8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Гончигсүрэн: “Алтан унжлагат" тахиа жилд хүн бүр өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлийг хянах хэрэгтэй

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-14 09:00:00

-Гурван жилд нэг удаа илүү сар тохиодог. Тэр тохиол нь энэ жил таарч байгаа юм-

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 27-нд тохиож байгаа билээ. XVII жарны “Алтан унжлагат" хэмээх улаагчин тахиа жил монгол зурхайд хэрхэнбуусан талаар Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба, гэвш, зурхайч Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Ирэх тахиа жилийн ерөнхий төлөв зурхайн зурлагад хэрхэн бууж байна вэ. “Алтан унжлагат" хэмээн то­дот­госны учир юу вэ?

-Жил бүр өөрийн гэсэн оноосон нэртэй байдаг. Өнөө жилийн хувьд “Алтан унжлагат” хэмээн зурлага таарч байгаа юм. Ямар нэгэн учир шалтгааны улмаас ингэж нэрлээгүй. Зурхайн тооцооллоор 60 жилийн цикл байдаг. Тиймээс энэ удаад тахиа жил таарч байгаа учраа “Алтан унжлагат” хэмээн нэрийдсэн. Өнгөрсөн жил “Муу нүүрт” бичин жил гэж байсан. Тухайн жилийн өнгө төрх, тухайн нэрнээсээ шалтгаалдаггүй. Хаврын урь орсон тэр өдрийн махбодийг тооцоолон бодож “Салан дагцал” буюу “Үхэр” зургаар гаргадаг. Энэ нь уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг учиртай. Энэ жилийн зураглалаас харахад залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшдөд муу. Нийт олны үйлс дэвжих боловч үр ач үл дэлгэрнэ. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн сард хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас хяруу цас ихтэй жил болно. Эртдээ өвч ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи хавар элбэг тохионо. Монгол зурхайд нэг хориотой зүйл нь амаар дамждаг, дамждаггүй, чихнээс чихэнд дамждаг нууц зүйл бий. Ингэж томьёолсон зүйлээр ард түмнийг айлгаж, цочроож болохгүй. Хүн бүр өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлийг хянах хэрэгтэй. Амьтанд хорлолгүй, туслах сэтгэлийг барих нь чухал. Энэ жил сайхан жил гарах учраас ард түмэн, сүсэгтэн олон хэл, бие, сэтгэлээрээ мууг үйлдэхгүй байвал нэн сайн. Тухайн хүний жилийн өнгө төрх, ажил үйлс бүх зүйл зөвхөн тэр хүнээс шалтгаална. Хэл, бие сэтгэлээр буян хурж, нүгэл үйлдэхгүй, ахас дээдсээ хүндэлж, бага балчир үрсийг хайрлаж энэрэх нь зүйтэй. 

Тухайн хүний жилийн өнгө төрх, ажил үйлс бүх зүйл зөвхөн тэр хүнээс шалтгаална. Хэл, бие сэтгэлээр буян хурж, нүгэл үйлдэхгүй, ахас дээдсээ хүндэлж, бага балчир үрсийг хайрлаж энэрэх нь зүйтэй.

-Энэ жилийн өвөл илүү сар тохиож байна. Чухам яагаад илүү сартай болдог юм бэ?

-Гурван жилд нэг удаа илүү сар тохиодог. Тэр тохиол нь энэ жил таарч байгаа юм. Үүнийг өвөл, зун, эхэн, дунд сард гаргах уу гэдэг тооцооны аргад үндэслэнэ. Энэ жилийн хувьд өвлийн дунд сарыг хоёр хийсэн. Ерөнхий байр байдлыг харахад бидний ажил худлаа биш гэдгийг байгаль дэлхий баталж байна. Цагаан сар дөхөхөд цас хөлрөөд, уулын толгой борлоод, хаврын урь ороод эхэлсэн байна.   

-“Алтан унжлагат” тахиа жилд сүсэгтэн олон юуг анхаарвал зохилтой вэ. Ялангуяа харш жилтнүүд?

-Монголчууд цагаан сараа буруу өдөр тэмдэглэж ирсэн удаа байхгүй-

-Сүүлийн үед хүмүүс харш жил гэж буруу орчуулаад байх юм. Энэ нь шишид буюу дөрөв дэх жил, Дүнсэр буюу долоо дахь жилийг 1990 онд бага харш жил гэж орчуулсан байдаг. Үүнээс үүдэж харш жил гэсэн нэр томъёо гарч ирсэн. Ивээл жилтэй хүмүүсч засал ном хийлгэх хэрэгтэй. Дүнсэрийн засал, шишидийн засал гэж өөр өөрийн гэсэн засалтай. Нашидүрсэмийн засал, жил орох, мэнгэ голлох, суудал өнцөгдөх зэргийн зарим нь угтдаг, жилдээ ордог зурхайн таван махбодийн онолоор засал хийлгэх хэрэгтэй. Харш жил хэмээн ярьж хүнийг айлгаж болохгүй.

