Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан монголчууд олноороо хилийн дээс алхдаг. Гэвч цаг агаарын бэрхшээлээс шалтгаалан харамсалтай хэрэг гарсаар байна. Тодруулбал Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Автомашиныг хятад жолооч барьж явжээ. Тэд хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу явж байсан бөгөөд том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ нас барсан байна. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явжээ. Тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг хараахан тогтоогүй байгаа ч нийслэл хотоос зорин очсон хүмүүс байж магадгүй гэсэн таамаг байна.
Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ. Дорнод аймгийн холбогдох албаныхан ослын газрыг зорин хөдөлж буй юм байна.