8o
Улаанбаатар хот
mobile menu

ОРОН НУТАГ: Газар хагарч ус тэлснээс болж 532 өрх айл усанд автах аюул нүүрлэжээ

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-17 09:00:00

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр арванхоёрдугаар сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгойд газар хагарч ус тэллээ гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид газар дээр нь очиход газар хагарч ус тэлснээс болж тухайн багийн айл өрх, төдийгүй Улаангомчууд ч усанд автах аюултай нөхцөл байдал үүссэн байжээ. Мөн хавар урин дулаан цаг ирэхээр шар усны үеэр гүйх аюул тулгараад байгаа аж. Хачирлаж дэлгэсэн ус Чандманий хар замын дагуу урсаж Улаангомоос гарч, орох арын постны наад талын гүүрээр доошоогоо уруудаж хөлдсөн байдалтай болсон байна. Үүнээс үүдэж улсын чанартай автозамын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахад хүрчээ.

Ийнхүү үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 112 хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байна. Мөн газар хагарсан өдрөөс хойш аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, замын “АЗЗА” компани болон багийн иргэд нийлж өдөр болгон ээлжээр тэлсэн усыг хаах, боох, мөстсөн хэсгийг нь цохиж цэвэрлэх ажил хийсээр өнөөдрийг хүрчээ. Үүссэн нөхцөл байдлын талаар Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжаваас тодруулсан юм.

Ц.Пүрэвжав: Ус зам давбал Чандмань багийн айл өрхүүд усанд автах аюултай

-Чандмань багийн нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Далан хэтэрсэн гэсэн энэ үнэн үү?

-Чандмань багийн нутаг дэвсгэрт байрлах Улаантолгойн ойролцоо газар хагарч их хэмжээний ус тэлж хачирлаад байна. Газар хагарч ир хэмжээний ус тэллээ гэсэн дуудлага өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар ирсэн. Үүний дагуу тухайн өдрөө газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан. Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч өнөөдрийн байдлаар аймгийн Онцгой байдлын газар, Засаг даргын тамгын газар болон багийн иргэд хамтарч өөрсдийнхөө нөөц бололцооны хэрээр арга хэмжээ авч ажиллаж байна. Одоогоор зургаан машин шороо асгаж тэлсэн усыг боох, хаах ажил хийж байна. Далан сэтэрсэн зүйл байхгүй.  

-Хагарсан газрыг тогтоосон уу. Шороо асгахаас өөр арга хэмжээ авах боломж бий юу?

-Хагарсан газрын тогтооход бага зэрэг хүндрэлтэй. Тэлж урссан ус хөлдөж мөс тогтож хаана хагарсан гэдгийг тогтоохонд хүндрэл үүсгэж байна. Ус тэлж хачирлаж урссан болохоор газар аль хэсэгтээ хагарсан усны ундарга хаана байгааг тогтоох амаргүй байна. Тиймээс дулаартал тэлсэн усыг Чандманий зам давуулахгүй, айл өрхүүдийг усанд автах нөхцөл байдал хүргэхгүй байх талаас нь арга хэмжээ авч байна.  Хэрвээ тэлсэн ус зам давбал зам эвдрэх,Чандмань багийн айл өрхүүд усанд автах, хавар шар усны үер гүйх аюултай нөхцөл байдал үүснэ.

-Иргэдийн ярьж буйгаар жил бүрийн өвөл ус тэлж хачирлах тохиолдол гардаг гэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авах боломж бий юу?

-Жил бүр ус тэлж хачирлах тохиолдол байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд арай эрт өвлийн ид хүйтэн үеэр газар хагарсан. Тиймээс үүссэн нөхцөл байдал нэлээд хүнд байна. Ус, булаг шанд ихтэй газар өвөл хүйтрэхээс дээшээ өргөж хөлддөг. Үүнээс үүдэж газар хагарч ус тэлдэг. Энэ газар хагарсан хэсэг бол булаг, ус ихтэй газар учраас их хэмжээний ус тэлсэн. Цаашид энэ талд дээр авах арга хэмжээний талаар бид ярилцаж байна. 

Улаангом сумын нэгдүгээр баг буюу Чандмань нь аймгийн төвөөс гурван км-ын зайтай оршдог. Нийт 532 өрхтэй 1927 хүн ам амьдардаг. Хүн амын дийлэнх хувь нь мал маллах, газар тариалан эрхэлдэг. Мөн тус багийн газар нутаг ногооны талбай их, булаг, жижиг гол, хиймэл нуур ихтэй учраас ус тэлэх асуудал жил бүр тохиолддог аж. Өнгөрсөн жилүүдийн Чандманий чиглэлд шар усны үер ирдэг байсан ч энэ жилийнх шиг сандаргаж их хэмжээгээр тэлж байсан нь удаа байхгүй. Мөн энэ өвөл их хүйтрэхгүй байгаагаа нь ус дэлгэх нэг шалтгаан болж байна гэдгийг тус багийн иргэд ярьж байна.   

Хачирлаж дэлгэсэн ус Чандманий хар замын дагуу урсаж байгаа бөгөөд Улаангомоос гарч орох арын постны наад талын гүүрээр доошоогоо уруудаж байгаа аж. Хавар болж дулаарвал шар усны үер нэмэгдэж, улмаар замын далан давснаар Чандманий иргэд усанд автах эрсдэлтэй байдалд хүрсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment