8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэд бол эрүүл энхийн төлөө яваа дуут машины эзэд юм

2015-12-25 10:21:00

Их хотын амьдрал ид өрнөж, түм түжигнэж бум бужигнана. Нэг л юманд яарсан, сандарсан байдлыг илтгэх нэгэн содон дуу бол түргэн тусламжийн машины дуут дохио. Энэ дууг сонссон хүн бүхэн л юу болсон бол яасан бол гэх бодлыг дотроо өвөртөлдөг бизээ.

 Цаг, минут, секунтээр хэмжигдэх тэдний завгүй ажлын талаар сонирхож тэдэнтэй багахан ч гэсэн яриа өрнүүлэхсэн гэдэг бодлыг тээж явсаар 2015 оны 12-р сарын 24-ны энэ өдөр Яаралтай түргэн тусламж 103-ыг зорилоо. Сурвалжлага хийх тухайгаа нийслэлийн түргэн тусламжийн төвийн сургалтын менежер Б.Тэгшжаргал эмчид хэлэхэд Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламж Төвийн дэд дарга доктор С.Ариунболдтой танилцуулсан юм. С.Ариунболд дарга “Бололгүй яахав, хамтран ажиллахдаа баяртай байна. Бидний ажил их л завгүй өрнөнө шүү. Харин чи дуудлага авсан газарт очоод зураг авах тал дээрээ анхаараарай. Дараа нь хүмүүс гомдол гаргадаг юм шүү” хэмээн товчхон зөвлөмж өгсөн юм.

 Ингээд оройны 17:30 минутад тус төв дээр ирлээ. Дөнгөж үүднээр нь оронгуут өөдөөс нэг эмч хурдлаарай гээд л хажуугаар өнгөрөв. Гэтэл цаанаас нь жижүүр эмч “Чи нөгөө сурвалжлагч уу? наад хоёртойгоо хамт яв” гэв.  Араас нь гартал эмч жолооч хоёр аль хэдийнэ машиндаа суучихсан  хөдлөх гэж байнаа. “Түр хүлээж байгаарай. Би та хоёртой хамт явах юм” гээд л очтол Эмч “За наашаа суу! Аан чи нөгөө сэтгүүлч үү?  яаралтай дуудлага ирсэн одоо ч замын түгжрэл эд байдаг үе. Яаж хурдхан очих вэ? гээд мэндлэхийн завдалгүй шууд л ажлаа ярьж эхлэлээ.

Дуудлага өгсөн хүмүүс их сандарсан байдаг болохоор яагаад алга болчихвоо гээд л ойлгохгүй үе их тохиолдог 

17 цаг 30 минут

Бид ийнхүү хөөрөлдлөө.

- Бид ямар дуудлага хүлээн авсан бэ? хаашаа явж байна?

Энэ дуудлага энэ оройн анхных нь. Чингэлтэй дүүрэг 11-р хороо Зүүн ард Аюушын гудамжинд нэлээн алслагдсан хороонд очно. Өндөр настай хүн татаад бөөлжөөд байсан гэсэн. Мөн энэ хороонд өндөр настай хүн шээс нь гарахгүй байна гэсэн дуудлага авлаа.

- Баярын үед ачаалал ихэсдэг үү?

Ер нь өвлийн улиралд манай төвийн ачаалал эрс ихэсдэг. Ялангуяа баяр ёслол болж байгаа энэ өдрүүдэд осол аваар, согтуу хүн гадаа хөлдөх, осгох, архаг хууч өвчтэй хүмүүсийн өвчлөлийн тоо эрс нэмэгддэг. Манай төв маш их ачаалалтай ажиллаж байна. Шөнөдөө 300-аад дуудлага хүлээж авах нь хэвийн үзэгдэл. Ихэнх дуудлагын 10 орчим хувийг бага насны хүүхдүүдийн дуудлага эзэлдэг. Дуудлага хүлээж аваад 15-20 орчим минутын дотор очдог. Гэхдээ ид түгжрэлийн үед хугацаа хоцорч очих тохиолдол бий гэлээ.

