8o
Улаанбаатар хот
mobile menu

“Өвдөхөөсөө өмнө үзүүл...” уриатай “Хавдрын эсрэг-2017” аян нээлтээ хийлээ

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-20 08:51:00

-Манай улсад жилд 634 хүн энэ аюулт өвчний улмаас амь насаа алддаг юм байна-

Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний телевиз, ХААН банк хамтран “Өвдөхөөсөө өмнө үзүүл...” уриатай “Хавдрын эсрэг-2017” аяныг эхлүүллээ. Аян өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 18-ны өдөр “Чингис” зочид буудалд нээлтээ хийсэн юм. Нээлтэд Хавдар судлалын үндэсний төв, Солонгосын хорт хавдрын нийгэмлэг болон хавдраар мэргэшсэн эмч мэргэжилтнүүд оролцлоо. Манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтаар тэргүүлэх болсныг нээлтийн үеэр эрдэмтэн, судлаачид дурдсан юм. Мөн энэ үеэр Хавдар судлалын үндэсний төв, Солонгосын хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээг үзэглэв. Уг гэрээ байгуулагдсанаар хоёр улсын эмч нараас бүрдсэн хорт хавдрын судалгааны баг байгуулагдаж, ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой болох ач тустайг талууд онцолсон юм. Манай улсад жилд 634 хүн энэ аюулт өвчний улмаас амь насаа алддаг юм байна. Үүний 80 гаруй хувь нь хожуу үедээ илэрч байгаа нь бидний эмзэглэх сэдэв болж байна хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн онцоллоо. Улмаар хуралд оролцогчид илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж харилцан ярилцсан юм. Ходоодны хеликобактерийн халдвар, архи, тамхины зохисгүй хэрэглээ, удаан хугацааны ходоодны үрэвсэл, давсны хэрэглээ зэрэг олон хүчин зүйлс нь ходооны хорт хавдар бий болох шалтгаан болдог аж. Тиймээс Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлж эмчилдэг болсноор энэ өвчнөөр амь насаа алдах иргэдийн тоо буурна гэж эмч, мэргэжилтнүүд хэлж байв. Гэхдээ иргэдээс өөрсдөө нь их зүйл шалтгаална гэдгийг тэд мөн онцоллоо. Ингэхдээ иргэн бүр жилдээ 1-2 удаа хорт хавдрын оношлогоо хийлгэж, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм байна. Тиймээс “Өвдөхөөсөө өмнө үзүүл” гэх уриагаар ийнхүү аянаа эхлүүлсэн байна.

Ингээд аяны нээлтэд оролцсон эмч, мэргэжилтнүүдийн  зөвлөгөө, мэдээллийг хүргэе.  

Ж.Чинбүрэн: Хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх нь хамгийн чухал

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн: “Манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт ордог. Нэгдүгээрт нь Солонгос улс ордог. Гэтэл нас баралтаараа манай улс нэгдүгээрт, Солонгос улс хоёрдугаар ордог.  Үүнээс харахад манай улсын хувьд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх нь хамгийн чухал байгаа юм. Элэгний хорт хавдрын дараа ходоодны хорт хавдар хоёрдугаарт орж байгаа. Тэгэхээр хорт хавдартай тэмцэх бэлтгэл ажлыг энэ удаагийн аянаараа эхлүүлж байна. Элэгний хорт хавдар нь нийт хорт хавдрын 40 хувь, ходоодны хорт хавдар нийт хорт хавдрын 16 хувийг эзэлж байна. Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлснээр улаан хоолойн хорт хавдрыг давхар илрүүлэх боломжтой. Ингэснээр бид хорт хавдрын 60-аас илүү хувийн хавдрыг эрт илрүүлж, нас баралтын тоог бууруулах боломж бүрдэнэ.

