8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын хүн амын дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдэж 69.9 жил болжээ

2017-02-17 09:27:10
Монгол Улсын иргэд аз жаргалтай амьдарч байна уу

Аз жаргалын 2016 оны тайланд нийт 140 орны аз жаргалын индексийг тооцоолж, эрэмбэлсэн бөгөөд Монгол Улс 14.3 гэсэн үнэлгээгээр 136 дугаар байранд эрэмбэлэгджээ. Монгол Улс АЖИ-ийн үр дүнгээр аз жаргалгүй улс орнуудын нэг болж байгаа бөгөөд дэлхийн дунджаас 1.8 дахин, нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Коста Рика улсаас 3.1 дахин бага үнэлгээтэй байна.

Аз жаргалын индекс нь дэлхий нийтийн тогтвортой сайн сайхан амьдралд юу чухал вэ гэдгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Энэ нь улс үндэстнүүдийн урт, аз жаргалтай, тогтвортой амьдралд хүрэх үйл явц ямар байгааг харуулна. Дэлхий нийтийн хандлагаар амжилтын үлгэрлэл хэмээгддэг барууны баян чинээлэг орнууд Аз жаргалын индексээр тийм ч өндөрт эрэмбэлэгддэггүй. Харин Латин Америк болон Ази, Номхон Далайн бүсийн хэсэг орнууд экологийн нөөцийн эрэлт бага, дундаж наслалт харьцангуй өндөр бөгөөд сайн сайхан байдлын үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Аз жаргалын индекс нь байгаль дэлхийн нөөцийг аль болох бага ашиглан сайн сайхан амьдралд хүрэх боломжтой гэдгийг илтгэж, улс үндэстнийг уг зорилгод чиглүүлэх луужин болно. Уг индекс нь тухайн улсын иргэд урт, аз жаргалтай амьдралд хүрэхэд хүрээлэн буй орчны баялгийг хэр зэрэг үр ашигтай ашиглаж байгааг харуулах дөрвөн үндсэн үзүүлэлтийн нэгтгэл юм.

Монгол Улсын АЖИ нь бага үр дүнтэй гарсан нь түүний бүрэлдэхүүн хэсгийн үнэлгээнээс шууд хамаарч байна. Хүн амын дундаж наслалтын хувьд жилээс жилд нэмэгдэж байгаа боловч хангалттай түвшинд хүрээгүй байна. Сайн сайхан байдал буюу амьдралын сэтгэл ханамжийн түвшин дунджаас доогуур 4.9 гэсэн үнэлгээтэй байгаа нь аз жаргалын индексийн бага үр дүнтэй гарахад ихээхэн нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр Монгол Улсын нэг хүнд ногдох экологийн нөөцийн эрэлт (6.1 га) нь боломжит нөөцийн хэмжээ (15.7 га)-нээс бага байгаа боловч дэлхийн дундаж экологийн нөөцийн эрэлтээс 2.2 дахин их байгаа нь тухайн үзүүлэлтийн түвшинд нөлөөлсөн. Монгол Улсын аз жаргалын индекс 2016 онд 14.3 гарчээ. Дээрх үзүүлэлтийн дагуу

Монгол Улсын ард иргэдийг сайн сайхан амьдралд хөтлөх, ирээдүй хойч үедээ сайн сайхан амьдралаа өвлүүлж үлдээх, шавхагдаж байгаа байгалийн нөөц баялгаа зохистойгоор ашиглах, "тогтвортой сайн сайхан байдал" -ын төлөө хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхаарах, байгаль дэлхийн хязгаарлагдмал нөөцөд тулгуурлан хэрэглээний зохистой бүтцийг бий болгоход тодорхой зорилт тавьж ажиллах шаардлагатай байна.

“Сайн сайхан байдал”–ын тухай “Галлап Уорлд”-ийн (Gallup World) “Амьдралын үе шат” гэж нэрлэдэг судалгааны асуултыг ашиглан 2012 оны хоёрдугаар сарын байдлаар дэлхийн улс орнуудын хувьд тооцсон сайн сайхан байдлын санал асуулгад дэлхийн 150 гаруй орны 15, түүнээс дээш насны 1000 хүн хамрагдсан байна. Хэрэв та өөрийн амьдралыг сайнаар төсөөлж байгаа бол дээд шатанд, муугаар төсөөлж байгаа бол доод шатанд байна гэж таамаглавал та яг одоо аль шатанд явж байна вэ? Та аль шатанд хамгийн ойрхон байна гэж мэдэрч байна вэ? гэсэн асуултаар тодорхойлдог.

