8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал гарсан “Wellmart” төвийн удирдлагууд өнөөдрийг хүртэл түрээслэгчидтэй уулзаагүй гэв

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-10 09:00:00

-Түрээсээ төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд лангууны метр квадратаасаа шалтгаалж нэмэгдэл төлдөг-

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд байрлах “Wellmart” худалдааны төвд  гал гарсан билээ. Галын улмаас худалдааны төвийн хоёрдугаар давхар тэр чигээрээ шатсан юм. Гал шөнийн 03 цагийн үед гарсан бөгөөд Онцгой байдлын газарт эргүүлийн цагдаа дуудлага өгсөн байна. Тухайн үед Дуудлагын дагуу Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гал унтраах дөрвөн ангийн долоон тасаг, 11 автомашин, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 6-7 цагийн хугацаанд ажиллаж галыг бүрэн унтраасан аж.  

Одоогоор галын шалтгаан болоод хохирлын хэмжээг тогтоохоор Онцгой байдлын албаныхан, Цагдаагийнхан ажиллаж байна. Тус барилга нь гурван давхар бөгөөд нэгдүгээр давхарт Wellmart худалдааны төв, Капитал банкны салбар, Эмийн сан, “Мобиком”-ын гэрээт борлуулагч хоолны газар, хоёрдугаар бэлэн хувцасны лангуунуудыг иргэд түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Мөн ломбард үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Галын шалтгаан болон хэргийн газрын үзлэг хэр явж байгааг сурвалжлахаар бид тус төвийг зорьсон юм. Өдрийн 12:35 минутын үед бидний очиход хөх өнгийн олсоор төв рүү орохыг хориглож зааг татсан байв. Хоёрдугаар давхрын бүх цонх галд өртсөн учир модон хавтангаар халхалсан байсан юм. Галыг унтраахад их хэмжээний даралттай ус хэрэглэсэн бололтой төвийн гадна талбай тэр чигтээ мөс тогтсон байдал байлаа.  

-Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тус төвд удаа дараа хулгай орж байжээ-

Ингээд бид төв рүү орж тэнд ажиллаж буй албан хаагчдаас мэдээлэл авах гэсэн боловч “Хэргийн газарт холбогдох мэргэжлийн байгууллага үзлэг, шалгалт хийж байгаа учраас гадны хүн оруулах боломжгүй. Одоогоор гадна хэсгийн үзлэг хийгдэж байна. Үүний дараа үнс, нурмыг шинжлэх ажил эхэлнэ. Тэгж байж галын дүгнэлт гарна. Тус төвийн барилгын менежер, инженер зэрэг албаныхан дүн шинжилгээ хийхэд оролцож байгаа гэсэн” хариулт өгсөн юм.

Тэрбээр “Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Хэргийн газар холбогдох байгууллага буюу нийслэлийн Онцгой байдлыг газар, Цагдаагийн хэлтэс, “Wellmart” худалдааны төвийн менежер зэрэг хүмүүсийн хамтарсан баг шалгалт хийж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас урьдчилсан байдлаар галын дүгнэлтийг хэлэх боломжгүй” гэв.

Хэргийг БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгалт хийж байгаа аж. Ингээд БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганбаатараас галын дүгнэлт болон шалгалтын үйл явц хэр явж байгаа талаар тодруулсан юм. Тэрбээр “Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Хэргийн газарт холбогдох байгууллага буюу нийслэлийн Онцгой байдлыг газар, Цагдаагийн хэлтэс, “Wellmart” худалдааны төвийн менежер зэрэг хүмүүсийн хамтарсан баг шалгалт хийж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа учраас урьдчилсан байдлаар галын дүгнэлтийг хэлэх боломжгүй” гэв. 

 

Түрээслэгч Б: 35 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байна

Улмаар бид тус төвд лангуу түрээслэгч Б-гээс дараахь зүйлийг тодруулсан юм.

-Та “Wellmart” худалдааны төвд ямар бараа худалдаалж байв. Хэдий хэмжээний талбай түрээсэлж байсан вэ? 
-25 ам.метр талбайтай бэлэн хувцасны лангуу түрээсэлдэг байсан.
-Гал гарсан талаар та хэзээ мэдсэн бэ. Хохирлын хэмжээгээ гаргасан уу? 
-Лангуун дээрх бараагаа тооцож үзэхэд 35 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байна. Би хамаатныхаа охинтой ээлжилж лангуун дээрээ зогсдог байсан. Гал гардаг өдрийн өглөөний 6:00 цагийн үед манай лангуун дээр зогсдог охин над уруу залгасан. Залгаад худалдааны төвд гал гарсан талаар хэлсэн би эхэндээ итгээгүй. Тэр даруй ирэхэд манай лангуу тэр чигтээ шатчихсан. Галынхан ирчихсэн галыг унтраасан байсан. Дотогшоо хэнийг ч оруулахгүй байсан. Түрээслэгчид хоёрдугаар давхар тэр чигтээ шатсан байна гэж ярьцгааж байсан

-Түрээслэгчдээс цагдаагийнхан мэдүүлэг авсан гэсэн. Танаас юу гэж асуусан вэ?

-Өмнөх өдөр нь хэдэн цагт лангуугаа хаасан бэ. Залгаж орхисон цахилгааны утас байсан уу,  аль хэсэгт лангуу түрээсэлдэг байсан гэж асуусан.

-Гал гараад дөрөв хонож байна. Худалдааны төвийн удирдлагууд түрээслэгчидтэй уулзсан уу?

-Өнөөдрийг хүртэл уулзаагүй байна. Түрээслэгчид байцаалтаа өгчихөөд буцаж очсон боловч цагдаа нар оруулаагүй.  
-Та сарын түрээс хэдийг төлдөг байв? 
-Сар бүрийн эхний таван өдөрт багтаж түрээсээ төлнө.  Түүнээс хэтэрвэл нэмэгдэл авдаг.  Би 400 мянган төгрөг төлдөг байсан.

-Нэмэгдэл гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Түрээсээ төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд лангууны метр квадратаасаа шалтгаалж нэмэгдэл төлдөг. Нэмэгдэл нь янз бүр байдаг.

Гал гарсан хоёрдугаар давхарт 59 павильоныг /лангуу/ 46 хүн ажиллуулж байжээ. Зарим хүн хоёр лангуу түрээсэлдэг байсан аж. Нэг лангуунд л ойролцоогоор 28-50 сая төгрөгийн бараа байсан талаар эх сурвалж онцолж байсан юм. “Wellmart” худалдааны төвийн нэг метр квадратын түрээсийн үнэ 17 мянган төгрөг. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тус төвд удаа дараалан хулгай орж байжээ. 

Ямартай ч байсхийгээд томоохон худалдааны төвд гал гарч түрээслэгчид нь их хэмжээний хохирол амссаар л. Өмнө нь гарсан хэргүүдийн галын дүгнэлтийг харахад цахилгаанаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Харин “Wellmart” худалдааны төвийг галын шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Хэрэв цахилгаанаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гарвал бусад томоохон худалдаа үйлчилгээний байгууллагууд цахилгааны шийдлээ анхаарах нь зүйтэй болов уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment