8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд Баянхонгор, Говь-Алтай аймгуудад ажиллаж байна

2017-02-17 12:19:02

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудад ажиллаж байна. Онцгой комиссын баг бүрэлдэхүүн өчигдөр /2017.02.16/  Баянхонгор аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал, ОБГ-ын ажил албатай танилцлаа. Баянхонгор аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулахад өвөлжилт  хэвийн бөгөөд зуд турханы байдалтай сум одоогоор байхгүй аж. Тиймээс сумдаар явж ажиллах шаардлагагүй хэмээн үзсэн байна.

Шадар сайд У.Хүрэлсүх аймгийн ОБГ-т ажиллах үеэрээ, “Онцгой байдлын газрын хүчин чадал, нэр хүнд ард түмнийхээ итгэл сэтгэл дээр тогтдог гэдгийг бид мартаж болохгүй. Жилээс жилд онцгой байдлын албаны нэр хүнд, боловсон хүчний чадавхи, техникийн хүчин чадал өсч байгаад би баяртай байдаг. Тиймээс бид ард түмний итгэл хайрыг дааж улам бүр түргэн шуурхай, хичээж ажиллах хэрэгтэй” гэж онцоллоо.

Тус ажлын хэсэг өнөөдөр /2017.02.17/ Говь-Алтай аймагт  ажиллаж байна. Говь-Алтай аймаг нь 56.7 мянган хүн амтай бөгөөд  нийт сумдын 87 багт 3494.4 мянган толгой мал өвөлжиж байгаа талаар орон нутгаас мэдээлэл өгөв. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 917 мал зүй бусаар хоргодож, 1152 төл хүлээн аваад байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 173 тонн өвс, 25 тонн тэжээл  хадгалагдсан бөгөөд одоогоор зарцуулагдаагүй байгаа аж.

Говь-Алтай аймагт өвөлжилтийн хүндрэл бага байгаа хэдий ч малын халдварт өвчин, бөхөнгийн хорогдлын асуудалд Улсын онцгой комисс анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Шадар сайд У.Хүрэлсүх энэ талаар “Аймгийн хэмжээнд бөхөнгийн хорогдолд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Холбогдох төрийн байгууллагууд хариуцлагаа сайжруул. Өвөлжилт хүндрээгүй гээд дулаан конторт халуун цай ууж суухын оронд хэдэн малчдаа эргэж тойрч бай” хэмээн үүрэгдлээ.

Улсын онцгой комиссын баг бүрэлдэхүүн малын гоц халдварт өвчин дэгдсэн бүс нутагт ажиллаж, Улсын онцгой комиссоос олгож байгаа өвс, тэжээл, тусламжийн бараа, эм био бэлдмэлийг иргэд малчддад хүргэн, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл