8o
Улаанбаатар хот
mobile menu

20 Монгол эрийн амийг авч одсон "МИ-8" нисдэг тэрэг

2015-12-25 08:32:00

Манай улсад сүүлийн 15 жилийн дотор хэд хэдэн нисдэг тэрэг осолдож нэлээд иргэд алтан амиа харамсалтайгаар алдсан байх юм. Сонирхолтой нь томоохон нисдэг тэрэгний ослуудын ихэнх нь МИ-8 байна. Хэн нэгний буруутай шийдвэрээс, бусдад туслаж яваад, ажил үүргээ биелүүлж явсан зоригт Монгол эрс харамсалтайгаар амиа алдсаар байна. Сүүлд гэхэд энэ сарын 23-ны орой гэхэд Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Уг ослын улмаас нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн бэртэж улмаар Цэргийн төв госпиталд яаралтай хагалгаанд орсон байна. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна. Ослын улмаас амиа алдсан ахмад М.Батбаяр нь цэргийн албанд 17 жил ажилласан, 37 настай байсан аж. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг, цагдаагийн албан хаагчид хамтран ажиллаж байна. Осол шөнийн дадлага сургуулилтын үеэр гарчээ. Шөнийн дадлага сургуулилтыг сард-2-3 удаа хийдэг байна. МИ-8 нисдэг тэрэгний улмаас гарч байсан харамсалтай ослуудыг эргэн сануулья.

Малчдад тусламж үзүүлэх гэж яваад эргэж ирсэнгүй

Зудын гамшгийн хор уршгийг арилгахад НҮБ-ын албан ёсны үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож яваад 2001 оны нэгдүгээр сарын 14-нд Увс аймгийн Малчин суманд болсон МИ-8 нисдэг тэрэг осолдсон. Багийнхан  2001 оны нэгдүгээр сарын 12-ний өдөр буюу баасан гаригийн өглөө МИАТ компанийн JU1025 дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрсөн. Багийнхан нэгдүгээр сарын 14-ний өглөө Улаангомоос хөөрч Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн түвшнээс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэдэг газар малчин Зандангийн өвөлжөөнд буухыг оролджээ. Гэвч үзэгдэх орчин муу байснаас үүдэн нисгэгч буухаар товлосон газраасаа 60-аад метр хазайсан аж. Үүний улмаас нисдэг газардалт амжилтгүй болж МИ-8 нисдэг тэрэг осолдсон гэдэг. Уг харамсалтай ослын улмаас УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг,  Б.Баярмаа  НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн ажилтан, Ц.Батзориг “Гамма” агентлагийн гэрэл зурагчин, Д.Отгон  Нисэх тэрэгний техникч, Сабине Метцнер Страк Герман Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ зохицуулалтын газрын ахлагч, Жерард Ле Клэйр Их Британи Улсын иргэн, НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын газрын нэгжийн гишүүн,Матью Гирвин АНУ-ын иргэн,  НҮБ-ын Хүүхдийн сангийн Хөтөлбөрийн ажилтан, Такахиро Като-Япон Улсын иргэн, NHK ТВ-ийн сэтгүүлч, Минору Масаки- Япон Улсын иргэн, NHK ТВ-ийн зураглаач нар амь үрэгдсэн.

 

Өргөсөн тангарагтаа эцсийн амьсгалаа хураатал үнэнчээр зүтгэсэн онцгой албаныхан

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хонин нугад гарч байсан ой хээрийн түймрийг унтраахаар 2007 оны 6 сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын 15 шүхэрчин гал сөнөөгч, онгоцны экипажийн 4, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлжээ.Харамсалтай нь тэд эргэж ирээгүй юм. Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унаж сүйрчээ. Ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан" аж.Тухайн үед цаг агаарын мэдээгээр бороо орно гэж мэдээлж байсан, түймрийг байгаль өөрөө унтраах боломжтой байсан ч удирдах ажилтнуудын буруу шийдвэрийн улмаас замд гарч, ширүүн бороо, өтгөн манан дунд орсон нисдэг тэрэг эцэстээ ийнхүү сүйрсэн билээ.Ослын улмаас 15 эрэлхэг эрсийн амь үрэгдсэн юм.

Уг хэргээс үүдэж  ОБЕГ-ын сайд С.Отгонбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ осол болсноос долоо хоногийн дараа өгсөн ч хэлэлцэгдэхгүй байсаар есдүгээр сард албан ажлаа өгсөн байдаг. Түүнчлэн ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар П.Даш, ОБЕГ-ын дэд дарга, тэргүүн комиссар Т.Ганболд, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга, комиссар Л.Алтангэрэл нар үүрэгт ажлаасаа  чөлөөлөгдсөн билээ.

 

УИХ-ын экс гишүүн МИ-8-аар Үнэг хөөжээ

Ц.Батаа нь Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа тухайн үед улсын мэдэлд хоёрхон ширхэг байсан МИ-8 нисдэг тэргийг унагаж дуулиан тарьсан билээ. Ослын улмаас гишүүн асан Ц.Батаа, Шарын голын уурхайн дарга, онгоцны үйлчлэгч эмэгтэй нар гэмтэж эмнэлэгт хүргэгдэж байсан. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн эзэмшлийн Ми-8 нисдэг тэрэг Төв аймгийн Борнуур сумын Өнжингийн гол гэдэг газарт осолдсон байна. Осолдсон МИ-8 нисдэг тэргийг “Алтан бонд” ХХК-ийн захирал Б.Энхбаяр хөлсөлсөн ч хамт явсан гишүүн Ц.Батаа дур мэдэн маршрутаа өөрчлөхийг шаардан, үнэг буудахын тулд нам дор нисэхийг үүрэгдсэнээр нисдэг тэрэг осолдсон болохыг тухайн үед хууль хяналтын байгууллагаас тогтоосон байдаг. Хэргийн газрын үзлэгээр Ц.Батаа, түүний дүү Ц.Батсайхан нарын эзэмшлийн хоёр ангийн буу, гурван хонгио, гарсныг баримтаар хураан авсан байдаг. МИ-8 нисдэг тэргэнд хоёр хар хайрцаг байдаг бөгөөд эхнийх нь нислэгийн өндөр, хурд, агаарын даралт зэрэг техникийн үзүүлтийг хадгалдаг бол нөгөөд нь экипажийнхны яриа, цаг үеийн байдал бичигддэг аж. Тус Ми-8 нисдэг тэрэгний хоёр хар хайрцаг бүрэн бүтэн байсан бөгөөд техникийг үзүүлэлтийг ОХУ-д тайлуулахаар илгээж, харин бичлэгийг Moнголд уншуулсан юм. Бичлэгийг тайлж уншихад УИХ-ын гишүүн Ц.Батаа дур мэдэн тушаал өгч, түүнийгээ дагахыг нисгэгч нараас шаардаж дураараа авирласан нь илэрч, энэ үедээ согтуу байсныг нь ч тогтоосон байдаг юм.Ослын улмаас Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хошууч генерал О.Бямбажав, 303 дугаар ангийн захирагч хурандаа Д.Очирбат нар  албан тушаалаасаа халагдаж байжээ. Харин гишүүний үгэнд орж онгоцны жолоог хажуу тийш нь залж анд дурласан нисдэг тэрэгний жолооч шүүхээс ял сонссон байдаг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment