Сүүлийн жилүүдэд гадаадад амьдарч, ажиллаж байгаа Монголчууд хүн амины хэрэгт холбогдох, золиос болох хандлага ажиглагдаж байна. Хамгийн сүүлд БНСУ-д ажиллаж амьдарч байсан монгол залуу хүн амины хэрэгт холбогдсон, мөн Канадад сурч байсан оюутан залуу амиа алдсан хэрэг гарсан.
Гадаад харилцааны яамнаас сар тутамд зохион байгуулдаг "Мэдээллийн цаг"-ийн үеэр Хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
БНСУ-ын Хойд Кёнсан мужийн Ёндок гэдэг газар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан хоёр монгол залуу энэ сарын 10-ны орой хоорондоо муудалцаж, улмаар нэгнийхээ аминд хүрчээ. Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага энэ хэргийг маргааш өдөр нь илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Харин Канадад амиа алдсан оюутан залуугийн тухайд "Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд Канадын Калгари хотод монгол оюутан толгойн тус газраа буудуулж амиа алдсан хэрэг гарсан. Канадын талаас хар тамхины хэрэг байсныг шалгаж байна гэдэг мэдээлэл өгсөн" гэв. Хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар гадаадын 8 улсад манай 32 иргэн гэмт хэрэгт холбогдож, өнөөдрийн байдлаар 14 улсад нийт 168 монгол иргэн ял эдэлж байна.