Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар МҮЭ-ийн холбоо байр сууриа илэрхийлсэн. Энэ тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас дараахь зүйлийг тодруулан ярилцсан юм.
-ОУВС-тай хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрийн нөхцлүүдийг эргэн авч үзэж шийдвэрлүүлэхийг хүссэн мэдэгдэл гаргажээ.
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт мэдэгдэл хүргүүлж байна.
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт нөхцөлүүдээр тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг өнгөрсөн ням гарагийн үдээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонссон. Манай холбоо нарийвчлан судлана. Гэхдээ 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалтууд зөрчигдөх, улмаар хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдон хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрхзүйн нөхцөл бүрдэж болзошгүйг МҮЭ-ийн холбооноос урьдчилан мэдэгдлээ.
-2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалтууд юу тодотгон өгч хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван тал зөвшилцсөн байдаг юм бэ?
-Улсын хэлэлцээрийн Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар 2.4-т ”Бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөж байна”,
2.5-д “Валютын ханшны өсөлтөөс шалтгаалан аж ахуйн нэгж, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ”, 3.2-т “Тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ”,
3.9-д “Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлнэ” гэсэн заалттай.
-Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр дэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамтын маргаан эхлүүлнэ гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан. Хамтын маргаан эхлүүлнэ гэдгээ тайлбарлаж өгнө үү?
-Ер нь ОУВС-тай манай улс анх удаа хамтарч ажиллаж байгаа биш. Харин өргөтгөсөн санхүүжилт нь шинэ хөтөлбөр. Төсвийн сахилга бат, нэгдмэл байдал, төсвийн алдагдлыг бууруулахад чиглэгдсэн үр дүнтэй заалтууд байсан. Өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Цалин нэмэгдээгүй байхад зарим татварыг нэмэх нь зүйд нийцэх үү. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан аж ахуй нэгж, иргэдэд тулгарч буй хүндрэл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ хэмээн гурван талт хэлэлцээрт оруулсан ч зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй нөхцөл үүсч байна. Түүнчлэн тэтгэвэр тэтгэмж, цалинтай холбоотой асуудлыг зөвшилцөлгүй шийдвэрлэсний зэрэгцээ “Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ одоогийн хүрсэн амьжиргааны түвшнийг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт ч мөн зөрчигдөхөөр байгаа тул хамтын маргааныг эхлүүлнэ гэж мэдэгдэж байгаа юм. Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээр дэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хамтын маргаан эхлүүлж болно.
-Улсын хэлэлцээрээ Засгийн газар зөрчлөө. ОУВС, манай улсын ажлын хэсэг хамтраад хөтөлбөр хэрэгжих анхны алхмаа зарлаж нийтэд мэдээлчихлээ. Харамсалтай нь хамтын маргааныг ч авч хэлэлцэхгүй хэмжээнд хүрчихвэл яах вэ?
-МҮЭ холбоо олон нийтийн дуу хоолойг төр засагт илэрхийлэх төлөөллийн байгууллага. Сар шинийн өмнө, амралтын өдөр ОУВС-тай ямар хэлэлцээрт хүрсэн талаар мэдээлэл өгсөн байдаг. Манай байгууллага өнөөдөр албаны ёсны байр сууриа илэрхийлж байна.
Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээрийн дагуу гурав талын нэг нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд хамтын маргаан эхлүүлэх, өрнүүлэх хууль эрхзүйн боломж нь байгаа. Энд олон байгууллага, хувь хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Ажил олгогч эздийн холбоо өөрийн байраа сууриа илэрхийлэх байх гэж бодож байна.
Хамтын маргааныг өнгөрсөн жил эхлүүлээд тодорхой үр дүнд хүрч байсан. Хамтын маргааны эцсийн хэлбэр нь ажил хаялт байдаг. Гэхдээ ажил хаялт хүртлээ явахгүйгээр шийдвэрлэх боломж нь аль аль талдаа бий.