 Монгол Улсын хувьд сайн сайхан байдал 4.9 гэсэн үнэлгээтэй гарчээ. Энэ нь дэлхийн дунджаас 0.5 нэгжээр доогуур байна. Мөн энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 140 улсаас 90 дүгээр байранд оржээ. Харин Швейцари улсын сайн сайхан байдал хамгийн өндөр буюу 7.8 байгаа бол Того улсад хамгийн бага буюу 2.9 байна. Монгол Улсын сайн сайхан байдлын үнэлэмж 4.9 байгаа нь Зүүн Өмнөд Азийн өндөр хөгжилтэй улс орнууд болох Япон болон БНСУ-ынхаас 1.1 нэгжээр доогуур байна. Харин БНХАУ-тай ойролцоо түвшинд байна. Монгол Улсын сайн сайхан байдал нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн бага улс орнуудынхаас дээгүүр боловч Мозамбик улсынхаас доогуур байна. Харин эдгээр улс орнуудын сайн сайхан байдал дэлхийн дунджаас доогуур байна. Монгол Улсын сайн сайхан байдал нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн өндөр улс орнуудынхаас харьцангуй доогуур байна. Харин эдгээр улсуудын хувьд сайн сайхан байдал нь дэлхийн дунджаас дээгүүр байна.  

Монголын хүн амын дундаж наслалт 1.9 жилээр нэмэгджээ

Хүн амын дундаж наслалт Хүн амын дундаж наслалт гэж шинээр төрсөн (төрөх үеийн) хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацааг (жил) ойлгоно. Дундаж наслалтын тооцоонд насны бүлгээрх нас баралтын тоо болон хүн амын тоо, төрөх үеийн хүйсийн харьцаа, нялхсын эндэгдлийн түвшинг ашигладаг бөгөөд шинээр төрсөн хүүхдийн төрөх үед байсан нас баралтын түвшин уг хүүхдийн амьдралынх нь хугацаанд хэвээр хадгалагдаж байх таамаглалыг дэвшүүлж тооцооллыг хийдэг.

Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалт нь 2009 оноос хойш жил бүр нэмэгдсэн. Хүн амын дундаж наслалт 2009 онд 68.0 жил байсан бол 2015 онд 69.9 жил болж өссөн нь 6 жилийн хугацаанд дундаж наслалт 1.9 жилээр нэмэгдсэнийг илтгэж байна.

Монгол Улсын хүн амын дундаж наслалт дэлхийн 140 улсаас 95-т оржээ.Мөн дэлхийн дунджаас 2.3 жилээр доогуур байна.Дэлхийд хүн амын дундаж наслалтаар Гонконг, Япон, Итали, Швейцарь зэрэг улсууд тэргүүлж, Сьерра Леон, Лесото, Свазиланд зэрэг улсууд сүүлдэж байна.Монгол Улсын хүн амын дундаж наслалт нь тэргүүлж байгаа улс орнуудынхаас 14.0-15.0 жилээр доогуур байгаа бол сүүлдэж байгаа улс орнуудынхаас 18.8-19.7 жилээр өндөр байна. Дэлхийн хүн амын дундаж наслалтыг тэргүүлж байгаа улс орнуудыхтай харьцуулбал 11.8-12.7 жилээр бага, сүүлдэж байгаа  гурван улсынхаас 22.1-22.0 жилээр өндөр байна. Монгол Улс хүн амын дундаж наслалтаараа Азийн өндөр хөгжилтэй улс орнууд болон дэлхийн дунджаас доогуур байна. Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг Азийн өндөр хөгжилтэй улс орнуудынхтай 2015 оны байдлаар харьцуулан үзэхэд Японых 14.6, БНСУ-ынх 12.7, БНХАУ-ынх 6.8 жилээр их байна. Харин Монгол Улс нь Азийн дунджаас 4.6 жилээр бага байна. Монгол Улсын хүн амын дундаж наслалтыг нэг хүнд ногдох ДНБ нь хамгийн бага улс орнуудынхтай харьцуулахад эдгээр улсынхаас өндөр байна.Эдгээр улс орнуудын дундаж наслалт дэлхийн дунджаас 8.1-16.6 жилээр,Монгол Улсынхаас 5.8-14.3 жилээр доогуур байна. Сүүлийн 50 жилийн хувьд экологийн нөөцийн эрэлтийг авч үзэхэд манай улсын хувьд тогтвортой байгаа нь харагдаж байгаа боловч байгалийн нөөц(чадамж)-ийн хувьд жил ирэх тутам багасч байна. Энэ нь цаашид огтлолцож эрэлт нь нөөцийн чадавхиас давж болзошгүйг харуулж байна. Экологийн нөөц нь тариалангийн, бэлчээрийн, ой хээрийн, усны нөөцийн, барилга, байгууламжийн гэсэн таван хэсэг талбайгаас бүрддэг байна.Нэг хүнд ногдох экологийн нөөцийн эрэлт болон нөөцийн байдлыг МонголУлсын хувьд бүтцээр нь аваад үзэхэд тариалангийн талбайн эрэлт нь нөөцөөсөө давж гарсан байгаа боловч бусад талбайн нөөц нь илүү байгаа тул нийт экологийн нөөц эрэлтээсээ 2.3 дахин их байна. Манай улсын хувьд экологийн нөөцийн ихэнх хувийг бэлчээр, ой хээрийн нөөц эзэлдэг бол эрэлтийн хувьд бэлчээрийн талбай ихэнх хувийг эзлэж байна. Дэлхийн түвшинд аз жаргалын индекс 2016 оны тайланд дунджаар 26.4 байгаа нь улс орнуудын хүн амын сайн сайхан байдал, амьдралаас авах сэтгэл ханамжийн түвшингээс доогуур байгааг илтгэж байна.Аз жаргалын индекс Коста Рикад хамгийн өндөр буюу 44.7, Чад улсад хамгийн бага буюу 12.8 байна. Харин Монгол Улсын АЖИ 14.3 юм. Монгол Улсын аз жаргалын индекс 14.3 гарахад хүн амын сайн сайхан байдал 4.9, нэг хүнд ногдох экологийн нөөцийн эрэлт 6.1 га байгаа нь сөргөөр нөлөөлжээ.Монгол Улс аз жаргалын индексээр дэлхийн 140 орноос 136, үзүүлэлт тус бүрээр авч үзэхэд тогтвортой сайн сайхан байдлаар 90, хүн амын дундаж наслалтаар 95, экологийн нөөцийн эрэлтээр 14 дүгээр байранд тус тус эрэмбэлэгджээ. Цаашид Монгол Улс хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, орлогын тэгш бус байдлыг тэнцвэржүүлэх, экологийн нөөцийг зөв зохистой ашиглах, түүнийг нөхөн сэргээх арга хэмжээг авах шаардлагатай байна.