17 цаг 38 минут. /Багшийн дээд уулзвар/

Замын түгжрэлтэй үед жолоочдоо л найдана даа

Бид Багшийн дээдийн уулзвар дээр ирээд л түгжрэлд орчихов. Гэхдээ эмч, жолооч нарын ярьж байгаагаар нэг үеээ бодвол жолооч нарын ухамсар дээшлэж зам тавьж өгдөг болжээ. Өмнө нь бол мянга сигналдаж, дууд дохио хангинуулаад ч огт хөдөлдөггүй байж. Харин одоо  бол соёлтой болж, ажлыг хүндэтгэдэг болсон байна. Гэвч яг одоогийнх шиг ийм түгжрэлтэй үед яах ч аргагүй. “Хурдхан энэ түгжрэлээс гарах юмсан гээд л жолоочдоо л найдана даа. Дуудлага өгсөн хүний бие яаж байгаа бол гээд их санаа зовдог” хэмээн эмч өгүүлэв.

Ингээд бид 8 орчим минут түгжирч зогссон учраас урсгал сөрөн түгжрэлээс гарлаа. Дуудлага өгсөн газар маань нэлээд зайтай тул өөр хоорондоо ажил мэргэжлийнхээ талаар ярилцах үед яагаад эмчийн мэргэжил сонгох болсон яриа руу орлоо. Тэрбээр ахыгаа өвчнөөр алдсаныхаа дараа буюу 7 дугаар ангиасаа хойш эмч болохоор шийджээ.

7 дугаар ангид байхдаа эмч болохоор шийдсэн

- “Миний ах намайг 7-р ангид байхад хатгаа нь хүндрээд уужиг нь усжиж нас барьсан.  Түүнээс хойш эмч больё гэж шийдсэн. Гэр бүл, ойр дотны хүмүүст эмч эмнэлгийн мэдлэгтэй хүн байх хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Яаралтай Түргэн Тусламж 103 төвд зургаан сар орчим дагалдан эмч хийж байгаад ажиллаж эхэлсэн. Манай төвийн хувьд дуудлагын эмч өөрөө бүх зүйлийг гардан хийдэг болохоор их зүйл сурна. Залуу хүний хувьд өөрийгөө дайчлан ажиллах хүсэлтэй. Манай хамт олон ч сайхан шүү...

... Саяхан аав минь элэгний хорт хавдараар өөд болсон.  Удаагүй байна. Уг нь өнөөдөр манай байгууллагын шинэ жилтэй. Би ороогүй ээ. Аавын минь хоног дуусаагүй байна. Тиймээс дуудлагын ээлжинд гарч байна. Сүүлийн үед манай улсад хавдарын өвчлөл их байна. Аавыгаа жил зургаан сар асарч эмчилгээ хийлгэсэн боловч хэтэрхий оройтсон тул аварч чадаагүй... /уйлав/. Өөрийн биеэр энэ зовлонг мэдэрсэн болохоор таних танихгүй хүмүүст өөрийнхөө хэмжээнд хэрхэн, яаж асрах талаар зөвлөгөө өгдөг.  Сэтгэл санааны хувьд ч гэсэн. Хүнд ер хүн илүүдэхгүй шүү дээ.

Айлруу очиход машин гарахгүй газар бол буугаад гүйнэ дээ.

18 цаг 15 минут /100 айл уулзвар түгжрэв /

Нийслэлийн иргэдийн ихэнх нь гэр хороололд амьдардаг. Гэвч зарим гэр хороололд очиж хүн үзэхийн тулд эмч, жолооч хоёроос ихээхэн чадвар шаарддаг аж. Учир нь зарим газар машин нь гарахгүй тохиодолд нэлээд гардаг байна.

“Дуудлага хүлээж авчихаад гэр хорооллын уулан дээр амьдардаг айлд очиход хамгийн хэцүү байдаг. Машин гарахгүй газарт хүнээр тосуулж байгаад гүйгээд л явна. Халтирчих гээд л хажуугаар нь айлын нохой дайрна. Заримдаа гадаа хүйтэн нөхцөлд ч ажиллана. Ер нь өвөл бол хэцүү шүү”...

 Түргэн тусламжийн эмч нарт машинынх нь чадлаас гадна хаягжилт ихээхэн саад болдог байна. “Сандарсан хүмүүс гэрээ тодорхой зааж өгч чаддаггүй. "Хоёр ацтай шонгийн хажуугаар ороод яв" гэдэг аж.

