8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто тээврийн үндэсний төвөөс мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

2017-02-23 14:12:00

Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр онлайнаар  орон нутаг дахь Авто тээврийн үндэсний төвийн нэгж, Замын цагдаагийн тасгийн ажилтнуудад сар шинийн баярын үеэр хэрхэн ажиллах чиглэл өглөө.

Сар шинийн баярын өдрүүдэд хөдөө орон нутаг руу зорчих замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнээс болж осол аваар гарах нь ихэсдэг. Мөн орон нутгийг зорих иргэдийн эрэлтээс үүдэн зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэх, нийтийн тээврийн хэрэгсэл хулгайн замаар зорчиж осол аваар гаргах тохиолдол гардаг байна.

Авто тээврийн үндэсний төв болон Замын цагдаагийн албаны зүгээс орон нутгийн авто тээврийн хяналтын улсын байцаагчийн эрхтэй мэргэжилтнүүдэд дараахь үүргийг өгөв.

-Авто тээврийн төвүүд орон нутаг талаасаа замын хяналт шалгалт зохион байгуулж ажиллах

-Авто тээврийн төвүүд Мэргэжлийн хяналтын байгууллага, замын цагдаагийн албатай хамтран ажиллах ажиллах

-Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар байнга мэдээлэл солилцож ажлын уялдаатай, нэгдсэн мэдээ мэдээлэлтэй байх

-Хууль бус тээвэрт онцгой анхаарч тэмцэх, хууль бус тээвэр эрхэлдэг жолооч, тээврийн хэрэгсэлийн судалгаа гаргаж, хууль бус тээврийн хор уршгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлэл түгээх

-Осол саатал гарсан үед авто тээврийн улсын байцаагч газар дээр нь очиж тээвэр ашиглалтын дүгнэлт гаргаж ажиллах зэрэг чиглэлийг өглөө.

Өмнөх жилийн сар шинийн баярын үеэр мотоциклийн ослоос үүдэн хоёр хүн амь насаа алдсан тул баярын үеэр мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлах үүрэг өгөв. Мөн Цагаан сарын үеэр болдог  морин уралдааны хамгаалалтад хэт анхаарснаас бусад газарт анхаарал сулардаг талтайг анхааруулан ажиллах хүчээ зөв хуваарилахыг санууллаа.

Энэ үеэр Замын цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Сар шинийн баярын өдрүүдэд  Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн замд түгжрал үүсдэг. Мөн хөдөө орон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотойгоор осол аваар нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс ард иргэд сар шинийн бэлтгэл, золголт шинэлгээ хийхээр замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” гэв.

Он гарсаар осол аваарын тоо 39 хувиар өсч, 30 хүн зам тээврийн ослоор амиа алдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл