Баярын уур амьсгал орж, эхнээсээ тэмдэглээд эхэлсэн энэ өдрүүд худалдааны төвүүд үйлчлүүлэгчидийнхээ хөлд дарагдаад байна. Хэдийгээр улиран өнгөрч буй 2015 оныг "хямралтай" хэмээн тодотгож байгаа ч иргэд уламжлал болгон тэмдэглэж ирсэн баяраа урьдын адил тэмдэглэхээр зэхсээр байна. Аав ээж, ахан дүүс, анд найз нөхдөөрөө хүрээлүүлэн тэмдэглэдэг баяраа тэмдэглэхийн тулд таны баярын ширээ хэдэн төгрөгөөр босох вэ? Бид иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг худалдааны төвүүдээр явж, өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн талаар сонирхлоо.
“Бөмбөгөр” ХҮТ-ийн үйлчлүүлэгч н.Дэгжид 200 мянганд багтдаг юм энэ жил үүнээс давах гээд л байна шүү
- Хэдхэн хоногийн дараа гарах гэж байгаа шинэ жилийн баярынхаа юмыг бэлтгэж явна уу?
- Харин тиймээ. 31-ний өдрийн баярынхаа юмыг бэлдээд явж байна. Бас 11 ач зээ нартаа бэлэг бэлдэж байна.
- Үнийн хувьд хэр байна вэ?
- Өнгөрсөн жилээ бодвол 200-300 төгрөгөөр нэмэгдсэн юм биш үү. Гайгүй чанартай юм авья гэхээр үнэтэй байна. Боломжийн үнэтэйгээс нь авах гэхээр сэтгэлд хүрэхгүй нэг тиймэрхүү л явж байна даа.
- Ер нь шинэ жилийн баяраа хэдэн төгрөгөнд багтаан тэмдэглэдэг вэ?
- Тэтгэврийн хэдэн төгрөгөө аваад л 200-аад мянган төгрөгөнд багтдаг байсан. Харин одоо бол давах гээд л байна шүү.
“Бөмбөгөр” ХҮТ-ийн үйлчлүүлэгч н.Сарангэрэл 300-400 мянган төгрөгөнд шинэ жилээ хийх байх
Шинэ жилийн баяраа хэр өргөн тэмдэглэдэг вэ?
- Нилээн өргөн тэмдэглэнэ шүү. Шинэ он солигдох үед хэдий өргөн дэлгэр сайхан тэмдэглэж, хүүхэд багачууд баярлуулна төдий чинээ ирэх жилдээ азтай хиймортой байдаг гэдэг биз дээ. Тийм болохоор ер нь чадахаараа л тэмдэглэхийг бодож байна.
- Энэ жилийн хувьд хэдэн төгрөгөнд багтаан тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?
- За 300-400 мянган төгрөгөнд л багтах юм шиг байна. Өмнөх жилийг бодвол юмны үнэ жаахан буурсан юм шиг санагдаж байна. Боломжийн үнэтэй байна.
- Сонголтын хувьд хэр байна?
- Сонголт сайтай байна. Хүмүүс ч бага байна. Өнгөрсөн жилийн өдийд хүмүүс аймар их байсан. Тэгээд нэг дороос юмаа аваад л хурдхан гардаг байсан. Гэтэл өнөөдөр их сэлүүхэн, авья гэсэн зүйлээ бараг бүгдийг нь авчихлаа.
- Хүмүүс бага байгаа нь хямралтай холбоотой гэж та бодож байна уу. Танд хямрал хэр нөлөөлж байна?
-Тийм байж магадгүй. Гэхдээ манайхан чинь хямралтай хямралтай гэсэн мөртлөө баяр алгасахгүй тэмдэглэдэг шүү дээ. Манайд бол нийх хямраад байгаа зүйл байхгүй байна. Өмнө жил ямар байсан яг л тийм байна.
- Баярын ширээндээ яг юу юуг голчлон тавьдаг вэ?
- Мэдээж бяруу, шампанск, жимс жимсгэн, чихэр, бууз, салат, зууш гэх мэт зүйлээр л ширээгээ засдаг.
- Хэдэн хүүхдэд өгөх бэлэг бэлдэв. Хэдэн төгрөгөнд багтаав?
- Арваад хүүхдэд бэлдсэн. Нэг бэлэг нь 8000 төгрөгийн үнэтэй.
“Бөмбөгөр” ХҮТ Иргэн: н.Батсүх Эхнэрийн тооцоогоор бол яг л таарч байна.
- Баярынхаа зүйлийг бэлдэж байна уу?
- Манай эхнэр төрчихсөн гэртэй байгаа болохоор энэ жилийн баярын зүйлсээ би өөрөө бэлдээд явж байна. Эхнэрийнхээ бичиж өгсөн зүйлсийг л авч байна. Торт, чихэр, алим жимс, хиам, огурцы, ногоо, гурил, гээд л бэлдээд явж байна.
-Өмнөх жилээс энэ жилийн юмны үнэ хэр байна?
- Мэдэхгүй ээ. Өмнө ер нь ингэж юм бэлдэж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай эхнэрийн тооцоогоор бол яг л таарч байна. Тэгэхээр өссөн зүйлгүй байгаа бололтой.
- Хүүхдийн бэлэг бэлдсэн үү?
- Бэлдсэн. Хүүхдийн бэлэг л жаахан санаад таарахгүй юм байна. Боогоод бэлдчихсэн бэлэгүүд зөндөө байгаа ч үнэтэй хирнээ дотор нь байгаа зүйл нь чанаргүй зүйлүүд их хийсэн харагдаж байна. Тийм болохоор нэг нэгээр нь аваад боож өгөхөөр шийдлээ.
“Бөмбөгөр” ХҮТ Худалдагч: Эрдэнэцэцэг Орос алим өссөн, бусад нь хямдхан байгаа
- Иргэдийн худалдан авалт хэр байна
- Өдийд худалдан авалт ер нь их сайн байдаг. Энэ жил муу байна. Хөл тавих зайгүй байдаг одоо бол ингээд л сууж байна.
- Жимс жимсгэний үнэ хэдтэй байна?
- Нилээн хямд байгаа. Бууруулаад зарж байна. Орос алим л өссөн. Бусдынх нь үнэ нэмэгдсэн зүйлгүй.
“Бөмбөгөр” ХҮТ Худалдагч: Баярмаа бялуу хамгийн хямд нь 7500 төгрөг байна.
- Хаана үйлдвэрлэгдсэн бялуу вэ? хэдэн төгрөгний үнэтэй байна вэ?
- “Мон кекс”-ийн бялуу нь 7500-23500 төгрөгийн үнэтэй байна.
- Худалдан авалт хэр байна.
- Худалдан авалт муу байна. Гэхдээ хүмүүс баярын урд өдрөө ихэвчлэн бялуугаа авдаг.
Баянзүрх Худалдаа үйлчилгээний төв орж иргэдийнг худалдан авалт хэр байгаа талаар сонирхлоо
“Баянзүрх” ХҮТ иргэн Мичидмаа Айлын хүүхдүүдэд бэлгийн оронд 2000 төгрөг өгнө
- Сүүлийн үед хямрал хүн бүрт л нөлөөлж байна гэж байна. Танай гэр бүлд нөлөөлж байна уу?
- Нөлөөлж байнаа. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг болохоор хаанаа ч хүрэлцэхгүй юм. Дээрээс нь бэлэн мөнгөтэй хүн гэж ерөөсөө алга. Зээлээс зээлийн хооронд байх шиг байна.
- Удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?
- Гэрийнхэндээ хүүхдүүддээ сайхан хоол хийж өгөөд л айлын хүүхдүүдэд бэлгийн оронд 1000-2000 төгрөг өгдөг юм билүү гэж бодож байна.
- Та шинэ жилийн орой ширээгээ засахад хэдэн төгрөг төсөвлөж байна вэ?
- 30-40 мянган төгрөг байхад болох байх гэж бодож байна. Бид тийм сүртэй ширээ засахгүй ээ. Нөхөр хүүхдэдээ сайхан хоол хийж өгөөд л нэг оргилуун дарс аваад буудуулаад л болчихдог юм. Манайд угаасаа торт идэх дуртай хүн байхгүй.
“Баянзүрх” ХҮТ иргэн Болороо: Ширээ засахад 200 мянган төгрөг болдог
- Шинэ жилийн баяр болоход цөөхөн хоног үлдлээ. Танай гэр бүл шинэ жилд нийт хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
- Ер нь дунджаар 200 гаруй мянган төгрөгөөр шинэ жилийн ширээгээ засдаг байсан. Манайх гурван ам бүлтэй. Баярын ширээн дээр заавал байдаг шампанск, торт, салат гээд тооцвол овоо хэдэн төгрөг орох байх аа. Салатны хамгийн хямд материал төмс кг нь 900 төгрөг болсон байх жишээтэй. Шинэ жилийн баяр дөхөхөөр хүнсний барааны үнэ улам л өсөх байх гэж бодож байна. Тэгэхээр бараг 200-аад мянган төгрөг болох байх.
- Шинэ жилээр зөвхөн ширээ засахаас гадна, ажил сургуулийн шинэ жилд орох тасалбарын мөнгө, өмсөж зүүх гээд л маш их мөнгө хэрэг болдог шүү дээ. Энэ бүгд нийлээд танай гэр бүлээс нийт хэдэн төгрөг гарахаар байна вэ?
- Бүгд нийлбэл мэдээж их гарна шүү дээ. Манай ажлын шинэ жил 150 мянга гэсэн. Харин охин маань 80 мянган төгрөг нэхэж байна лээ. Одоо ингэж байгаа юм чинь дөхөөд ирэхээр бүр л их мөнгө хэрэг болох байх
Д.Дорждэрэм