-Түгжрэлээс арай хийж гараад айлаа олох гэж бас цаг алдах үе байдаг. Сандарсан хүмүүс тодорхой хаягаа зааж өгч чаддаггүй. Хаягжилт огт байхгүй гэр хороолол их байдаг. Тухайлбал Дарь-Эх, Бага хайрхан гэх зэрэг газрууд ямарч хаяггүй. Тиймээс танайхыг олохгүй байна гээд орхиод явалтай биш. Яаж ийж байгаад айлаа олохын тулд дуудлага өгсөн хүмүүс рүүгээ залгана. Ямар сайн даа л хоёр ацтай шонгийн хажуугаар ороод яв гэдэг. Аль шонг гэж явах вэ дээ. Ер нь жолооч маань хаана очих, хаагуур явах чиглэлээ сайн мэдэж байх шаардлагатай байдаг. Заримдаа бүр олон жил явсан туршлагатай жолооч руугаа залгаж асуудаг. Тэр нь их амар байдаг юм. /инээв/”...

18 цаг 30 минут /Баянбүрдийн тойрог/

Энэ зуур бид хөөрөлдсөөр л хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн дуудлагын тухай яриа дэлгэлээ.

Хэдийгээр бид дуут дохиогоо хангинуулан аль болох түгжрэлд орохгүйг хичээн явсан ч Яаралтай түргэн тусламжийн төвөөс гараад аль хэдийнэ цаг болчихож. Учир нь хамгийн их түгжрэлтэй цаг үетэй ийнхүү таарчээ. Цагийн дараа бид Баянбүрдийн тойрог дээр ирсэн байлаа. Энэ зуур бид хөөрөлдсөөр л хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн дуудлагын тухай яриа дэлгэлээ.   

Сэтгэлээс огт гардаггүй зүрх зүсэм дуудлага бол 5 настай хүүхэд хашаанд зоогдсон дуудлага

- Түргэн тусламжийн төвдөө ороод удаагүй байсан. Тэр үед 5 настай хүүхэд сараалжан хашаанд зоогдсон гэдэг дуудлага хүлээн авсан юм. Бид тэр дуудлага дээр маш хурдан  очсон. Жаахан хүүхэд цээжээрээ төмөр сараалжин хашаанд нэвт сүлбэгдсэн байсан. Хараад нүд халтирсан. Их ч сандарсан. Ээлжийн ахлах эмч рүүгээ залгаж одоо яах вэ? гэж асуухад “Чи үүнээ ч хүнд газар очно. Чи юу хийхээ мэдэж байгаа” гээд утсаа тасалсан. Тухай үед үнэхээр л энэ мэргэжлийг сонгосон хойно надад хэн туслахав гэж бодоод өвчин намдаах тариа тарьсан.  Тэр хүүд хэрэгтэй бүхэл эм тариагаа хийж өгмөөр санагдсан. Бидэнтэй хамт цагдаагийнхан, онцгой байдлынхан ирсэн байсан. Хашааны төмрийг нь хоёр талаас нь  тайрч хүүг гэмтэлтийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэр хүүхэд “Эгчээ энэ төмөр намайг аймар өвтгөөд байна”  гээд л байсан. Дараа нь хүүгийн биеийн байдлын талаар лавлавсан. Харамсалтай нь нас барьсан гэсэн.Тэр миний сэтгэлээс огт гардаггүй, дандаа бодогддог. Бага насны хүүхдүүд бэртэж гэмтэхдээ хаана нь яаж өвдөж байгаагаа хэлж мэддэггүй.

Арван жилийн хүүхдүүд зам хөндлөн гарахдаа чихэвч зүүхгүй байх хэрэгтэй

-Ер нь өвөл зун гэлтгүй хүүхдүүд маш их бэртэж гэмтдэг. Наад зах нь л замын хөндлөн гарахдаа чихэвч зүүж яваад машин сигналдаж байгааг сонсохгүй осолд орох явдал сүүлийн үед их байна. Тиймээс замаар гарахдаа чихэвч зүүхгүй байхыг хүүхдүүддээ анхааруулж баймаар ... гэлээ.

18 цаг 34 минут /Зурагт хуучин эцэс/

Бид дуудлага өгсөн айлын ойролцоо ирж яг хаагуур орж очих талаар дахин лавлаж асуухаар жижүүр эмч рүү залгав. Гэтэл ирэхгүй удаад байхаар нь өөрсдөө эмнэлэг рүү авч явсан гэлээ. Эмч уучлалт гуйн зам түгжрэлтэй байсан тухай тайлбарлав...