- Засгийн газар, ОУВС-гийн одоогийн тохиролцоогоор бол долоон төрлийн татвар нэмэхээр болж байна. Гурван талт хэлэлцээрийн заалтыг зөрчихгүй байх боломж байгаа учраас МҮЭ-ийн холбоо Засгийн газрыг эргэн харж үзэх санал тавьсан биз дээ?
-ОУВС нь тухайн улс оронтой хэлэлцээр хийгээд баталгаажуулна. Улс оронд тохирсон нөхцлийг нь хэрэгжлүүлдэг боломж тус санд байгаа. Юуны төлөө хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа билээ дээ. Тохирсон нөхцлөө илэрхийлэх бололцоо нь Монгол улсын Засгийн газарт илүү түлхүү байсан. Мэдээж мөнгөө өгч байгаа газар бол нөхцөл шаардлагаа тавина. Энэ шаардлагуудыг хэрэгжүүлэхэд манай ард иргэдэд хохирол гарахгүйгээр хөнгөлсөн нөхцөлтэйгөөр хэлэлцээрийн үр дүнд гарах байсан. Тэгээд ч эцэслэн шийдвэрлэсэн юм шиг мэдээлж байгаа нь хариуцлагагүй алхам. Учир нь ОУВС-гийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх юм байна. Монгол улсын Засгийн газар энэ саналаа УИХ-аар оруулах ёстой. Монгол улсад хэрэгжүүлэх эсэх нь цагаан сарын дараа шийдэгдэнэ. Харамсалтай нь татварыг нэмэхээр болсноо сар шинийн өмнө олон нийтэд мэдээлж үнийг хөөрөгдөх шаардлага байхгүй. Ард иргэдийн амьдрал хүнд байна. Үнийн савлагаа үүсч болзошгүй байна.
-Цалин нэмэхгүй, харин нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь. Та өөрийн санал бодлоо илэрхийлнэ үү?
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудлыг дэмжихгүй. Өнөөдөр цалин орлого нэмэгдээгүй байна. Нийгмийн даатгалын 2018 онд хоёр хувиар нэмнэ гэсэн хугацааны хувь болоогүй юм шиг санагдаж болох юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын сангийн сайд шийддэг асуудал биш. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж байж шийдвэрлэдэг. Миний хувьд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн. Зөвлөл хуралдаагүй байхад Засгийн газар нийгмийн даатгалын асуудлыг хоёр хувиар нэмэхээр боллоо гэж мэдээлж байгаа нь хариуцлагагүй алхам.
-Сүүлийн жилүүдэд МҮЭ-ийн холбооноос хүчтэй тэмцэл хийж жагсаж цуглаан зохион байгуулаагүй санагдана.
-Монгол улсад амьд харилцаа дутагдаж байгааг онцолмоор байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага сүүлийн гурван жилд хүчтэй тэмцэл бага хийсэн. Учир нь улс орны эдийн засаг маш хүнд байна. Ийм үед олныг уриалж тэмцэлд босгоод үр дүн гарахгүй. Тэмцэл рүү ард иргэдээ турхирах нь хариуцлагагүй үйлдэл. Хувь хүн өөрийн төлөө, ямар нэгэн хувийн эрх ашгийн үүднээс олон нийтийг уриалахад амархан байдаг. Өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч нь 450 мянган гишүүнээ гудамжинд гаргачихаад тэднийг яаж тэжээх юм. Нийгмийн түншлэл яриа хэлцлийг ажилдаа чухалчилна гэсэн байр суурийг хоёр жил хатуу баримталлаа. Гэвч Засаг төр үйлдвэрчний эвлэл, олон нийтийн байр суурийг хүлээж авч, үйл ажиллагаа шийдвэртээ тусгахгүй байна. Бид шинэ засгийн газарт маш их хүлээлттэй хандаж байна. Эдийн засаг хүндэрснээс ОУВС-тай хамтарч ажиллахааас өөр аргагүй байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ шахаанд орж ард иргэдээ сөхрүүлж дараа нь эргэж гарах гарцгүй хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байхгүй.