Хан Ван Ян: Энэ аян Монголчуудад маш том үр дүн авч ирнэ

БНСУ-ын Ходоодны хорт хавдрын холбооны тэргүүн Хан Ван Ян: Хамгийн түрүүнд ходоодны хорт хавдраа эрт үедээ илрүүлбэл цаашид амьдрах хугацаа уртасдаг нь  батлагдсан. Монгол, Солонгос гэлтгүй бид нэг тивд амьдарч байгаа Ази хүмүүс. Тиймээс би энэхүү аяныг дэмжиж байна. Энэ аян Монголчуудад маш том үр дүн авч ирнэ. Ингэхийн тулд иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч тогтмол үзлэгт хамрагдах ёстой. Энэ нь та болон таны гэр бүлд эрүүл аж төрөх үндэс болно. Манай улсын Засгийн газар ходоодны хорт хавдрыг дурандаж, эрт илрүүлэх хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөр ч үр дүнгээ өгч байна. Энэ туршлага мэдлэгээ та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна.

 
Я.Содбаатар: 2017 онд ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулахад ихээхэн анхаарч ажиллах болно

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Өнөөдөр болж буй аяны хүрээнд Монгол, Солонгосын хавдрын эмч нарын холбоотой хамтарсан уулзалт зохион байгуулж байна. Монгол Улсын хувьд хорт хавдар хурцаар тавигдаж байна. Тиймээс бид хавдрын өвчлөлийг бууруулах зорилтыг тавьж, ажиллаж байна. МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан,  үүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Эхний ээлжинд элэгний хорт хавдрыг бууруулах чиглэлийн шат, шатны арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бол 2017 онд ходоодны хорт хавдрын өвчлөлийг бууруулахад ихээхэн анхаарч ажиллах болно.  

Т.Дэлгэрмөрөн: Аянд өөрийн бие сэтгэлээрээ нэгдэж байгаадаа баяртай байна

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Хорвоогоос буцаж буй хүмүүс үхлийн талаар мэдэхгүй. Харин үлдэж хоцорсон хүмүүс нь үхэл хагацлыг хамгийн их мэдэрдэг. Бидний амьдралд харамсмаар маш олон зүйл тохиолдсон. Үүний нэгэн жишээ нь би. Би өнөөдөр энэхүү хавдрын эсрэг аянд өөрийн бие сэтгэлээр нэгдэж байгаадаа баяртай байна.

Аяны нээлтэд хүрэлцэн ирсэн хүмүүс ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан юм. Эмч, мэргэжилтгүүдээс гадна хорт хавдраар өвчлөөд эдгэрсэн хүмүүс  ирсэн байсан юм. Тэднийг төлөөлж Д.Долгор эгч ийнхүү сэтгэгдлээ хуваалцаж, хэрхэн өвчнөөсөө салснаа ярилаа. Тэрбээр "Энэ жил бил 68 нас хүрч байна. Ходоодны хорт хавдраар  авахуулаад таван жил болж байна. Энэ өвчний гол шалтгаан нь  буруу хооллолт юм билээ. Миний хавдар одоо бүрэн эдгэрсэн. Хавдраа авахуулснаас хойш эмч нарын хяналтад байж байнга тогтмол үзүүлдэг болсон. Мөн гэр бүл ойр тойронд байгаа хүмүүсээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг зөвлөдөг болсон. Таван жилийн өмнө намайг хавдраа авахуулсны дараа эмч минь надад “Хавдар гэдэг өвчинг толгойноосоо авч хаях хэрэгтэй” гэж хэлсэн юм. Хамгийн гол нь иргэд маань эрт үедээ эмчид хандаж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй” хэмээв.

Хавдар судлалын үндэсний төв, Солонгосын хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг үсэг зурлаа 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SSS
Чинбүрэн эмчид ажлын амжилт хүсье. Олон хүнийг эрүүлжүүлэх буянтай ажилд нь амжилт хүсье
2017/02/20 202.131.227.50
иргэн
үзэх эмч олдохгүй өвдвөл хэцүү шүү эмч нар нь их зантай мэдлэггүй хүмүүс, байдаг дарга нь ажил дээрээ байдаггүй ийм л эмнэлэг байдаг юм даа лабратори цахим 2 нь л сайн ажилладаг юм
2017/02/20 202.179.27.174
иргэн
жил бүр сүртэй эхлэх юм үр дүнгүй ажил хавдар дээр эмч нар хөдөө явсан гээд ....
2017/02/20 202.179.27.174