Аз жаргалын индекс яагаад хэрэгтэй вэ?

Өнөөдөр мэдээллийн хэрэгслээр дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, тэгш бус байдал нэмэгдэж байгаа тухай, уур амьсгалын томоохон өөрчлөлтүүд зэрэг хямралын тухай мэдээллүүд голлон цацагддаг.

Сүүлийн үеийн судалгаагаар Америк болон Европт амьдарч байгаа хүн амын дийлэнхи нь цаашид амьдрал огт сайжрахгүй гэж үзсэн байна. Эдгээр харилцан хамааралтай хямралуудын нэг шалтгаан нь Засгийн газрууд эдийн засгийн өсөлтийг гол зорилгоо болгон бусад зорилтыг орхигдуулсан явдал аж. Ард иргэд ч хүчирхэг эдийн засгийг байгуулах амлалт өгсөн улс төрийн намуудыг сонгож, бодлого боловсруулагчид бусад зорилтоос илүүтэйгээр эдийн засгийн өсөлтийн стандарт хэмжигдэхүүн болох ДНБ-ийг нэмэгдүүлэх бодлогыг нэн тэргүүнд тавьдаг. Энэ нь зөвхөн богино хугацааны үр дүнд чиглэгдэх бөгөөд нийгмийн нөхцөл байдлын доройтол, тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг орхигдуулдаг. Бодит байдалд ДНБ-ий өсөлт нь дангаараа улс орны хөгжил, ард иргэдийн сайн сайхан амьдралыг илтгэж чадахгүй.

Түүнчлэн тухайн улсын хүн амын доторхи тэгш бус байдлын зэргийг илэрхийлэхгүй. Мөн ДНБ нь нийгмийн харилцаа, эрүүл мэнд, хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг зэрэг хүмүүсийн чухалчилж авч үздэг үнэт зүйлсийг тусгадаггүй. Хамгийн гол нь үргэлж өсөн нэмэгдэж байдаг эдийн засгийн өсөлт нь байгаль дэлхийн хязгаарлагдмал нөөц баялагт нийцтэй биш юм. Амжилтын тухай өөр төсөөлөл Аз жаргалын индекс (АЖИ) нь хүмүүс хэрхэн амьдарч байгааг илүү тодорхой харуулна. Хүмүүс хэр урт насалж байгаа, өөрсдийн амьдралаас хэрхэн туршлагажиж байгаа зэргийг хэмжихээс гадна тэгш бус байдлыг дунджаар нь биш, түүний тархалтыг ашиглаж тооцдог.

