөрийгөө анхааруулахыг л хүсэх зэргээр илэрхийлдэг бол өсвөр насныхан ярилцахгүй дуугаа хураах, /хэт дураараа аашлах/ байдлаар илэрхийлэх бий. Хайрлуулах, өөрийгөө сонсгох хэрэгцээг нь зөвхөн түүнд анхааран, давхар ажил хийхгүйгээр ярилцаад үзээрэй. Бага насны хүүхдийг ээж нь завгүй байна, аав нь одоо биш дараа нь гэх мэтчлэн анзаарахгүй нэг л удаа өнгөрүүлэхэд тухайн хүүхэд дахиж таньтай ярилцах хүсэл нь буурч эхэлдэг. Намайг ойлгодоггүй юм чинь гэсэн байдлаар аливаад ханддаг. Ингэж явсаар өсвөр насандаа ирэхдээ эргээд эцэг, эхээ өөрсдөөсөө түлхэж, бие даах гэж оролддог боловч энэ нь амжилт муутай, өөртөө итгэлгүй байдлыг бий болгодог. Зарим үед бусдад өөрийгөө ойлгуулах чадваргүй байдлаасаа болж сэтгэл зүйн дарамтад орж эхэлдэг. Ийм үедээ хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ хурдан итгэж, аливаа эрсдэлтэй алхам хийх, архи тамхи хэрэглэж үзэх, улмаар байнга хэрэглэх буруу зуршилтай болдог. Эцэг, эх бид хүүхдээ байнгын хяналт, анхаарал, халамжаа хамтын оролцооны хэлбэрээр хэрэгжүүлэх зүгээр байдаг.

Харилцан ярилцана гэхээр яасан, яамаар байна юу хиймээр байна гэх биш. Бага насны хүүхдүүдтэй бол аливаа зүйл хийхдээ байнга хүүхэдтэйгээ хамт хийх хэрэгтэй.

-Та сэтгэлзүйн хэрэгцээг их чухалчилж байна. Тэр хэрэгцээг нь хэрхэн хангаж өгөх вэ? 

-Эцэг, эхчүүд нэн тэргүүнд хүүхэдтэйгээ ярилцах нь чухал. Орчин нөхцөл бүрдүүлж байгаад боломжтой үед нь харилцан ярилцаж асуудлыг шийдвэрлэх нь илүү үр дүнтэй. Харилцан ярилцана гэхээр яасан, яамаар байна юу хиймээр байна гэх биш. Бага насны хүүхдүүдтэй бол аливаа зүйл хийхдээ байнга хүүхэдтэйгээ хамт хийх хэрэгтэй. Ирээдүйд том болоод ямар хүн болмоор байгаа, ирээдүйн мэргэжлийн талаар байнга асууж тайлбарлаж өгөх нь чухал. Мөн бага насны хүүхдүүд хайрлуулмаар байгаагаа илэрхийлэхдээ зөрүүдэлдэг, гэнэт хойшоо савж унах, орилох, юм авч шидэх зэрэг олны анхаарлыг татах гэж оролддог. Өсвөр насны хүүхэдтэй бол дуртай зүйлийг нь хамт хийж ярилцаж, багш, найз нөхөд, анги хамт олонтойгоо хэрхэн харьцаатай байгаа, одоо юу хүсч мөрөөдөж байна, ирээдүйд юу хиймээр байгаа нь асууж мэдэх нь чухал. Өөрийгөө бүрэн дүүрэн ойлгоход ямар зан чанар дутагдаад байгаа, давуу тал, үерхэл, нөхөрлөлийн асуудлыг нээлттэй ярилцах хэрэгтэй. Ярилцахаас гадна хүүхдүүдийг гадуур дагуулж явах, дуртай, сонирхолтой зүйл, магадгүй ирээдүйд эзэмших мэргэжилтэй нь холбоотой газраар дагуулж явах нь өөрийгөө таньж олоход үр дүнтэй. Хүүхэдтэйгээ тулж харьцах нь чухал.  Загнахыг урьтал болгох хэрэггүй.

-Өсвөр насны хүүхдүүдээ эцэг, эхчүүдэд зориулан зөвлөгөө өгнө үү?

-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ хөгжүүлэх гэж оролддог болсон байна. Энэ нь авууштай сайн зүйл. Өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйн хувьд маш эзмэг байдаг учраас үгээр ойлгуулах гэхээс илүү харилцан хамт аливаа зүйлийг хийж бие биенээ ойлгоход илүү ач холбогдолтой. Эцэг эхчүүдэд өгөх дуртай зөвлөгөөгөө товчхон хэлмээр санагдлаа. Интернетийн хэрэглээний хувьд: Хүүхдүүд техник сэтгэлгээ өндөр болсон. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө үлгэр дуурайлал болон гэртээ гар утсаа хэрэглэхгүй байх нь зүгээр. Хэрвээ хэрэглэх бол гэр бүлээрээ, хамтаараа шинэ хэрэгтэй программ сайтыг судлах, ажил мэргэжлийн талаар хайлт хийх зэргээр хамтын үйлдлүүд үр дүнтэй. Интернэтийг нь таслах, утсыг нь хураах зэрэг арга хэмжээг эцэг, эхчүүд авдаг. Энэ нь буруу. Хааж боох тусам хүүхэд түүн рүү тэмүүлдэг. Тиймээс зохистой хэрэглээг нь дэмжих зөв өө.

Хүүхдийг бие даалгахын хувьд:  Гурван наснаас нь дээш хүүхдийг дагуулан ажилд дуртай болгож, хөдөлмөрүүлэх хэрэгтэй. Тухайлбал бага насны хүүхдээр аяга хураалгах, угаалгах, хувцсыг нь эвхүүлэх, оймсыг нь угаалгах зэргээр алдаж асгасан ч загналгүй, дэмжиж урамшуулаад л хийлгээд байх хэрэгтэй. Хөдөлмөр хүний тархийг хөгжүүлдэг гээд хэлчихэж болно. Ажил хийж сурсан хүн аливаа асуудлыг хялбар шийдвэрлэх чадварт суралцахаас гадна гарцаа зөв харах, логик дэс дараалалд  оруулах, эмх цэгцийг хүртэл бий болгож өөрийнхөө ажлыг хөнгөвчилж сурдаг. Орчин үеийн хүүхдэд хэрвээ гэрт нь хийлгэх ажил бага бол спортоор, урлагаар хичээллүүлэх, ууланд цэвэр агаарт алхуулах гэх мэтээр тархийг нь нийгмийн стресстэй орчноос тусгаарлаж өгвөл зөв амралт болно. Харилцах чадварыг нь нэмэгдүүлэхийн хувьд: Өөрийг нь санааг гүйцэт сонсох, аливаа асуудалд өөрийнх нь саналыг эхлээд сонсох, хамт олондоо хүүхдээ дагуулж танилцуулах, хүмүүстэй хэрхэн ярилцаж байгааг нь ажиглах, дараа нь ганцаарчилан зөвлөгөө гэх мэтээр харилцах нь үр дүнтэй. Бид орой ажлаасаа тараад олдож байгаа жаахан хормоо үр дүнтэй хүүхдэдээ зориулж чадах юм бол бидний хүүхэд өдөр бүр өнгө нэмэн өсч, биднийг баярлуулна гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
saihan zowlo goo bn bayrlalaa
2017/03/03 112.72.11.67
Энхээ
холбогдох утас байна уу
2017/02/13 59.153.87.11
  • Recent
  • Most Read
  • Most Comment