Улсын мөрдөн байцаах газар ойрын өдрүүдэд олон хүний хөлд дарагдаж, Жи тайм гэх сүлжээгээр луйвардуулсан гэх олон мянган иргэдийн өргөдөлд овоорох нь. Өчигдрөөс буюу хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өргөдөл хүлээн авч эхэлсэн бөгөөд эгч дүү, хамаатан садан, найз нөхөд гэхчлэн хэлхэлдэн ирцгээж байна.
Тэднийг өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, төсөл хөтөлбөрт элсэх үеийн гэрээ, гэрчилгээний хуулбар, цахим хэлбэрт өөрийн байршлыг харуулсан бүртгэлийн хуудас, хөтөлбөрт элссэн үеийн мөнгөний баримт, урамшууллын холбоотой баримтууд бүрдүүлж өгөх учиртай. Хохирсон гэх хүмүүс ярилцлага өгөхөөс татгалзах нь дийлэнх нь. Өөрөө хохирсон мэт дүр эсгэн зарим зүйлсийг тодруулж авсан юм. Цалин, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр элссэн гэх. Эсвэл ар гэрийнхнээсээ нуугаад мөнгө хийсэн гэх ч хүмүүс байна. Цагдаагийн ерөнхий газрынхан сэрэмжлүүлсэн мэдээлэл өгсөөр байтал хэдхэн хоногийн өмнө 2,3 сая төгрөг бариад элчихсэн нөхдүүд олон байна. Бид хохирлоо төлүүлж чадах болов уу гэхчлэн яриа өдөж үзэв. Жи таймын гол эздийг саатуулсан, дансанд нь зургаан тэрбум төгрөг байгаа гэсэн, гадаадын хөрөнгө оруулалттай байсан болохоор мөнгөө авчихна гэсэн амгалан улс ч тэд байх юм. Алдсан хүн арван тамтай гэдэг. Дайрч давшилсан хэрүүл маргаангүй, хүлээцтэй хандаж, өргөдлөө өгцгөөж байсан. Хохирогчдын тоо цаг минутаар хэмжигдэж хэллээ. Жи тайм гэх сүлжээнд одоогоор 15000 хүн элссэн гэсэн мэдээлэл байна. Аргагүй биз дээ. Цахим ертөнцөөр боодол боодол 20 мянгатын дэвсгэрийн нарны цацраг хэлбэрт оруулан барьсан инээсэн ханиасан улсууд зургаа нийтлээд байхаар хэний ч шунал хөдлөх нь мэдээж хэрэг. Одоо илэрсэн нь Жи тайм цаашид өөр нэр устай сүлжээний луйвар хэчнээн илрэх юм билээ, бүү мэд...