Өндөр настай хүн татаад бөөлжиж байна гэсэн дуудлага буцаагдав 

- Ингэж дуудлага буцаагдах тохиолдол нилээдгүй гардаг. Иргэд дуудлага өгчихөөд эмнэлэг рүү өөрсдөө авч явж байгаа тухайгаа огт хэлдэггүй. Уг нь дуудлагаа буцаалаа гээд хэлж байвал бид дараагийн дуудлага руугаа явахад амар байдаг юм. Бид нар хуулийн бичиг баримт үйлддэг тул худлаа бичиж болохгүй. Яагаад дуудлага буцаагдсан, хэн гэдэг хүн ямар шалтгаанаас дуудлагаа буцаасан талаарх тэмдэглэлийн нарийн хөтөлдөг. Хэрэв дуудлага буцаасаны дараа ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ гээд их нарийн нягталдаг.  Ийм үе гарна шүү дээ. Одоо дараагийн дуудлагаруугаа явья гэв. Мөн л өндөр настай хүн шээс нь гарахгүй байгаа гэсэн дуудлага байгаа гэсэн.

18 цаг 45 минут

Өгсүүр өөд машин гарахгүй машинаа түрэв

Өмнөх дуудлага буцаагдсан учраас дараагийн айлруу явлаа. Их өгсүүр газар учраас машин гарах болов уу? яах бол гэж эмч жолооч хоёр хоорондоо ярилцлаа. Гэвч яг ярилцаж байснаар болчихов. Маш өгсүүр дээрээс нь хальтиргаатай байсан учраас машины дугуй хий эргээд гардаггүй. Дуудлага өгсөн айлын хүн хашаанаасаа гарч ирээд машин түрэлцэв.  Мөн гудамжинд явж байсан жижиг тэрэгний жолооч, эмч, сэтгүүлч миний бие хамтдаа нийлэн түрсэний эцэст арай хийж машинаа гаргаж чадлаа.  Эмч, машин дээшээ гармагц машинаас цүнхээ аваад айлруу гүйж оров.

Айлын хүмүүс ямар хурдан ирэв ээ. Манай энд машин гарахад хэцүү шүү. Манай ээж одоо 70 настай хэвтэрт байгаа. Өчигдөрөөс хойш огт шээсэнгүй гэлээ.

Эмч:

- Сайн байна уу эмээ. Бие нь яаж байна гээд даралтыг үзэнгээ цээжингийн чагнаж үзэв.

- Уушигны хорт хавдартай юу?

- Тийм ээ манай ээж уушигны хорт хавдартай. Уг нь хэвтэрт ороод удаагүй байгаа.  Ойрноос огцом бие нь муудаад шээс нь гарахгүй байна .

- Хорт хавдар нь хүнд шатандаа орсон учирсан хөнгөвчлөх эмчилгээ хийж өгье. Шээс нь огт гарахгүй байгаа юу. Гуурс суулгаж өгдөг юм билүү гэж бодсон чинь хавдар нь хэвлийн хөндийд тарахчихсан учир суулгах боломжгүй болжээ... гээд хэдэн эм тариа бичиж өгөөд уулзуулах ойр дотны хүмүүс байгаа бол эртхэн уулзууллаарай их муудаад байвал давтан дуудлага өгч болно шүү гэв.

                  

19 цаг 10 минут /Баруун 4 зам түгжрэв/

Эмч жолооч хоёртойгоо танилцсан нь

Уншигч та анзаарсан бол өнөөдрийн түргэн тусламжийн сурвалжлаганд явж байгаа бид гурав дуудлага хүлээн авсанаас хойш тухтай танилцаж нэрээ мэдэлцэж амжаагүй явжээ. Аргагүй л завгүй ажлынхаа халуун ярианд орсоных болов уу...

Өнөөдрийн түргэн тусламжийн дуудлагын ээлжинд сэтгүүлч надтай хамт явж байгаа Түргэн тусламжийн төвийн дуудлагын эмчийг С. Сарнай, харин жолоочийг О.Баатар аж.  Танилцах хүртлээ жолоочоо, эмчээ, сэтгүүлчээ гэж хэн хэнийгээ дуудаж байсан  бид гурав энэ үеэс нэрээрээ дуудалцаж яриагаа өрнүүлж, түгжрэл дундуур дараагийн дуудлага руугаа дуут дохиогоо хангинуулан явлаа.