-Жил бүр цагаан сар хэдийд болох талаар сүүлийн жилүүдэд маргаан дэгдэх болсон. Үүнд та тайлбар өгнө үү?

-1990 оноос хойш хүн бүр өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх болсон тэр цагаас эхлэн энэ талаар зөрчилдөх боллоо. Тэнд байгаа азийн орнууд цагаан сар хийж шинэлэх нь энд байгаа монголчууд бидэнд ямар ч хамааралгүй. Монгол Улсын газарзүйн байрлал, зан заншилд тохирсон  монгол хүний зохиосон, эрт дээр үеэс өвгөд дээдэс, багш нар маань заагаад хэдэн зуун жил уламжилж дамжиж ирсэн нарийн зурсан зурхайгаа л дагах  учиртай. Үүнд маргаад, эргэлзээд байх зүйлгүй. Азид шинэлж байхад Монголд шинэлэх ёстой гэсэн хууль байхгүй. Хэрвээ өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр бид золгосон бол хөр цастай хэвээр, хаврын урь ороогүй байх байлаа. Цаг тооны зурхайгаас гадна цаг агаар нь өөрөө хаврын улирлын шинийн нэгэн болоогүй гэдгийг харуулж байгаа биз дээ. Сүсгээр биш шинжлэх ухаан, цаг агаарын байгууллагатай уялдаж байна уу гэдгийг харах нь зүйтэй. Түүнээс минийх зөв, түүнийх буруу гэх нь утгагүй. Мөн учир дутагдалтай. Уламжлалт арга, номоо үзэж, учир шалтгааныг ард түмэндээ зөв тайлбарлаж өгөх нь бидний гол үүрэг. Монголд хэдэн хүн золгосны төлөө эмзэглээд байх зүйлгүй. 

Монгол Улсын газарзүйн байрлал, зан заншилд тохирсон  монгол хүний зохиосон, эрт дээр үеэс  өвгөд дээдэс, багш нар маань заагаад хэдэн зуун  жил  уламжилж   дамжиж ирсэн  нарийн  зурсан  зурхайгаа л  дагах  учиртай.

-Зурхайч М.Намсрай гуайн үзэж буйгаар монголчууд нэлээд олон сар шинийг буруу өдөр тэмдэглэж ирсэн. Үүнээс үүдэж буруу үйл дэлгэрч байна хэмээн мэдээлэл хийсэн. Энэ тал дээр зурхайч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Тэр хуанли, зурхайгаа тэр нутгийн хүмүүс нь дагах ёстой. Монгол улс өөрсдийн гэсэн зурхайтай ард түмэн. Монголчууд цагаан сараа буруу өдөр тэмдэглэж ирсэн удаа байхгүй.

 -Тун удахгүй монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиож гэж байна. Сүсэгтэн олондоо хандаж юу хэлэх вэ?

-Монголчууд эрдэм боловсролоо хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хүн болгох, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Түүнээс гадна бид уламжлалт их түүх соёл, ёс заншилтай ард түмэн. Үүнийгээ үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн үлдээх тал дээр илүү анхаарах цаг болж. Тэр дундаа монголын цагаан сар гэж юу юм гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Сүүлийн үед залуус цагаан сарыг сайхан тэмдэглэх болсон нь ажигллагддаг. Үндэсний дээл хувцсаа өмсөж, эдэлж хэрэглэж, идээ ундаа, архи дарсаа хэтрүүлэн хэрэглэддэггүй болж, ахмадуудаа сайхан хүндэлж байгаа нь харагддаг. Үүнийг би сайшааж хүлээж авдаг. Сайн сайхан байхыг зарим хүмүүс эд хөрөнгөөр хэмжиж байна. Өнөөдөр их зүйл хурааж авснаа маргааш бурхан болоход орхиод л явна. Тиймээс хойч үе үр хүүхэддээ монгол уламжлалт зан заншлыг өвлүүлж үлдээх, ухамсарт нь суулгаж өгөх, уламжлалт аргаар хүмүүжүүлэх нь чухал. Хамгийн наад захын жишээ гэхэд ахас ихсээ хүндлэх, бага балчир үрсийг хайрлах, энэрэх сэтгэлийг бий болгох хэрэгтэй. Цагаан сарыг монголчууд яах гэж тэмдэглэдэг билээ. Ах, хүндтэй хүндээ очиж золгож хүндэтгэл үзүүлдэг, өвлийг өнтэй давж хавартай энх золгосны баяр хэмээн хийдэг. Тиймээс монголын ард түмэн урт удаан насалж, эв эетэй байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2017/02/14 103.57.92.79