Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2017 онд “Оюутан цэрэг” сургалтад 1000 оюутныг хамруулахаар болсон байна. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсын 18 нас хүрсэн оюутан тус сургалтад хамрагдах боломжтой.
Бүртгэл явагдаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх аж.
Бүрдүүлэх материал:
- Сургалтын голч дүн (2.8-аас дээш)
- Иргэний үнэмлэх
- Оюутны үнэмлэх
- Эрүүл мэндийн дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх)
- Сургуулийн тодорхойлолт (сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт)
- Сургалтын дүнгийн хүснэгт
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл
Бүртгэл хийгдэж буй газрууд:
- Баянгол дүүрэг Хүүхэд хөгжлийн төв
- Баянзүрх дүүрэг ЗДТГ-ын хурлын танхим
- Сонгинохайрхан дүүрэг ЗДТГ-ын байранд
- Сүхбаатар дүүрэг ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний байранд
- Хан-Уул дүүрэг Соёлын ордонд
- Чингэлтэй дүүрэг ЗДТГ-ын байранд
“Оюутан цэрэг” сургалт 2 үе шаттай явагддаг. Нэгдүгээрт, цэргийн ерөнхий бэлтгэл онолын буюу танхимын сургалтаар явагдана. Хоёрдугаарт, цэргийн мэргэжлийн бэлтгэл явагдах аж.
Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт Улаанбаатар хот, Дорнод, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дархан-Уул, Орхон аймгуудад зохион байгуулагдана.
Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын хувьд
- Нийслэлд байрлах их, дээд сургуулийн 700 оюутныг ҮБХИС-ийн сургалтын төвд,
- Дархан-Уул, Орхон аймгийн их, дээд сургуулийн 100 оюутныг Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар анги,
- Дорнод аймгийн 30 оюутан, Говьсүмбэр аймгийн Политехник колежийн 20 оюутныг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар анги,
- Баруун 5 аймгийн 150 оюутныг Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг тус тус түшиглэн зохион байгуулагдана.