Замын түгжрэлээс хурдан гарахад Замын цагдаа нар хамгийн их тусалдаг

- Замын түгжрэлд дуут дохиогоо асаагаад зогсож байхад Замын цагдаа нар маань тэр эгнээг эхлээд явуулж өгдөг. Сүүлдээ бүр нэг өдөр ээлжинд гарч байгаа замын цагдаа нараа бүр таньдаг болчихсон.  “Баярлалаа” гээд гараа өргөж мэндлээд л өнгөрдөг. Заримдаа их түгжрэлтэй үед хаагуур явах уу гэж утсаар асууна. Дараа нь энд тэнд энгийн хувцастай таарахаараа юу билээ гээд л өнгөрнө. Замын цагдаа нартаа баярладаг шүү...     

19 цаг 40 минут  / 25-р эмийн сан дахиад л түгжрэв/

Дуудлагын эмч согтуу хүмүүсийн дуудлага дээр очоод зодуулсан тохиолдол байдаг

Бидний дараагийн дуудлага Баянгол дүүрэг  22-р хороонд согтуу хүмүүс байна. Гараа эсэгсэн цус алдсан гэсэн дуудлага байлаа. Ер нь найз нөхөд, эхнэр нөхөр, гээд хүмүүс нийлж архи уусанаасаа болж хоорондоо муудалцаж, зодолдон бэртэх, гэмтэх зүйл их гардаг байна. Тэдгээр согтуу хүмүүс нь хүн үхэх гэж байхад ямар удаан явж ирдэг юм гээд л дайрах нь наад захын асуудал аж. Тиймээс тэд иймэрхүү дуудлага өгсөн айлд очихдоо машинаа цоожлоод жолоочтойгоо хамт ордог аж. Учир нь түргэн тусламжийн төвийн дуудлагын эмчийг зодсон тохиолдол гарч байжээ.

20 цаг 15 минут

Гараа эсэгсэн гэдэг дуудлага дээр очив

- Дуудлага өгсөн айлд очиход 20 настай эрэгтэй, аавыгаа архи ууссанд уурлаж шилэн хаалга гараараа цохиж халагласан учир баруун гар нь шилэнд зүсэгджээ.  Хэд хэдэн оёдол тавих болсон тул ГССҮТ рүү авч явлаа. Замдаа эмч ямар учраас яагаад ийм зүйл болсон тухай асууж хүүд дахин өөрийгөө ингэж гэмтээж бэртээхгүй байх талаар тайлбарлаж байв.

                  

20 цаг 44  минут / ГССҮтөв /

Гараа гэмтээсэн хүүг эмч С.Сарнай ГССҮТөвд хүлээлгэн өгөв

Энэ зуур дахин С.Сарнай эмч нэгэн хүнд өвчтөн авчирч байснаа дурслаа.  Тэрбээр байгаа материалаа ашиглаад яаж түргэн тусламж үзүүлэх вэ гэж хамгийн түрүүнд боддог. Бүр нэг удаа гялгар уутны тал дундуур цус алдсан хүнийг гэмтэлт хүргэж өгч байжээ.

- Энэ хүүгийн шарх бас гайгүй байна. Гэхдээ оёдол хийлгэх хэрэгтэй.  Өмнө зодолдож байгаад толгойгоо хагалуулсан гэдэг дуудлага хүлээн аваад очиход маш их цус алдаж байсан. Боолт хийсэн ч тогтохгүй нэвтрээд. Тэр бүхэн толгойд орж ирж хамгийн ойр байгаа материалаа хэрхэн ашиглаж   яаралтай түргэн тусламж яаж үзүүлэх билээ гэж бодогдоод шар гялгар уут толгойд углаад явсан. Уутны тал дундуур цустай эмнэлэгт очиж байлаа.

20 цаг 50 минут /хорооллын эцэс/

Толгой эргэж дотор  муухай оригсон эмэгтэйн дуудлага хүлээн авлаа

- Ойр газар байсан болохоор бид дуудлага өгсөн айлд хурдан очив. Эмч даралтыг нь үзэж, ямар зовиур байгаа талаар асууж эмнэлэгт шинжилгээ өгөх хэрэгтэй, таны бөөр өвдөг бололтой үзүүлэх шаардлагатай, даралт чинь жаахан өндөр байна гээд даралтны эм өглөө. Мөн дуудлага өгсөн иргэн нойр хүрэхгүй байна, нойрны эм талыг ч гэсэн өгөөч гэхэд эмч нойрсуулах, тайвшруулах эмийг хамаагүй өгч болохгүй. Хортой эмийн жагсаалтанд орсоныг тайлбарласан юм.

                  

21 цаг 25 минут  /буцах замдаа/

Манайхан шинэ жилээ тэмдэглээд гоё байгаа байхдаа, надруу залгасан байна

Өнөөдөр Яаралтай түргэн тусламжийн төвийнхны шинэ болж байгаа талаар сурвалжлагынхаа өмнө бид дуулгасан. Тэгвэл ажлынхан нь түүн рүү залгажээ.

- Би шинэ жилдээ орох гэж байгаа юм шиг бүх зүйлээ бэлдчихсэн байсан.  Бүр даашинзаа хүртэл ажил дээрээ авчирсан байсан.  Гэвч би ороогүй. Ажлаа хийгээд явж байхад бахархмаар гоё байдаг юмаа. Тэгээд ч аав маань өнгөрөөд удаагүй байгаа болохоор оръё гэж хүчилсэнгүй. Өнөөдөр хамт ээлжинд гарч байгаа хүмүүс догдлоод л байсан. /инээв/  

Охин маань эмнэлгийн таних тэмдэг хараад энэ танай ажил тээ гэдэг

- Миний охин одоо 4 настай манай нөхөр оюутан. Нэг дүү маань бас оюутан. Нэг нь сурагч. Ээж минь охиныг минь хардаг.  Ар гэрийн бүх зүйлийг нөхөр, ээж хоёр маань зохицуулдаг. Охиныхоо төрсөн өдөр, хүүхдийн баяраар хамт байж чаддаггүй. Орой охин маань залгаад өнөөдөр ирэх үү гэж байна лээ. Ээж нь ажилтай байна гэсэн чинь маргааш өглөө эрт ирээрэй гээд утасаа салгасан. Эмнэлгийн машин, эмийн сангийн таних тэмдэг хараад энэ танай ажил тээ гэж хэлдэг шүү.

21 цаг 40 минут. Анхны төрөгч 3 минутын зайтай өвдөж байна гэсэн дуудлага хүлээн авлаа

Эмч дуудлага өгсөн айл руу залгаж яг хаагуур явж очих замаа асуулаа. Тэр хүмүүс их их сандарчээ. Замаа тодорхой зааж өгч чадахгүй байгаа тул бид урдаас тосож ав гээд хэсэг хүлээлээ. Удалгүй нэг машин гэрлээрээ дохин нэг ах “Ирээд энэ өөд машин явахгүй. Зүүн талаар нь тойрч явья. Араас нь дагаад яв” гэв. Бид араас нь дагаад явлаа. Нэлээд тойрсон болохоор ч тэр үү. Бид бараг 20 минут өгсүүр өөд өгсөж байж эргэх боломжгүй нарийн гудамжинд тулаад ирчихэв. Цааш явах боломжгүй тул эмч маань цүнхээ аваад гүйсээр айл руу оров. Анхны төрөгч 20 настай маш хүчтэй өвдөлтэй байлаа.

 - Хоёр хуруу нээгдсэн байна. Өвдөлт энэ хэвээрээ үргэжилвэл хэдий харьяаа эмнэлэг нь биш ч гэсэн “Эх нялс” ойрхон тул “Эх нялс”-руу авч явах талаараа жижүүр эмчтэйгээ утсаар мэдэгдсэн ч бид харьяа эмнэлгийн зүг хөдлөв. Түргэн тусламжийн машин гэрээс нэлээд зайтай тул хөл хүнд эмэгтэйг машин руу аваачихын тулд дамрууга дээр авч явсан юм.  

Анхны төрөлт, аав ээж нь анхны зээгээ хүлээн авах гэж байгаа тул гэрийнхэн нь ихэд сандарч,  Учраа олохгүй тэд эмч болон машиныг хэдэн хэдэн удаа тойрон гүйчихэв.

                  

                 

                  

 

22 цаг 30 минут / Эмнэлэг рүү хөдлөв /

Төрөх хүн тээвэрлэж яваа үед дуут дохио дуугарагдагүй

Төрөх дөхсөн эмэгтэй ёолж, эмч маань гарыг атгаж тайван, битгий хүчил гээд л зөвлөгөө өгч байлаа.