Улс орнуудын тодорхой зорилтод хүрэхэд ашигласан байгалийн нөөцийг хэмжсэнээр АЖИ нь аль улс орны сайн сайхан байдал тогтвортой хадгалагдаж байгааг харуулдаг байна. Тухайлбал, Коста Рика бүх нийтийн тогтвортой сайн сайхан байдалд хүрэх замдаа амжилттай яваа бөгөөд бусад улс орнууд ч бүх нийтийн тогтвортой сайн сайхан байдлын төлөө урагшилж байна. Аз жаргалын индекс (АЖИ) нь дэлхийн улс орнууд өөрийн ард түмэндээ урт удаан, аз жаргалтай амьдрах боломжийг хэр зэрэг бүрдүүлж байгааг илтгэдэг. АЖИ-ийн өндөр үнэлгээнд хүрэхийн тулд байгаль орчны хязгаарлагдмал нөөцийн хүрээнд хүмүүс хэрхэн сайн сайхан амьдарч байгаагаар тодорхойлж байгаа бөгөөд уг жагсаалтыг Латин Америк болон Ази, Номхон Далайн бүсийн орнууд тэргүүлж, харин амжилтын бэлэг тэмдэг болсон барууны чинээлэг орнууд ард хоцорч байна. Улс орны сайн сайхан байдал, дундаж наслалт, орлогын тэгш бус байдлын үзүүлэлтийг нэгтгэн сайн сайхан амьдралын он жилүүд хэмээх нэг хэмжигдэхүүн болгосон бөгөөд экологийн нөөцийн эрэлтийг  хоёр дахь хэмжигдэхүүн болгон сонгосон. Барууны чинээлэг улс орнууд нь дундаж наслалт болон амьдралын сайн сайхан байдлын хэмжүүрт өндөр оноотой байгаа боловч тэдний өндөр эдийн засгийн үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчны ихээхэн зардал гарч байгаагаас шалтгаалан АЖИ нь тийм ч өндөр бус байна Тухайлбал, АНУ аз жаргалтай амьдралын он жилүүдийн үр дүнгээр өндөр оноо авч байгаа боловч, дэлхий дээрх хамгийн өндөр экологийн нөөцийн эрэлттэй орнуудын нэг тул аз жаргалтай бус байна. Харин Коста Рика зэрэг экологийн нөөцийн эрэлт багатай олон улс орон аз жаргалтай амьдралын жилүүд өндөр, экологийн нөөцийн эрэлт бага байна. Өөрөөр хэлбэл, Коста Рика улс ард түмнийхээ сайн сайхан байдлыг хангахын зэрэгцээ харьцангуй бага хэмжээний экологийн нөөц ашиглаж байгаа нь АЖИ-ийг өндөр үнэлгээтэй болгож байна. Коста Рика зэрэг улс орнууд экологийн нөөцийн бага эрэлттэйгээр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах замаар сайн сайхан байдал харьцангуй өндөр, дундаж наслалт их байх нөхцөл рүү амжилттай урагшилж байна.Энэ жил Коста Рика улс АЖИ-ийн үр дүнгээр гурав дахь удаагаа тэргүүлж байна. Коста Рикачууд аз жаргалтай сайн сайхан байдлаар АНУ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй олон орноос, дундаж наслалтаар АНУ-аас өндөр байна. Тус орны нэг хүнд ногдох экологийн нөөцийн эрэлтийн хэмжээ нь АНУ-ынхаас гурав дахин бага байна. Коста Рика нь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлж байна. Эрчим хүчний 99 хувь нь сэргээгдэх нөөцөөс бүрдэж байгаа бөгөөд Засгийн газар нь бусад хөгжингүй чинээлэг орнуудаас урьтаж нүүрстөрөгчийн хэрэглээг 2021 он гэхэд халсан орон болох шийдвэрийг гаргасан. Тус улс 1949 оны цэргийн хөдөлгөөнөөс хойш батлан хамгаалахын төсвийг боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн санхүүжилтэд дахин хуваарилсан байна.Коста Рикачууд аз жаргалтай байгаа гол хүчин зүйлийн нэг нь найз нөхөд, гэр бүл, хөршүүдээрээ нийгмийн үйл ажиллагаанд нийлэн нэгддэг хатуу дэг жаяг,соёлтой нь холбоотой юм. Гэвч Коста Рикад маш олон шийдвэрлэх асуудал байсаар байна. Хоцрогдсон татварын систем болон орлогын тэгш бус байдал өндөр. Коста Рикагийн байгальорчны тогтвортой байдлын төлөө өгсөн амлалт нь сайшаалтай боловч бүрэнт тогтвортой байдалд хүрээгүй л байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл