Сүлжээний бизнес энэ үгийг бид тун энгийнээр хүлээж авдаг болоод удаж байна. Сүлжээ ёстой худлаа шүү гэсэн хэрнээ л хэн нэгэн их ашигтай мэт санагдах, амархан мөнгөтэй болчих санагдахуйц саналыг хэлэхэд л өөрийн мэдэлгүй орчихсон жишээг харин наадаас захаас нь аваад байх дурдахад бэлэн бий. Сүлжээ хэмээх аалзны торонд нэгэнт торлогдчихвол хар тамхинд донтсон мэт улайрсан хэсэг хүмүүс л сүлжээ гэгч бараг луйвар залилангийн хэргийг олон жил өдүүлж байгаа нь нийгэмд нэгэнт ил болчихсон зүйл.
Монгол улсад 1970-аад оноос хойш "Аз жаргалын захиа", "Жавхланг бадруулагч", "Зөөлөн эх", "Шинэ санаа" төв, "Холливиуд", "Глобал ньюс", "Байгалийн нөхөр" сан, Математикийн үйлдлийн шинжилгээний нийгэмлэг, Монголын буддист залуучуудын холбоо, "Итгэл" сан, "Мон үндэс", "Хоёр эрдэм", "Эрдмийн ундарга" сургалтын төв, бараа нь сургалт, "Оюуны төв" сан, "Ерхөг", "Элсэн цаг", "Дэбо", "Байгаль" , "Эмба", "Оюуны зууч", "Оюуны хөтөч", "Лаки зон", ЖТД, "Ундрам цацрах", "Даяар хишигтэн", "Арвай", "Талын сувд", "Баяндалай" ХХК, "Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч", "Айсуй жаргал", "Барагдашгүй алмаз", "Хөгжлийн хөтөч", "Говийн хөгжлийн ирээдүй", "Байгаль эрдэнэ" сан, "Хүсэл мөрөөдлийн хүч", "Монгол максимум", "Түшигт хаан цэцээ", "Хүслийн хүч", "Дэлхийг тойрон аялагчдын клуб" ТББ, "Алтан өндөг", Хоох.mn гэх мэт урт жагсаалт бүхий пирамид ашигласан сүлжээ Монголд нэгэнт “үүрээ засчээ”. Гэхдээ дээр дурдсан Монголоос гаралтай сүлжээний ихэнхи нь зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг буюу залилангаар шийдэгдэж харамсалтайгаар төгссөн компаниуд. Эдгээр сүлжээний компаниуд санхүүгийн, бараатай, өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани гэх замаар олон зуун хүн хохироож үүдээ барьжээ.
Эхнийх нь асуудал дуусч амжаагүй байхад л дараагийн сүлжээ рүү хошуурцгаана.
"Onecoin", "Bitcoin" хоёулаа сүлжээний луйвар. Хятадад гол данснуудыг царцааж эздийг нь болон идэвхитэй оролцож байсан хүмүүсийг баривчлаад эхэлсэн. Шведэд мөн адил луйвар гэдгийг ард иргэддээ зарласан. Монголд ямар нэгэн аж ахуйн нэгж байхгүй төдийгүй татвараас зугтаж хараар, далдуур үйл ажиллагаа явуулсаар буй. Үүнээс гадна Их баяндалай, Ерхөг, ХООХ.mn, сайн үйлсийн аян гэх дотоодоос гарвалтай сүлжээний луйварууд явсаар байгааг ЦЕГ-аас анхааруулсаар байтал элсэж хохирсны эцэст алдсан хүн арван тамтай гэдэгчлэн хууль, шүүх цагдаа болно. Мөн "G Time", "Easy1", "Ultimatecycler" гэх пирамид тогтолцооны луйвар улсын хэмжээнд зогсож хаагдсан. Гэвч сүлжээ бишээ хэмээн элсүүлээд байгаа юм. Хүнээс мөнгө аваад элсүүлж л байгаа бол пирамидын луйвар юм. Ямар ч гэрээнд гарын үсэг зуралгүй, мөнгөө бэлнээр болон хувь хүний болон гадагшаа шилжүүлж байвал энэ ямар ч барьцгүйг илэрхийлээд байгааг Та анзаараарай.
"Ерхөг", "Талын сувд", "Баяндалай", Хоох.mn, "Арвай" нь үндэсний үйлдвэрүүдийн бараатай, бинар маркетингийн чиглэлтэй, "Алтан өндөг" зэрэг нь сүлжээний бизнесээ эрхэлж байгаа буюу үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг.
Эдгээр сүлжээний луйваруудын ижил талууд гэвэл бүгд дотоодоос үүсэл гаралтай, ААН болон ТББ хуулийн хүрээнд байгуулагдсан, татвар төлөгч. Захиа, шинэ санаа, хандив тусламж, мөнгө санхүү, зээл, олон улсын байгуулага, даатгал, төрөл бүрийн сургалтууд, тийз, аялал, алт, бялуу, үндэсний үйлдвэрлэл, төсөл, ажилгүйдлийг бууруулах, ядуурлыг бууруулах, автомашин, орон сууц, олон улсын бизнес, апп гэх мэтээр өгөөш хаяж залиланг санаатайгаар хийдэг байна. Бүгд бинар буюу хосолсон маркетинг төлөвлөгөөтэй. Тодруулцал, энэ нь нэг хүнээс цааш хоёрхноор салаалдаг систем буюу сүлжээний луйварчдын сонгодог, гол хэрэглэдэг маркетинг гэдгийг судлаачид тогтоосно байна. Компани болон ТББ-ыг хуулийн хүрээнд байгуулаад татвар төлөгч болж тухайн нэрэн дээрээ гаднаас юм уу дотоодоосоо бараа бүтээгдэхүүнийг сонгодог. Хяналтад хуулийн дагуу байдаг ч сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдагт анхаарч хянадаг, судалдаг байгууллага, эрдэмтэд ч байхгүй нь өөгшихөд хүрсэн гэлтэй. Хэдий чинээ худлаа ярина төдий чинээгээрээ луйварддаг. Тиймдээ ч байнга л мөнгө ярина, мөнгөнөөс өөр юу ч ярихгүй, бараатай гэсэн хэрнээ түүнийг огт ярихгүй тохиолдол бол элбэг аж.
Шууд худалдааны нийгэмлэгийн дэд тэргүүн, шууд худалдаа сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамба ийн зөвлөж, сэрэмжлүүлж байна. Сүлжээний бизнес гэдэг нь хар хэллэг юм, харин шууд худалдаа гэдэг нь мэргэжлийн нэр томьёо. Монгол улсад анхнаасаа энэ агуу шинжлэх ухаан залилангаар эхэлж олон түмнийг хохироож байсан учраас нэр хүнд нь төдий чинээ сайн биш. Ялгаж салгаж чаддаггүй, мэдлэггүйтэй шууд холбоотой. Хүн элсүүлэх дээрээ анхаарч байна уу, бараа эргэлтэндээ анхаарч байна уу гэдгээс л зөв буруу компанийг ялгаж салгаж болдог. Мэдээж хүн элсүүлэхэд бодлого нь чиглэгдсэн бол луйвар. Гэхдээ ихэнхи хүмүүс төдийлөн анхаарч сайн судалж үздэггүй гоомой, сөрөг талаас нь хандаж, сүлжээ бол луйвар гэж ойлгодог. Ингэж ойлгох нь ч аргагүй. Учир нь шууд худалдаа, сүлжээний бизнесийн талаар иргэд, нийгэм, төр засаг тэр чигээрээ төдийлөн сайн мэдлэггүй, мэдээлэлгүй, нөгөөтэйгүүр сүлжээний бизнесийг ашиглаж олон зуун мянган иргэдийг луйвардсан пирамид тогтолцооны луйваруудтай адилтгаж үздэг, мөн шууд худалдаа,сүлжээний бизнесээр ажиллаж байгаа компани болон гишүүд нь шинэ хүмүүсдээ мэдээллийг бүрэн гүйцэт эх сурвалжаас нь биечлэн хүргэдэггүй, нуун дарагдуулдагтай, шинжлэх ухаанаас хэт тасархай, үндэслэлгүй хөгжсөнтэй шууд холбоотой. Сүлжээнд ажилладаг хүмүүсийн ихэнхи нь өөрийгөө би мэднэ, чаддаг гээд өөрийн олж авсан жаахан, жижигхэн мэдээлэл дээр тулгуурлан мэдэхгүй хүмүүсийн сэтгэл хөдлөл, эмоци дээр дөрөөлж, сэтгэлзүйн хүчтэй сургалтуудаар уриалан дуудаж хамтран ажиллахыг санал болгодог нь нууц биш. Монгол улс төдийгүй гадаадын олон оронд шууд худалдаа, сүлжээний бизнес, сүлжээний маркетинг нэрээр үйл ажиллагаа явуулдаг олон мянган компани байдаг. Ихэнхидээ мэдэхгүйгээсээ буюу дутуу дулимаг мэдээлэл авснаасаа болж хохирдог. Компани болгон манайх сайн гэдэг. Гэхдээ өнөөдөр монгол улсад зөв компани нь тун цөөхөн ГУРАВХАН байна.
Сүүлийн үед онлайн худалдаа Монголд хөгжиж эхэлж байгаатай холбогдуулан онлайн, интернэт, цахим худалдаа нэрийг Монголд үйлдвэрлэсэн бараатай болон огт бараагүй олон улсын аялал жуулчлал, даатгал хэмээн сүлжээний бизнестэй давхар давхар хослуулж ашиглан Үндэсний Үйлдвэрлэлээ Дэмжинэ гэх юм уу Олон Улсын гэж нэрлэн цэвэр санхүүгийн пирамидын болон бараатай, бараагүй пирамидуудыг бий болгож ажиллаж байгааг Мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтэнгүүд төдийгүй интернэттэй харьцдаг хүн бүхэн анхааралдаа аваад ойр дотныхоо хүмүүсийг пирамид тогтолцооны луйвараас сэрэмжлээрэй гэж зөвлөх байна.
Ямар ч баталгаагүй, барьцгүй, бүртгэлгүй байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Эрхэм таныг урин хамтрах гэж байгаа спонсор тань яагаад энэ бүгдийг танаас нуугаад байгааг эргэцуулэн тунгаан үзээрэй. Бүх мэдээлэл нээлттэй байх ёстой.
Сүлжээний компани болгон найдвартай, баталгаатай, мундаг гэнэ. Гэвч үнэн хэрэгтээ тийм байдаггүй. Таны сонирхож байгаа, ажиллаж байгаа шууд худалдаа болон сүлжээний компани тань хэр найдвартай баталгаатай вэ гэдгийг шалгах хэрэгтэй. Доорхи хаягаар Хайлтын үр дүнд байхгүй бол тэр компани чинь Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоонд бүртгэлгүй байгаад зогсохгүй “но”-гэсэн үг. Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоонд, Европын шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоонд болон тухайн улсын шууд худалдааны нийгэмлэгт бүртгэлтэй байдаг.
Монгол улсад дийлэнхи сүлжээний компаниуд ОХУ-аас орж ирсэн байдаг. Оросын шууд худалдааны нийгэмлэг. Монгол улсад 2006 онд Монголын шууд худалдааны нийгэмлэг байгуулагдсан. Судлаачдын мэргэшсэн байгууллага юм.
“Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж дэлхийн олон улс орнууд хуулиар хориглосон байна.
АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд зэрэг улсуудад пирамид тогтолцооны луйврыг хуулиар хоригложээ.
Ихэвчлэн эдгээр улс орнуудын “Хэрэглэгчийг хамгаалах” хуулинд дээрх заалтыг тусгасан байдаг байна. Түүнчлэн хууль тогтоомжуудад дараахь үйлдлийг хориглосон байдаг. Үүнд: Ямар нэгэн пирамид тогтолцооны луйврыг үүсгэн байгуулах, удирдан ажиллуулах, идэвхжүүлэх, Пирамид тогтолцооны луйварт санаатайгаар оролцох, Пирамид тогтолцооны луйварт бусдыг орохыг ятгах, хүчлэх гэх мэт.
Хэрэглэгчид хэрвээ пирамид тогтолцоонд оролцох буюу түүнийг идэвхжүүлбэл хөрөнгө оруулсан мөнгөө алдаад зогсохгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна. Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.
ОХУ-д 1990-ээд оноос эхлэн сүлжээний бизнес ихээхэн эрчимтэй хөгжиж, хууль ёсны томоохон компаниуд салбар, нэгжээ байгуулах ажиллаж байгаагын зэрэгцээ, үндэсний цөөнгүй компаниуд бий болжээ. Үүний зэрэгцээгээр хууль бус санхүүгийн пирамидууд ч олноор төрөн гарч, хүн амд үлэмж хэмжээний хохирол учруулсан олон жишээнүүд байна. Энэ салбарт ОХУ-д манай улстай ижил төстэй нөхцөл байдал үүссэн нь сүлжээний бизнесийн хууль эрхзүйн бүрдээгүйтэй холбоотой байна.
Сүүлийн үед G time гэсэн нэр томьёо их сонсогдох болсон. Бүүр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаа хүртэл хамааруулаад авсан. Харин Ерөнхий сайд оролцоо хамааралгүй гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн билээ. Казахстан улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нь ч мөн адил Казахстан улс болон тус улсын ерөнхийлөгчтэй огт хамаагүй, дэмждэггүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Санхүүгийн зохицуулах хороо газар дээр нь шалгаж үзээд пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олж байгааг нь баримтжуулж нотлоод сэрэмжлүүлэг гаргасан.
ЦЕГ-аас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн анхааруулж, сэрэмжлүүлж ирсэн төдийгүй өнөөдөр эрүү үүсгээд хаалгыг нь лацдачихсан байдаг. Гэтэл сэрэмжлүүлэг гарснаар хойш ХЗДХЯ гадаадын хөрөнгө оруулалттай гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагаатай компанийн гэрчилгээ авсан гэнэ. Нөгөөтэйгүүр МҮХАҮТ 2017 оны хоёрдугаар сарын 02-нд платиниум гишүүнээрээ элсүүлсэн. Гомдол ирээгүй болохоор манайх шалгах боломжгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үзжээ."Chuhal.mn" иргэдэд сүлжээний бизнесийг сэрэмжлүүлэх мэдээ, баримттай ярилцлага, сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэх болно. П.Түмэн