Сэтгүүлч миний бие ч төрөх гэж өвдөж байгаа хүнийг анх удаа харсан болохоороо тэр үү мөн л сандарч жолооч ахаа дуут дохиогоо асаагаад хурдхан явья гэлээ. Харин О.Баатар жолооч “Төрөх эмэгтэй хүн тээвэрлэж яваа үед дуут дохио ажлуулж болохгүй. Ураг, эх хоёр цочирддог юм” хэмээн учир ойлгохгүй надад тайлбарлалаа.

Эмнэлэг орох замдаа эмч төрөгчийг аль болох тайван, хамраараа амьсгаагаа ав, хэтэрхий битгий хүчилж дүлээрэй эмнэлэг ортолоо жаахан тэсээрэй гээд өвдөлтийг нь аль болох мартуулах гэж байна уу гэмээр янз бүрийн зүйл асуусаар “Амаржих өргөө” нэгдүгээр төрөх эмнэлэгт ирсэн юм.

                  

23 цаг 05 минут

Жижүүр эмч хуваарлалтай сайн хийсэнээр бид шуурхай ажиллаж чаддаг

Нэг хүндхэн дуудлагын ард гарлаа

- “Бидэнд мэдэхгүй зүйл гарна. Тэр үед жижүүр эмч рүүгээ залгаж асуух зааварчилгаа авдаг. Өнөөдөр жижүүр эмчээр н.Батсүх эмч гарч байгаа. Их туршлагатай эмч шүү. Нэг шөнөдөө 400-500 дуудлага хүлээн аваад түргэн тусламжинд яваа бидэн лүү хуваарлаж, одоо тийшээ яв, ингэ тэг гээд л сайн хуваарлалт хийдэг. Манай хамт олон ч үнэхээр бахармаар хүмүүс. За тэгээд эмч, жолооч хоёр нэг сэтгэлээр нэгдэж чадвал авсан дуудлага дээрээ аль болох хурдан очиж, үйлчилгээ үзүүлж чадна. Ер нь цаг минут секунтэй уралдаг шүү гэлээ.

                  

 

23 цаг 10 минут / дараагийн дуудлага хорооллын эцэс /

Энэхүү дуудлага сэтгүүлч миний хувьд сүүлийн дуудлага болж байгаа ч түргэн тусламжийн ээлжийн Эмч С.Сарнай, жолооч О.Баатар хоёрын дараагийн дуудлага байлаа.

Энэ хоёр маань өглөөний 8 цаг 30 минут хүртэл дуудлагаа хүлээн авч, ард иргэдэдээ эмнэлгийн тусламж үзүүлэхээр хотынхоо төв, гудамж, хороогоор хэд л бол хэдэн удаа тойрч, өвдөж, шанлаж буй хэн бүхэнд хоёргүй сэтгэлээр туслана. Тэд бол жинхэнэ эрүүл энхийн төлөө яваа дуут машины эзэд юм.

Хүн бүхний ажил өглөөний 8 цаг 30 минутанд эхлэж оройн 18:00 цагт дуусдаг бол эдгээр дуут машины эздийн хувьд оройн 18 цагт ажил нь эхлэж хэзээ ажлаасаа буух цаг нь тодорхойгүй... 

Яасан ч их дуу гаргаж, яасан ч их яардаг машин бэ гэж та бүү бодоорой.  Дуут дохио нь хангинах тусам дуудлагын жолооч эмч хоёр өргөсөн тангарагаа биелүүлэхээр яваа нь тэр...

                   

                  

 

Сурвалжлагын багт:

Түргэн тусламж 103 дуудлагын эмч: С.Сарнай

Түргэн тусламж 103 жолооч О.Баатар

Сэтгүүлч: Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sarnai baliar hyyhen
Sarnai awgai ail ger yimyylj ailiin.nohortei yawaldaj nohoroo araar ni tawidag baliar zawaan banzal awgai aab eej bhgyi ongortson gd ichihchgyi yarij yawdag mongonii shulam boltson biee ynelegch awgai
2018/02/19 124.158.90.7
ner tur
Ta nariigaa hundelj hairalj yavdag shuu amjilt
2015/12/26 103.17.108.42
mgl
urgelj bainga zam tavij ugdug, uguh ch yostoi!!!
2015/12/26 103.17.108.42
zochin.
Bid nariin xamgiin sain tusalj chadah zuil zam tabij uguh.
2015/12/25 103.17.108.42
Me
Hunii ami nas avarch yavaag ni bodoj zam tavij ugch bgaarai jolooch naraa.
2015/12/25 103.17.108.42
Ta buhend amjilt husey
2015/12/25 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment